Утаанд 30 гаруй тэрбум төсөвлөдөг ч 11 мянган хүн угаартжээ

Утаанд 30 гаруй тэрбум төсөвлөдөг ч 11 мянган хүн угаартжээ

Утаанд 30 гаруй тэрбум төсөвлөдөг ч 11 мянган хүн угаартжээ

Улаанбаатар хотын агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрээд олон жилийг үдэж буй. Арга хайн хийж байгаа уулзалт хэлэлцүүлгээ ч албаныхан утааг бууруулах ажлын нэг хэсэгтээ оруулж тооцдог болсон нь нууц биш. Тиймээс иргэд агаарын бохирдолд зарцуулсан өнгөрсөн хугацааны төсөв, утааг бууруулахаар хийсэн ажил, агаарын бохирдлоос шалтгаалсан өвчлөл, эрсдэл нийгэмд үүссэн эсэх зэрэг нэгдсэн судалгаа, тоон баримтын талаар сонсохоор нээлттэй хэлэлцүүлэг хийх санаачлага гаргасан. Улмаар нийтийн өргөдөл, гомдлын систем petition.parliament.mn-д "Утааны сонсгол хийцгээе, төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж сайжруулцгаая" сэдэвт өргөдлийг үүсгэж, нийт 70 мянга гаруй иргэн гарын үсгээ бүрдүүлж өгсний дагуу ирэх хоёрдугаар сард сонсгол товлогдоод буй. Ерөнхий хяналтын сонсголд чиглэсэн гурван дэд хэлэлцүүлгийн хоёр дахь хэсэг маргааш /2025.01.22/ болно. Тэгвэл өнөөдрийг хүртэлх хугацаанд бид утаанаас болж ямар хохирлуудыг амсаад байгаа талаар нэгтгэн хүргэе.

1.5 ИХ НАЯД ТӨГРӨГ ЗАРЦУУЛСАН Ч БУРУУТАН НЬ САЛХИ!

Агаарын бохирдолтойгоо тэмцээд даруй 17 жилийн нүүрийг үзэж байгаа Монгол Улс их наядаар хэмжигдэх төсвийг ажил хэрэг болгохоор зарцуулсан. Гэвч өнөөдөр Улаанбаатарын утааг салхинаас өөр дарж чадах хүчин зүйл харамсалтай нь байхгүй байна. Тодруулбал, 2008-2016 оны хооронд улсын төсөв болон гадаадын хөрөнгө оруулалтаар 540 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн утаанд хаяглсан.

2008-2016 онд л гэхэд улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Мөн тус онуудад олон улсын байгууллагуудаас 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосныг тухайн үед аудитын шалгалтаар тогтоосон байдаг. Үүнээс хойш буюу 2017-2020 онд агаарын бохирдолд 456.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. Мөн онд утааны эсрэг төсөл хэрэгжүүлэхээр Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк, БНХАУ-аас 168.9 тэрбум төгрөгийн зээл авсан нь одоо ч цахим хуудаст хадгалагджээ. Харин сүүлийн дөрвөн жил тус бүр 30-аас дээш тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан бөгөөд мөн л утаа багассан ул мөр огт үлдээгүй.

Агаарын чанар Улаанбаатараас гадна аймгуудад ч хүндрэлтэй нөхцөлд шилжиж арга буюу чанарыг нь хэмжиж, ахин ухаалаг систем нэвтрүүлэх хэлбэртээ хүрч байгааг албаныхан мэдээлсэн.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Э.БАТТУЛГА:

