Томуу, томуу төст өвчлөл болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд хийж буй ажил, тус эмнэлгийн үйл ажиллагааны талаар ХӨСҮТ-ийн тандалт эрхэлсэн дэд захирал Ж.Байгальмаатай ярилцлаа.
-Одоогийн байдлаар улсын хэмжээнд томуугийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Томуугийн тархалтыг, улирал хоорондын буюу ямар ч өвчлөл байхгүй, идэвхжилтэй буюу шар түвшин, алаг цоог буюу улбар шар түвшин, аймаг болон улсын хэмжээний дэгдэлт, улсын хэмжээний дэгдэлт буюу улаан түвшин гэж тав ангилдаг. 2025 оны хоёрдугаар долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд улбар шар түвшинд шилжсэн байна. Томуугийн дэгдэлт арванхоёрдугаар сарын эхээс эхлэн нэгдүгээр сарын эхэн үе хүртэл улаан түвшинд байсан. ЕБ-ын сургууль амарч хөдөлгөөн сийрэгжсэнтэй холбоотой томуугийн дэгдэлт буурсан гэж хэлж болно.
Нэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт сургуулийн үйл ажиллагаа эхлэхээр томуугийн дэгдэлт нэмэгдэж болзошгүй.
Тиймээс Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, ХӨСҮТ хамтран төлөвлөлтийг хийж байгаа. Мөн 0-5 хүртэлх насны хүүхдүүд өвчлөл нэлээд хүнд байдаг. Эдгээр хүүхдүүдийн өвчлөлд ямар хариу арга хэмжээ авах зэрэг төлөвлөгөөг боловсруулж байгаа.
-Улсын хэмжээнд орны ачаалал, хүрэлцээ ямар байгаа бол?
-Амьсгалын замын цочмог халдвар буюу хатгалгаа болон амьсгалын доод замын өвчлөлийн шалтгаант дэгдэлт буурсан учир эмнэлгийн орны ачаалал мөн буурсан. Улсын хэмжээнд томуугийн шалтгаант өвчлөлд зориулж 21 эмнэлэгт, 2000 гаруй ор дэлгэсэн байсан. Үүний 50 гаруй хувь нь дүүргэлттэй байгаа. Орны ачаалал нэмэгдсэн зүйл байхгүй.
"ЭМИЙГ ХАМГИЙН БАГАДАА 6 ЦАГИЙН ЗАЙТАЙ ӨГӨХ ЁСТОЙ"
-Томуугийн өвчлөлийн эдгэрэлтэд дан ганц эмч, эмнэлгийн байгууллага анхаарахаас гадна эцэг, эх асран хамгаалагчийн үүрэг оролцоо чухал байдаг. Эцэг эхчүүдийн эрүүл мэндийн боловсрол арчилгаа, сувилгаа хэр зэрэг байна вэ?
-Эцэг,эхчүүдийн хувьд эрүүл мэндийн боловсролоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Томуу хүндэрч байгаа эсэхийг хатгалгаа болж байна уу. Хатгалгаа болж байвал хүүхдэд ямар шинж тэмдэг илрэх зэрэг анхан шатны шинж тэмдгийг мэддэг байх хэрэгтэй байгаа юм. Тухайлбал, амьсгал олширч байгааг тоолж сурах хэрэгтэй. Хүүхдийн амьсгал олшрох нь сар болон насаараа өөр өөр байдаг. Тухайлбал, хүүхдийн амьсгалыг тоолохын тулд хүүхэд уйлаагүй тайван байх ёстой. Амьсгалыг тоолохдоо хэвлий болон цээжний хэсгийг ил гаргаж байгаад амьсгалыг нэг минутын турш тоолно.
0-2 сартай хүүхдүүдийн амьсгалын тоо 60 буюу түүнээс дээш, 2 сараас 1 настай хүүхэд 50 буюу түүнээс дээш, 1 насны хүүхдүүд 40 буюу түүнээс дээш амьсгалж байх юм бол амьсгал олширсон гэсэн үг.
Түүнчлэн хүүхдэд цээж хонхолзох шинж тэмдэг нь хэвлий түмбийхэд өрцний хэсгээр цааш хонхойхыг хэлдэг. Амьсгал олшрох, цээж хонхолзох шинж хоёр хавсарвал яаралтай эмчид хандах нь зүйтэй. Хүүхэд магадгүй уушгины хатгалгаатай байж болно. Мөн эцэг, эхчүүдийн гаргадаг алдаа нь халууны эмийг ойр ойрхон өгдөг. Манай хүүхдийн халуун буухгүй байхаар нэг, хоёр цагийн зайтай халуун бууруулах эм өгсөн гэдэг.
