Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг болон эрдэмтэн Ц.Жамбалсүрэн, Л.Хайсандай нар өнөөдөр /2025.01.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ц.Зориг "Одоогоос 25 жилийн өмнө буюу 2009 онд Ю.Цэдэнбалын нэрэмжит академийг байгуулсан юм. Энэ хугацаанд манай академи амжилттай ажиллаж, олон зүйлийг хийсэн. Академийг байгуулсан шалтгаан бол миний аав Ю.Цэдэнбалын нэр төрийг сэргээх, хийсэн ажлыг нь залуу үеийнхэнд ойлгуулах явдал байлаа.
Цэдэнбалын үед Монгол Улсыг хэрхэн удирдаж байсан, тэр үед нийгэм, улс төрийн нөхцөл байдал ямар байсан тухай ярьж, залуу үеийнхэнд ойлгуулах нь академийн гол зорилго юм. Энэ 25 жилийн хугацаанд бид олон уулзалтууд зохион байгуулж, олон ажил хийсэн.
Олон сайхан дурсамжууд, тухайн үеийн бүтээн байгуулалтын тухай номуудыг хэвлэж гаргасан. Академи гэдэг нэртэй байдгийнхаа хувьд бид бүх үйл явдлаа шинжлэх ухааны үндэслэлтэй, шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж үзүүлэхийг хүссэн. Тиймээс олон сайхан нэр алдартай эрдэмтэд манай академид гишүүнээр байдаг. Тэдний төлөөлөл болж өнөөдөр Л.Хайсандаа Ц.Жамбалсүрэн нарын хоёр академич эрдэмтдээ бид өнөөдрийн хуралд оролцуулж байна.
25 жилийн дараа миний аавын маань нэр хүнд сэргэж, Монгол Улсын төлөө чин сэтгэлээ зориулан ажилласан хүн гэдгийг ойлгож мэдэрсэн гэдгийг би сэтгэл хангалуун, баяртайгаар дурсаж байна.
Бидний хийсэн ажил бол зөвхөн хууль зүйн талаас биш, түүхийг сэргээх талаас ч маш чухал. Бидний үйл ажиллагааг дэмжиж, оролцсон олон хүмүүсийн сэтгэл санааны дэмжлэгтэйгээр энэ бүхнийг хийж чадсан. Тиймээс энэ академийн тэргүүний хувьд бидний ажлыг дэмжиж, хамтарч ажилласан, сэтгэл санаагаараа биднийг дэмжсэн олон зуун мянган монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байна.
Энэ бол зөвхөн нэг хүний түүх биш, Монгол Улсын түүх гэдгээрээ олон хүн мэдэрч, ойлгож, одоо авч үзэх нь чухал түүхэн ач холбогдолтой үйл явдал гэж би үнэлж байна. Өнөөдөр, 25 жилийн ойн энэ өдрийг тохиолдуулан, Академи анх байгуулагдсан зорилго, зорилтоо амжилттай биелүүлсэн гэж би үнэлж байна.
Сүүлийн 2 жилийн хугацаанд, жаахан таагүй мэдээлэл надад ирсэн. Манай академийн зарим гишүүдийн зүй бус үйл ажиллагаа гарсан байна. Тухайлбал, зарим гишүүд академийн нэрийн дор хандив цуглуулж, түүнийг хаана зарцуулсан нь тодорхойгүй тохиолдол гарсан. Энэ хандивыг академийн үйл ажиллагааг санхүүжүүлэх нэрээр цуглуулсан байдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ мөнгийг би хаана ч хараагүй, надад ирээгүй байна. Тиймээс, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-нд академийг үүсгэн байгуулсан хүмүүс болон миний аавын төрөл төрөгсөд цуглаад, хуралдаж, Ю. Цэдэнбал академийг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан. Зорилгодоо хүрсэн гэж дүгнэсэн. Нөгөө талаас бид академийн нэрийг бариад хууль бус залилангийн үйл ажиллагаа явуулж, хуурамч мэдээлэл түгээж байгаа хүмүүсийн үйлдлийг таслан зогсоох шаардлагатай гэж үзсэн.
Энэ шийдвэрийг та бүхэнд танилцуулж байна гэлээ. Мөн академийг түр хугацаагаар татан буулгаж байгаа ч хийх ажлууд зогсоогүй гэв. Тухайлбал, Ю.Цэдэнбалын тухай музей байгуулах ажлыг бид тодорхой хэмжээнд эхлүүлээд явж байна. Увс аймгийн Улаангом хотод аавын минь музей бий. Аав маань Монголын ард түмний төлөө, Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө ажиллаж байсан учраас Улаанбаатар хотод бас нэг музей байгуулах нь зүйтэй гэж бид үзэж багаа. Боломжтой бол энэ музей аавын маань Монгол Улсыг удирдаж, ажиллаж байсан тэр байшинд байрладаг байх нь их зүйтэй гэж бодож байна. Энэ талаар бид Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт захидал хүргүүлсэн. Үзмэрүүдийн тухайд аавын хувийн эд зүйлсийг түлхүү оруулна. Гэхдээ аавын хэрэглэж байсан эд зүйлсийн зарим нь 1990-ээд оны үед хууль бусаар хураагдсан. Хувь хүний эд хөрөнгийг хураахад шүүхийн шийдвэр гарах ёстой ч ямар ч шийдвэр гараагүй. Тийм учраас бусаар хураасан эд хөрөнгө нь хууль ёсны өв залгамжлагчид руу шилжих ёстой гэж би үзэж байна гэлээ.
3,569.17















































