Сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлт тулгамдсан асуудал болсон. Монгол Улсад жилд дунджаар 70 мянга орчим төрөлт бүртгэгддэгээс таван хувийг нь өсвөр насны охид эзэлж байна гэх судалгаа бий. Статистикаас харвал төрөлт жил ирэх бүрт буурч байна. Гэвч бидний өсвөр нас гэж нэрлээд буй 10-19 нас хүртэлх насныхан дунд үр хөндөлт нэмэгдэж байгаа нь том аюул. Үүний хамгийн том шалтгаан нь ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр хангалтгүй, эцэг эхчүүдийн анхаарал, халамж дутуу зэргээс болдог. Монгол Улсад 2015 оноос хойш эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөр орхигдсон. Нөгөө талдаа уг хичээлийг заах багш, боловсон хүчний асуудалтай холбоотой. Эрүүл мэндийн боловсрол бол суурь боловсролын маш чухал хэсэг. Орчин үед өсвөр насныханд тулгамдсан олон төрлийн асуудал бий болсон. Тухайлбал, бэлгийн боловсрол хангалтгүйгээс хүсээгүй жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна.
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албаны БЗДХ-ын эмчилгээ, тусламж, үйлчилгээний тасгийн эрхлэгч Б.Жүгдэржав "Бэлгийн замаар дамжих халдвар зөвхөн манай орны тухайд биш дэлхий дахины хэмжээнд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байсаар байна. Монгол Улсын хүн амын дунд бэлгийн замаар дамжих халдварын тархалт өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр байна.
Бэлгийн замын халдварт өвчин бэлгийн идэвхтэй амьдралтай залуучуудын дунд буюу 19-34 насныхан дунд харьцангуй өндөр бүртгэгддэг.
Залуучуудын дунд энэ өвчний талаар мэдлэг, мэдээлэл хомс байна. Түүнчлэн бэлгийн замаар дамжих халдварын тархалт өндөр байгааг мэдэж байгаа хүмүүсийн дунд ч тус халдвар тархах тохиолдол их байдаг. Энэ нь бэлгэвчийн хэрэглээ, дадал гэдэг зүйл залуучууд дутагдаж байгааг харуулж байгаа юм. Халдварын эрсдэлээс айж байгаа тухайн үедээ "за гайгүй байлгүй дээ" гэж бодсоноос ч юм уу алдаа хийх тохиолдол ажиглагддаг. Түүнчлэн гэр бүлтэй хүмүүсийн дунд халдварын тархалт тодорхой хэмжээнд байсаар байна. Энэ нь тохиолдлын бэлгийн хавьтал их байна гэдгийг харуулж байгаа юм. Тиймээс халдвар дамжиж байгаа замыг мэдээд, урьдчилан сэргийлэх шаардлагатай.
Халдварын тархалт өндөр байгаа нэг гол шалтгаан нь бэлгийн замаар дамжих халдварууд шинж тэмдгийн хувьд бүдэг, балархай хэлбэрээр явагддаг. Тийм учраас халдвар авсанаа мэдэхгүй хүндрүүлж, тараагаад явах тохиолдол их байна.
Зарим халдварын хувьд шинж тэмдэг мэдэгдэхгүй хэрнээ цаанаа халдвар авчихсан, тэр нь тодорхой хугацааны дараа хүндэрдэг тохиолдол бий. Нөгөө талаар шинж тэмдэг мэдэгдэж байгаа ч гэсэн эмнэлэг болоод мэргэжлийн эмчид хандахгүй байгаа нь тархалт нэмэгдэх гол шалтгаан болдог. ХӨСҮТ-ийн БЗДХ-ын кабинет 21 аймаг 9 дүүрэгт ажиллаж байгаа. Иргэд эдгээр кабинетуудад ирээд үйлчлүүлэх боломжтой. Энд мэргэжлийн эмч нар ажиллаж байгаа. Эрүүл мэндийнхээ төлөө ичиж, санаа зовох гэсэн ойлголт байх ёсгүй. Эдгээр кабинетуудад зөвхөн халдвар авсан хүмүүс үйлчлүүлдэггүй. Хүнээс хүнд дамждаг халдвар учраас бэлгийн идэвхтэй амьдралтай бүх хүн урьдчилан сэргийлэх үүднээс үйлчлүүлэх ёстой" хэмээн зөвлөлөө.