-Монгол Улсын хэмжээнд агаарын чанарын хяналт шинжилгээг одоогийн байдлаар Орхон аймагт хоёр, Улаанбаатарт 19 цэгт зургаан үзүүлэлтээр автоматаар тасралтгүйгээр хэмжиж байгаа бол аймгийн төвүүдэд нэг стандарт, арга зүйгээр механикаар хэмжиж байгаа. Орон нутагт зөвхөн хүхэрлэг хий, азотын давхар ислин хэмжилтийг дөрвөн цаг тутамд хийж байгаа. 2025 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас олон улсын буцалтгүй тусламжаар 21 аймгийн төвд орчин үеийн автомат харуул шинээ суурилуулах ажлыг эхлүүлж байгаа. Ингэснээр үндэсний хэмжээнд агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хэмжих, хянах, үнэлэх, техникийн боломж бүрдэнэ. Нийслэлийн иргэдийн мэдэх эрхийг хангах, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэмжилтийн цаг тутмын мэдээллийг мэдээлэхээс гадна, 48 цаг тутамд загварчлалын аргаар тооцоолж agaar.mn сайтын цахим хуудаст байрлуулж байгаа. Түүнчлэн БОУАӨ-ийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар техникийн шаардлага, стандарт болон агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэлт болоод технологийн шилжилт хийхээр төлөвлөж байгаа.

Хууль эрх зүйн шинэчлэл:

  • Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах тухай хууль,
  • Агаарын чанарын, дотоод орчны агаарын чанарын, сайжруулсан хатуу түлшний болон бусад стандарт,
  • Яндангүй бүс, бүсэд мөрдөх журам.

Технологийн шилжилт:

  • 21 аймгийн төвд орчин үеийн агаарын чанарын автомат харуул,
  • Алсын зайн угаарын хий мэдрэгч,
  • Бага нүүрс төрөгч бүхий ногоон эх үүсвэрүүд,
  • "Евро 5" стандартын шатахууны импорт хэрэглээ.

Санхүүжилтийн эх үүсвэр:

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9,
  • Гадаад эх үүсвэрүүд багтана гэв.

ТӨСӨВ БОЛООД ЛАБОРАТОРИ БАЙХГҮЙГЭЭС ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛД ХҮРСЭН

Монгол Улсын Үндсэн хуульд иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан. Гэвч энэ эрх хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэн цагаас эхлэн зөрчигдөж байгааг судлаачид нотолжээ. Судлаач Г.Жаргалсайхан, Д.Даваалхам нарын судалгаанаас эх сурвалж болгон авсан доорх графикт түүхий нүүрсний хэрэглээнээс дөнгөж гарах үед нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ багасч, эрүүл мэндийн өвчлөлүүд буурсан.

Түүнээс хойш хэрэглээнээс хамаарч угаарын хий, агаарын бохирдол нэмэгдэж өвчлөл ч өссөн байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас өвчлөл, нас баралтын учир шалтгаанд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйл нь агаарын бохирдол мөн гэдгийг баталсан.

Харин сайжруулсан шахмал түлшний чанар стандартаас хамаарч өвчлөл ихэссэн эсэхэд нарийн тайлбар өгөх боломжгүй гэсэн юм. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт хийсэн ерөнхий хяналтын сонсголын урьтал болсон эхний хэлэлцүүлгээр салбар яамыхан танилцуулсан.

Агаарын бохирдол зөвхөн амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөлөөс гадна нярайн өсөлт, эндэгдэлд ч нөлөөлж байна.

Тухайлбал, Утааны сонсголын ажлын хэсгийн дарга  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хэлэхдээ "Нийгмийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтын асуудлыг зайлшгүй хөндөх шаардлагатай. Судлаачид нотолгоогоор эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгааг танилцуулж байна. Бид нотолгоог сонсч байна. Судлаачид олон олон тойм судалгаануудыг хэлж байна. Хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа олон хүчин зүйлээс хамгийн өндөр үзүүлэлтийг агаарын бохирдол эзэлж байна. Тэр дундаа дөнгөж төрж байгаа урагт нөлөөлж байна гэж байна шүү дээ.

