Хотын төв хэсэгт ил задгай хог хаягдал хөглөрч, хүмүүсийн эрүүл, цэвэр орчинд амьдрах эрх зөрчигдөж байгаатай холбоотой Чингэлтэй дүүргээс захирамж гаргажээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн төвийн хороодод 18-21 цагаас бусад цагт хог хаяхыг хориглосон Засаг даргын захирамж гарсан байна. Захирамжид тус дүүргийн төвийн 1-6 дугаар хорооны аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны хороолол зэрэг үүсмэл хог хаягдал үүсдэг байршлуудыг “шөнийн цагийн систем”-д шилжүүлсэнтэй холбогдуулан 18-21 цагаас бусад цагт ил задгай хог хаягдал үүсгүүлэхгүй байх чиглэлээр тогтмол хяналт тавьж, шаардлага хүргүүлэн ажиллана гэдгийг тусгажээ.
Чингэлтэй дүүргийн менежер Н.СУГАР:
-Дүүргийн төвийн зургаан хороо буюу байшин хороолол дунд өдрийн цагаар хог хаяхыг хориглосон захирамж гаргасан. Хэрэв зааснаас бусад цагт хог хаясан тохиолдолд хууль, дүрэм журам зөрчсөн гэж үзэж торгуулийн арга хэмжээ авна. Чингэлтэй дүүрэг 24 цагийн хугацаанд дүүргийн хэмжээнд хог ачилтыг гурван удаа хийдэг. Өглөө, өдөр, шөнийн цагаар хог ачдаг ч хогийн цэгүүд үргэлж хогтой хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн оршин суугчдаас ч санал гомдол ирдэг. Тиймээс 18-21 цагт л хог гаргаж хаяж, бусад цагт хог хаяхгүй байх шийдвэрийг гаргаж байгаа.
Хэрэв гудамж талбайд зааснаас бусад цагт хог хаявал, хогийн цэг дээр хаясан ч торгуулийн арга хэмжээ авна. Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 30 нэгжээр, аж ахуй нэгжийг 300 нэгжээр торгодог зохицуулалттай.
3,569.17















