СУРАГЧИД БЭЛГИЙН БОЛОВСРОЛЫН ТАЛААР МЭДЭЭЛЛИЙГ ИНТЕРНЕТЭЭС АВДАГ
Жилд өсвөр насны 7000-8000 охин жирэмсэлдэг гэсэн судалгаа бий. Үүний 50 хувь нь үр хөндүүлж, үлдсэн нь хүүхдээ төрүүлдэг гэжээ. Энэ бол зөвхөн улсын эмнэлэгт төрсөн болон үр хөндүүлсэн охидын тоо. Үүний цаана хувийн эмнэлэгт төрсөн, үр хөндүүлсэн хэчнээн охин байгааг мэдэхгүй. Судалгаанаас харахад,
- 2022 онд 626
- 2023 оны есдүгээр сарын байдлаар 435 өсвөр насны охин үр хөндүүлжээ.
Түүнчлэн 2022 онд 10-14 насны 22, 15-19 насны 2386 охин төрсөн бол 2023 оны есдүгээр сарын байдлаар 10-14 насны 18, 15-19 насны 1588 охид төрсөн байна. Өсвөр насандаа буюу ид сурч боловсрох насандаа хүүхэд төрүүлснээр ирээдүйд ирэх олон боломжийг алдана. Хэн нэгнээс айх, өөртөө итгэх итгэлгүй болох, цаашлаад хүнтэй гэрлэхэд хүртэл асуудал бий болох, нийгмээс гадуурхагдах гээд олон асуудал тулгардаг.
Өсвөр насандаа жирэмсэлж буй нь хүүхдүүдийн болоод эцэг эхчүүдийн бэлгийн боловсрол хангалтгүй, энэ асуудлаар хүүхэдтэйгээ төдийлөн ярьдаггүйтэй холбоотой. Үүнээс гадна мөн л бидний ярьдаг үл хайхрах хүчирхийллээс үүдэлтэй аж.
Хүүхдүүд бэлгийн боловсролын талаар мэдээллийг ихэвчлэн интернэт болон найз нөхдөөсөө авдаг байна. Угтаа бол энэ бүгдийг хүүхэд суурь боловсролоос олж авах ёстой. Гэвч суурь боловсрол дахь эрүүл мэндийн хичээл нь сургалтын хөтөлбөрийн орхигдсон хэсэг болоод байна.
Зочин 4 цагийн өмнө 202.131.227.179
Эх эцгийн хариуцлага хаа байна, тооцож байх хэрэгтэй,Өрх Хороо юу хийж байна.
Нэргүй 5 цагийн өмнө 202.131.234.123
олон ТББ Эмэгтэй гишүүд байгаа шүү дээ. тэднийг ээ ажиллуул.
Бадарч тахар 5 цагийн өмнө 66.181.186.62
Хэрвээ хичээл болгочихвол хичээлийг нь заах олон хүн байна ш дэ ! цалингүй заагаад өгьё гэсэн ч хүн байна сайд Наарка !
Иргэн 5 цагийн өмнө 103.212.118.149
Мат-с илүү чухал хичээл л баймаар байгаа юм даа.
ЭМЧ 6 цагийн өмнө 202.131.242.74
Эрүүл мэндийн хичээлийг эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд заавал үрдүн сайжирнаа… Энэ талаар "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬ"ийн 6-р бүлэг 28,4,4мөн 8-р бүлэг 43,1,6 д маш тодорхой заалтууд байгаа. Харин 2024 оноос хэрэгжиж эхэлсэн "БОЛОВСРОЛЫН БАГЦ ХУУЛЬ"д энэ талаар ямарч заалт байхгүй ….