Халууны эмийг хамгийн багадаа зургаан цагийн зайтай цаашлаад найман цагийн зайтай өгөх ёстой.
Эмийн хэрэглээ хэтэрвэл хүүхэд хордлогод ордог. Хэрвээ эм өгөөд зургаан цагийн дотор халуун буурахгүй байвал механик аргаар бууруулах шаардлагатай байдаг. Энэ нь зөвхөн томуугийн үед ч биш бусад халдварт өвчлөлүүдийн үед анхан шатны тусламж үзүүлж сурах хэрэгтэй байгаа юм.
-Томуугийн эсрэг дархлаажуулалтад өнгөрсөн намар хүүхдүүдийг хамруулсан. Хэчнээн хүүхэд дархлаажуулалтад хамрагдав. Мөн дархлаажуулалтад хамрагдсан хүүхэд болон хамрагдаагүй хүүхдийн өвчлөлийн ялгаа ямар байна вэ?
-Монгол Улсын хувьд жил бүр томуугийн улирлыг угтаж хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулдаг. Энэ жил БНСУ-аас 300 мянган хүн тун вакцин татан авч хүүхдүүдийг хамруулсан. Сүүлийн жилүүдэд томуугийн дархлаажуулалтад хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэж байна. Хүүхэд томуугийн дархлаажуулалтад хамрагдсанаар томуугаас 76 хувь хамгаалагдаж байна гэсэн судалгаа бий. Энэ жил томуугийн дархлаажуулалтад 144 мянга орчим хүүхэд хамрагдсан.
-Энэ жил томуугийн хэчнээн төрлийн вирус илэрч байгаа вэ?
-Томуугийн AH1N1 вирус 30 гаруй хувьтай, синцитиаль вирус 67 хувьтай, Covid, риновирус, метапневмовирус, аденовирусын халдварууд үлдсэн хувийг эзэлж байна.
-Антибиотикийг хэд хоног хэрэглэх ёстой байдаг вэ? Зарим эцэг, эхчүүд ханиадны шинж тэмдэг арилахаар өгөхөө больчихдог.
-Антибиотекийн хэрэглээний тал дээр иргэд мэдлэг, ойлголтоо дээшлүүлэх шаардлагатай. Антибиотекийн тэсвэржилт гэдэг бол бидний нүдэнд харагдахгүй ч маш аюултай зүйл. Монгол Улсын хэмжээнд нянгийн тэсвэржилтийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх төсөл ХӨСҮТ дээр хэрэгжиж байна. Энэ хүрээнд 2024 онд нян судлалын лабораторит нянгийн тэсвэржилтийг тодорхойлох нэг тэрбум төгрөгийн орчин үеийн аппарат суурилуулсан. Мөн энэ чиглэлээр 21 эмч, мэргэжилтнийг БНСУ-д сургасан.
Антибиотикийн буруу хэрэглээнээс үүдэж нянгийн тэсвэржилт үүсдэг. Үүнээс сэргийлэх хамгийн эхний алхам нь аливаа өвчлөлд эмчийн бичиж өгсөн эмийг эмчийн заавраар л ууна.
Илүү ч үгүй дутуу ч үгүй. Зарим хүмүүс таны хэлснээр өвчний шинж тэмдэг арилмагц больчихдог. Эсвэл эсрэгээрээ хэтрүүлж уугаад байдаг. Энэ бол нянгийн тэсвэржилт үүсэх эхний шалтгаан. Мөн цагаар бичиж өгдөг нь шалтгаантай. Зургаа эсвэл найман цагаар гэсэн бол яг л энэ зарчмаар л уух ёстой.
-Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд манай хүүхэд эмнэлэгт долоо, арав хоног эмчлүүллээ бүрэн эдгэрсэнгүй. Дахин ханиад хүрчихлээ гэх болсон. Энэ ямар шалтгаантай вэ?
-Эмнэлэгт амьсгалын доод зам гэмтсэн буюу уушгины хатгалгаа, бронхит болсон хүүхдүүдийг л хэвтүүлж эмчилдэг. Эдгээр хүүхдийг өвчний шинж тэмдгээс хамаараад 7-10 хэвтүүлэн эмчлээд гаргадаг. Энэ хугацаанд уушгины хатгалгааг бүрэн эмчлэх боломжгүй.
