Монголын сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирал төгсгөлийн шат руугаа орж байна. Багуудын плей-оффын байрлал ч эхнээсээ тодорч, нэгдүгээр шатны өрсөлдөгчдийн зураглал тодорч эхлэв. Өчигдөр/2025.01.19/ "UG" аренагийн талбайд сонирхолтой тоглолтууд боллоо.
Бишрэлт Металл 99 – 105 Эрдэнэтийн Уурхайчид
Хоёр багийн өмнөх тоглолтод Уурхайчид хожсон. Тус тоглолтын дараа Металл багийнхан муу багт хожигдлоо гэх зүйлсийг ярьжээ. Энэ нь ч Уурхайчидыг улам хурцлах шалтгаан болсон аж. Тоглолтын тухайд хоёр баг эхнээсээ эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн. Ингэхдээ Уурхайчид тоглолтын эхлэлийг сайн тавьж, онооны тэргүүллийг авсан ч хоёр болон гуравдугаар үед Металл хариуг нь барьсан.
Ийнхүү дөрөвдүгээр үед тоглолт улам сонирхолтой болж, секунд бүрээр тэргүүлэл солигдож, эцэст нь Металл гурван оноо илүү гарсан ч Г.Болор-Эрдэнэ төгсгөлд онооны харьцааг тэнцүүлэв.Улмаар нэмэлт цагт Уурхайчид эрчээ алдалгүй, оноогоор илүү гарч, ялалт авчээ.
Уурхайчидын хоёр легионер болох Эшо болон Пондс нар хамтдаа 56 оноо авсан бол Г.Болор-Эрдэнэ 23 оноо, 6 ашигтай дамжуулалт, 4 бөмбөг таслалт гэх үзүүлэлтийг толилуулжээ. Харин Металлаас Б.Сүхбат ойрд үзүүлээгүй сайн тоглолтоо гаргаж, 25 оноо авч багаа тэргүүлсэн ч ялахад хангалттай байсангүй.
SG Apes 79 – 69 BCH Knights
О.Эрдэнэцогтын лигийн "MVP" буюу Тэргүүн тоглогч болох мөрөөдөл замхарч байх шиг байна. Түүнийг "MVP" болоосой гэж сагсан бөмбөг сонирхогчид хүсдэг ч холбогчгүй баг нь гол өрсөлдөгчдөө дийлэхгүй явна. Нэг легионероо бэртэлд алдсан Эйпс багт хоёр дараалан хожигдлоо.
О.Эрдэнэцогт уг нь улирлыг тун сайн эхлүүлж, монгол тамирчдаас +20 оноо дунджилж буй цор ганц тамирчнаар тодроод байв. Харамсалтай нь Найтс баг ахлагчийнхаа мөрөөдлийг баллуурдаж байна. Тэдний улирлын өмнөх амбиц том байсан. Цаасан дээрх нэрсийг нь ч харсан аваргын төлөөх гол фаворит. Гагцхүү дасгалжуулагчийн асуудал, багийн дотоод уур амьсгал, удирдлагуудын тааруу шийдвэр фэнүүдээ гонсойлгож байгаа.
Өчигдөр л гэхэд Эйпс дөрвөн үе тэднийг илүүрхсээр хожив. Найтсын самбарын тэмцэл, хамгаалалт, зоримог довтолгоо үнэхээр дутсан. Зодог тайлахаа зарлачихсан О.Ууганбаяр л туршлага зааж, багаа тоглолтод амьд үлдээж байлаа.
Мөн холбогчийн байрлалд бусад багуудаас илт дутуу байгаа харагдана. Улирлын эхэнд М.Тэлмэнг Бизонд алдсан нь буруу гэлтэй. А.Батхуягийг ч Металл руу явуулсан нь зөв шийдвэр байсангүй. Найтсын хожигдлын гол шалтгаануудын нэг нь холбон тоглогчийн дутмаг байдал.
О.Эрдэнэцогт авах ёстой үедээ "MVP" шагналаа аваагүй. Хоёр ч удаа өөрийн болон өрөөлийн хүнд алдсан гэхэд буруудахгүй. Энэ жил л авах юм байна гэтэл баг нь тааруу явна.
Зочин 5 цагийн өмнө 139.5.218.216
Zavhan Broders яван чангарч бна даа, Саин холбогчтои болчлоо,Хүчирхэг төвтөи бна,Олон шидэгч бна,өөрсдиин хичээл зүтгэл үлдлээ,