Малчдын бүлгийн “Ногоон” үзэсгэлэнд урьж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Малчдын бүлгийн “Ногоон” үзэсгэлэнд урьж байна

“Хустайн” нурууны байгалийн цогцолборт газрын санаачилгаар Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Баянхангай гэсэн гурван сумын 20 гаруй малчдын бүлгийн үзэсгэлэн худалдаа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын үзэсгэлэнгийн танхимд гарч байна. Уг үзэсгэлэнд малчдын бүлэглэлийн хийж, бүтээсэн олон бүтээгдэхүүнийг дэлгэн тавьжээ. Энд үндэсний хувцас, хүүхдийн гутал, эсгийгээр хийсэн төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйл, эсгий ширдгээс гадна экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн ч энд байна. Тухайлбал, Монгол өтгөрүүлсэн сүү, ааруул, тараг, айраг, голланд технологиор үйлдвэрлэсэн бяслаг, төрөл бүрийн хүнсний ногоо, салат, адууны утсан мах зэрэг эрүүл чанартай, экологийн цэвэр хүнсийг үйлдвэрлэгчээс шууд хэрэглэгчдэд боломжийн үнээр хүргэж байгаа юм.

 Малчдын бүлэглэлүүд “Хустайн орчны бүсийг хөгжүүлэх сан”-гаас 0.5 хувийн хүүтэй 1-10 сая төгрөг хүртэлх хэмжээний зээл авч жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байна.  Зээлийн эргэн төлөлт сайн байгаа тухай  зохион байгуулагч ярьж байлаа. Уг сангийн шугамаар 2004 оноос хойш малчдын дунд 100 гаруй удаа сургалт зохион байгуулсан нь амжилттай болж тэд үзэсгэлэнгээ гаргаж байгаа ажээ. Сургалт зөвхөн мал аж ахуйтай холбоотой байсангүй. Мал аж ахуйгаас хараат бусаар амьжиргаагаа дээшлүүлэх боломжийн талаарх сургалтуудыг ч амжилттай зохион байгуулсан байна. Хөдөө орон нутагт байгаль орчинд ээлтэй жижиг дунд үйлдвэрлэл хөгжихөд тус болох зорилгоор малчдад зээл олгож эхэлсэн нь ийнхүү үр өгөөжөө өгчээ. Хустайн байгалийн цогцолборт газар нь байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг бөгөөд тахь сэргээн нутагшуулж байгаа гэдгээр нь хүмүүс сайн мэдэж байгаа байх.

Дээрх үзэсгэлэнгийн нээлтийн үеэр МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл хэлсэн үгэндээ хэд хэдэн зүйлийг онцолсон юм. Тэрбээр, Монгол Улсад экологийн цэвэр хүнс буюу органик бүтээгдэхүүн хэрэгтэй. Монгол Улс уул уурхайн том төслүүд, дэд бүтэц ярьж байна. Гэхдээ хүмүүс алт, зэс иддэггүй, хоол хүнс иддэг. Тийм учраас эрүүл хүнсийг ургуулдаг, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүмүүс их байх тусам энэ нь хөгжил юм. Хустайн нурууны цогцолборт газрыг тойрсон ногоон амьдрал бий болж, ард иргэд нь ногоон бизнес эрхэлж эхэлж байна. Өнөөдөр Монгол улсын Засгийн газар говьд очиж хуралдсаныг санаж байгаа байх. Тэр говьд энэ ногоон амьдрал алга. Хустайн нурууны энэ сайхан газрынхаа өгөөжийг ашиглаж, өөрсдийн хөдөлмөрөөрөө бүтээгдэхүүн тарьж, ургуулж, зах зээлд хүргэж байгаа нь ногоон бизнес юм. Монголд шинэ зүйл хийж байна. Үүнтэй Танхим хамтран ажиллана гэв.

Экологийн цэвэр бүтээгдэхүүнийг зах зээлд олшруулж, бусдын эрүүл мэндэд хэрэгтэй ногоон бизнес эрхэлж байгаа хүмүүст Танхимын удирдлагын зүгээс баяр хүргэлээ. Танхим энэ оныг Бизнесийн орчны шинэтгэлийг Засгийн газартай хамтарч хийхээс гадна Ногоон бизнес-Ногоон эдийн засгийг дэмжих жил болгосон юм. Үзэсгэлэн өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. Эрүүл мэнддээ анхаарч, экологийн цэвэр бүтээгдэхүүн худалдан авч, малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэх хөтөлбөрт оролцохыг хүсвэл МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн танхимыг зориорой.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж