Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн УАШТ Монгол бөхийн өргөөнд эхэлсэн. Энэ жилийн УАШТ нь Монгол Улсын гавьяат тамирчин, “Москва-1980” олимпын хүрэл, “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит болон болж байгаа юм. Лос Анжелесын олимпийн циклийн эхний улсын аваргад 22 байгууллагын эрэгтэй, эмэгтэй нийт 265 тамирчин 10 жинд өрсөлдөж байна.
Ч.ОТГОНТУЯА ТҮРҮҮЛЭВ

Эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Ч.Отгонтуяа түрүүлж, Ц.Намуунцэцэг мөнгөн медаль хүртлээ. Эдгээр бөхчүүд хэсгийн шатнаа учраа таарахад Ч.Отгонтуяа 9:8 харьцаатайгаар ялсан юм. Ч.Отгонтуяа финалд хий зайгүй нягт барилдсанаар өрсөлдөгчөө цэвэр давж түрүүллээ.
Хүрэл медалийг Бямбасүрэнгийн Халиун гардав. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд “Дархан Хасу Fohow” клубийн бөх Г.Цовоог хүч, техникийн илт давуугаар буулгаж авсан.
С.ЦЭРЭНЧИМЭД, П.ОРХОН НАРЫН УЧРАА

Насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдрийн гол анхаарал “Алдар”-ын хоёр гавьяатын барилдаанд төвлөрч байлаа. Өнгөрсөн жил тэд Буянт-Ухааг шуугилж, эцсийн хоромд шийдэгдсэн барилдааны ялагчаар П.Орхон тодорсон.
Тэгвэл өнөө жил С.Цэрэнчимэд гавьяатын тонгорох мэх дархан байлаа. Хоёр гавьяатын барилдаан ганцхан онооны зөрүүтэй шийдэгдэж, С.Цэрэнчимэд УАШТ-д долоо дахь түрүүгээ дархлав.
“Баянгол Аваргууд” академийн тамирчин Эрдэнэбилэгийн Саруул өрсөлдөгч бөхөө 30 секундэд буулгаж авснаар хүрэл медаль зүүлээ.
Б.МӨНХ-ЭРДЭНЭ ДАРААЛАН ТҮРҮҮЛЭВ

Эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд “Төгс” дэвжээний бөх Б.Мөнх-Эрдэнэ түрүүлж, аваргаа хамгааллаа. Мөнгөн медалийг С.Жигүүр хүртэв. “Алдар” спорт хорооны бөх М.Даваабанди энэ жингийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хоёр жил дараалан хүрэл медаль зүүлээ. Харин энэ жингийн нөгөө хүрэл медалийг “Баянгол Аваргууд” академийн тамирчин Л.Мөнх-Од гардсан юм.
Э.ДАВААНАСАН УАШТ-Д ДӨРӨВ ДЭХ УДААГАА ТҮРҮҮЛЭВ

ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Э.Даваанасан эмэгтэйчүүдийн 76 кг-д итгэл төгс түрүүллээ. Тэрбээр бүх барилдаандаа цэвэр ялахдаа нэг ч оноо алдаагүй юм.
Энэ нь түүний УАШТ-ий дөрөв дэх түрүү болжээ.
Хилийн цэргийн 0303-р ангийн тамирчин Г.Уртнасан мөнгөн медаль хүртсэн. Ингэснээр тэрбээр УАШТ-ий хоёр мөнгө, хоёр хүрэл медальтай болж байна.
Залуу тамирчин О.Цэлмүүн насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа авлаа.
61 КГ-ЫН ЖИНД Т.ТҮВШИНТУЛГА ТҮРҮҮЛЛЭЭ

Эрэгтэйчүүдийн 61 кг-д Т.Түвшинтулга түрүүлж, З.Занабазар үзүүрлэлээ. Харин “Цаст тайга” клубийн тамирчин Н.Ганбаяр, “Аврагч” спорт хорооны бөх Э.Энхболд нар хоёул өрсөлдөгчөө цэвэр ялж хүрэл медалийн эздээр тодорлоо.
Ц.ЦОГБАДРАХЫН ДӨРӨВ ДЭХ АЛТ

Насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-д дэлхийн аваргын отгон медальт Ц.Цогбадрах итгэл төгс түрүүллээ. Тэрбээр шигшээ барилдаанд “Аваргууд” академийн Д.Төрбаярыг цэвэр дарсан аж.
Ц.Цогбадрахын хувьд УАШТ-д дөрөв дэх удаагаа түрүүлсэн нь энэ.
Залуу тамирчин Б.Зэнээмэдэр, Б.Гантулга нар насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа авсан байна.
ГАВЬЯАТ ТАМИРЧИН Т.ТУЛГА ДЭЭД ЖИНДЭЭ ТОРОЛГҮЙ ТҮРҮҮЛЛЭЭ

ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын V байрын шагналт гавьяат тамирчин Т.Тулга жин өгсөж 70 кг-д барилдаад итгэл төгс түрүүллээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд Б.Өсөхбаярыг оноогоор цэвэр ялсан.
Б.Өсөхбаярын хувьд өмнө нь УАШТ-ээс хоёр хүрэл медаль аваад байсан бол энэ удаа мөнгө дээр буув. Т.Өглөөжаргал УАШТ-ий хоёр дахь хүрэл медалиа хүртсэн бол А.Анх-Эрдэнэ насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа өөрийн болгосон юм.
Зочин 2025-01-21 139.5.217.24
Ахмад бөхчүүд нь залуучууддаа ур чадвар, туршлага суулгаж өгдөг, дотоодын тэмцээнийг олон зохиох хэрэгтэй. Сумо, үндэсний бөх шиг олон тэмцээнтэй байх юм бол залуучууд хурдан өснө, өрсөлдөөн ихсэж, бэлтгэл ур чадвар, туршлага нэмэгдэх байх.. Дотоодын тэмцээнд гадагшаа ОУ-ын тэмцээнд явах хэмжээний зардал гарахгүй л болов уу. Эндээс амжилт гаргасан залуучуудаа ОУ-ын тэмцээнүүдэд явуулахад илүү амжилттай байх болов уу? Дотоодын тэмцээнийг зохиох янз бүрийн иэвээн тэтгэгч олох боломжтой шүү.
Зочин 2025-01-21 139.5.216.210
Энэ Тулга, Орхон мэтийн нөхөд цаашид ямар ч найдваргүй гэдгээ олимпоор хангалттай харуулсан даа, зодог тайлж залууст боломж олгомоор юм, дараагийн олимп гэхэд нас нь ч явчихана, харьж яваа улсын сайжирдаг ч гэж юу байх вэ дээ
Нэргүй 2025-01-21 122.201.23.83
холбоод яагаад 1- р сард улсын аврагаа шалгаруулдаг вэ гэхээр. Улсын төсөвээс мөнгө өвах гээд л. сангийн яамны үүд сахина хахуулиа өгнө гээл бүтэн жилийн ажил болно