Уушгины хатгалгаа бүрэн шимэгдэж дуусах хугацаа 45 хоног байдаг. Тиймээс эмнэлгээс гараад гэрээр асаргаа, сувилгааг маш сайн хийх хэрэгтэй.
Хүүхдэд томуугийн шинж тэмдэг илэрмэгц хүндрүүлэхгүйн тулд дархлааг сайн дэмжих хэрэгтэй. Манай эцэг,эхчүүд дархлааг дэмж гэхээр хүйтэрсэн үед хүүхдийнхээ дархлаанд анхаараад байдаг. Угтаа бол жилийн дөрвөн улиралд ялангуяа зун, намрын турш дархлааг дэмжих ёстой. Өөрөөр хэлбэл, гол усанд тоглуулж, агаар салхинд гаргах гэх мэт. Ингэж байж өвлийн улиралд ханиад, томуу бага тусна. Өвдсөн ч хүндрэхгүй байх боломжтой.
-Энэ онд менингоккийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн гэж ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Халдвар дахин нэмэгдсэн үү, мөн менингоккийн вакцин тасарсан гэсэн мэдээлэл байсан энэ тал дээр мэдээлэл өгөөч?
– Энэ сарын эхээр менингоккийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдсэн. Хүүхдүүд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч биеийн байдал сайжирсан. Нэг хүүхэд нь эмнэлгээс гарсан нэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээ аваад эмнэлэгт хэвтэж байгаа. Менингоккийн өвчлөл агаар дуслын замаар дамждаг. 2025, 2026 онд тус өвчин дэгдэж болзошгүй гэсэн таамаглал бий. Тиймээс ХӨСҮТ холбогдох урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч оношлуур болон вакцины нөөц зэрэг бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Мөн эмч, мэргэжилтнүүдийн менингоккийн мэдлэгийг дээшлүүлэх сургалт орсон.
Менингоккийн вакциныг цөөн тоогоор гаднаас авдаг. Сүүлийн жилүүдэд ханган нийлүүлэгч байхгүй гэх шалтгаанаар вакцин тасраад байсан. Гэхдээ ДЭМБ-т менингоккийн вакцин ханган нийлүүлэхэд туслалцаа үзүүлэх хүсэлт тавьсан. Тиймээс ойрын хугацаанд тус өвчний эсрэг вакциныг татан авна.
"ГЕПАТИТИЙН ХАЛДВАРААР 20-40 НАСНЫХАН ТҮЛХҮҮ ӨВЧИЛЖ БАЙНА"
-ХӨСҮТ дээр эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийж байгаа юу? Өөр ямар халдварын өвчлөл байна вэ?
-Монгол Улсын хэмжээнд хоёр жил орчим хугацаанд эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ хийлээ. Үүний дагуу ХӨСҮТ дээр тусгай амбулатори нээгээд эрт илрүүлэг, шинжилгээ хийсэн. Эрүүл мэндийн яамнаас эрт илрүүлэг II үзлэг, шинжилгээг эхлүүлэх гээд бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Мөн ХӨСҮТ дээр дэмжих төв байгуулж байгаа. Энэ төвд зөвхөн халдварт өвчтэй иргэн биш бүх л хүмүүс үйлчлүүлэх боломжтой болно. Эрт илрүүлгээр гепатит B, C вирус, ДОХ, тэмбүү, сүрьеэгийн халдварууд түлхүү илэрсэн. Сүрьеэгийн халдвар цөөн илэрсэн бол ДОХ-ын хоёр тохиолдол илэрлээ. Мөн гепатит B,C вирусийн 20 мянга гаруй сэжигтэй тохиолдыг илрүүлж дараагийн шатлалын батлах шинжилгээнд хамруулж эмчилгээг хийж байна.
-Гепатит B, C вирусийн тохиолдол их илэрсэн гэлээ. Энэ нь юунаас болж байна вэ?
-Гепатитийн халдвараар 20-40 насныхан түлхүү өвчилж байна. Уг өвчлөл цусаар дамждаг. Арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсанаас үүсдэг. Тухайлбал, бүх төрлийн мэс засал, шүдний эмчилгээ, гоо сайхны ажилбарууд, шивээс хийлгэх зэргээс халдвар дамжиж байгаа. B вирусийн халдвар бэлгийн замаар халдварладаг. Тиймээс аль болох гоо сайхны мэс ажилбараас татгалзахыг зөвлөж байна.
Холбоотой мэдээ