Дотоод орчны агаарын бохирдлыг багасгахад ургийн жин 80 граммаар нэмэгдэж байна гэж байна. Энэ бол нотолгоо. Тиймээс бид богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулж чадаагүй юм чинь бодит ямар гаргалаа байгааг хэлэлцэх хэрэгтэй. Монгол Улсад өвчлөлийг судалдаг төв дутагдалтай.

Тэгэхээр стратегийн чухал ач холбогдолтой судалгаануудад төсөв гаргах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн яам бодлогоор үүнийг тусгаж өгөх нь зөв" гэсэн юм.

Өнгөрсөн хугацааны зарцуулсан төсвийг харахад утааг бууруулах дорвитой ажил биш юм аа гэхэд бодит судалгааг хийх бүрэн боломжтой байсан. Гэтэл агаарын бохирдлын чанарыг хувь судлаач, эмч нараас өөрөөр ерөнхий бол дэд сэдвээр задлан судалж, шахмал түлшний чанар, стандартыг он оноор харьцуулсан нэг ч удаагийн цогц судалгаагүй л байгаа юм. Тэгвэл түлш, зуухны стандартад ямар нэг алдаа үнэхээр гарсан эсэх, тэр нь агаарын бохирдолд онцгой нөлөөлж байгаа үгүйг маргааш болох "стандарт хяналт" хэлэлцүүлгээр сонсох нь. Үнэхээр төсөв санхүүжилт багаас болоод өнгөрсөн 2017-2024 онд Монгол Улсад 11 мянга 134 хүн угаартав уу?…

Агаарын бохирдол ба эрүүл мэнд хэлэлцүүлгийн мэдээллийг энд дарж уншина уу. 

News.mn сайтаас бэлтгэсэн утаатай холбоотой зарим мэдээллийг дараах линкүүд дээр дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

21 2025-01-21 66.181.188.64

ARDCHILAL MONGOLIIG 35 N JIL USTGAJ BAINA

Avatar

Нэргүй 2025-01-21 66.181.190.108

11 мянган хүний хэд нь нас барсан бол, хэд нь хүндээр хохирсон бол, энэ бүхний хариуцлагыг хэн нэгэн том даргыг тэнгэрт хальсаны дараагаар араас нь хэрүүлийн үг чулуудаж шийдэх юм уу.

Avatar

Нэргүй 2025-01-21 59.153.114.177

Угаартах гэдэг цэвэр хувь хүнйий өөрийнх нь хариуцлагагүйнх гэж бодож байна.

Avatar

зочин 2025-01-21 66.181.178.199

Ямар ч барцгүй утаанд их хэмжээний мөнгө зарцуулна гэдгийг ёстой ойлгохгүй юм.

Avatar

Хууль гууль болжээ 2025-01-21 202.70.38.18

Татвар төлөгчдийн мөнгөөр улсын төсөв бүрэлддэг. Төсөвийн буруу хуваарилалт хийгээрэй гэж татвар төлөгч нар УИХ, АИХ,СИХ-ын гишүүн төлөөлөгчийг сонгодоггүй. Төлөвлөлт, хийх ажлын явц, хяналт, сайжруулалт муу байна…Хулгайч Луйварчин нарын аалзны тор сүлжээг таслан зогсоох шудрага шүүх засаглал алга. Ил тод хэрэг нь нотлох баримтаар илэрчихээд байхад Авилгал, хээл хахууль нь Индексээ хэт давжээ. Төрд итгэх итгэл аль эрт алга болсон. Ард түмний тэмцэл хийх нь туйлын зөв болжээ!!!!!!!!!!!!

Avatar

зочин 2025-01-21 66.181.182.212

Энэ олон жил болж байхад шатдаг хий,сайжруулсан түлшээ зөв хэрэглэж, зуухаа хэвийн ажиллуулж сурмаар юм, Дэндүү хариуцлагагүй, хайнгаасаа болж өөрсдөө хохирч байна, Үймээн самууны ард харин хэдэн луйварч хулгайчид л байдаг, Хамаг юмыг үймүүлж самууруулж хохироод хаяад л орхидог,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж