Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.
"ТӨРИЙН 12 АЛБАН БИЧГИЙГ ХОС БИЧГЭЭР ХӨТӨЛНӨ"
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, Ардын багш Л.Дашнямтай ярилцлаа.
-Төрийн байгууллага 2025 оноос албан бичгээ үндэсний хос бичгээр хөтөлж эхэлсэн. Хэрэгжилт ямар байна вэ?
-Төрийн байгууллагууд албан бичгээ үндэсний хос бичгээр хөтлөх шийдвэр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Өнөөдөр би хүртэл хос бичгээр албан бичгээ хөтлөөд л сууж байна. Шийдвэр гарахаас өмнө төрийн албан хаагчдын дунд судалгаа хийсэн. Судалгаагаар 40 орчим хувь хэрэглэж чадах түвшинд монгол бичгээ эзэмшсэн гэсэн дүгнэлт гарсан. Төрийн албаны шалгалтад үндэсний бичгийг оруулсан байдаг. Зөвхөн төрийн албан хаагчид гэлтгүй нийтээр нь үзэхэд 1990 онтой харьцуулахад монголчуудын тал орчим хувь нь үндэсний бичгийн боловсролтой болсон.
Ялангуяа залуу хүмүүс илүү мэдлэгтэй байна. Өв соёлоо хадгалж хамгаалж үлдэхдээ ч дуртай байгаа.
Нэг хэсэг өөрөө сурах ч дургүй, өрөөлийг сургах ч дургүй хүмүүс бий. Аливаа шинэ зүйл хэрэгжиж эхлэхэд мэдээж түүнийг шүүмжилдэг хэсэг бүлэг хүмүүс бий болдог. Миний харж байгаагаар тэдгээр хүмүүсийн олонхи нь цахим орчинд бий. Хамгийн гол нь бид ажлаа хийдгээрээ хийгээд явна. Үүнийг шүүмжилж байгаа хүмүүс крилл бичгээ сайжруулахдаа анхаарсан нь дээр болов уу. Удахгүй Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс баталсан программ ашиглалтад орно. Энэ нь кириллээс монгол руу, монголоос кирилл рүү бичдэг, алдааг нь засаад өгчихдөг программ юм. Үүнийг үндэсний бичиг сураагүй хүн ч гэсэн ашиглах боломжтой. Яахав хялбар ашиглаж болох учраас залхуу байдлыг өөхшүүлж магадгүй. Гэхдээ үндэсний бичгээ илүү сайн сурах бололцоог нэмэгдүүлнэ. Энэ бичиг өөрөө бидний бас л нэг соёл болох нь ээ гэж ойлгох хэрэгтэй.
-Төрийн бүх албан бичгийг үндэсний хос бичгээр хөтлөх юм уу. Нарийвчилж зааж өгсөн үү ?
-Бүх албан бичгийг үндэсний хос бичгээр хөтлөхгүй. Үүнд тодорхой стандарт гаргасан байгаа. Тухайлбал, 12 ажлыг үндэсний хос бичгээр хөтлөх юм.
-Үндэсний бичгийг олон янзаар нэрлэдэг. Монголчууд ихэвчлэн "монгол бичиг" гэх нэр томъёо ашигладаг, зөв үү?
-Анх Уйгараас авсан үедээ бид нар уйгаржин монгол бичиг гэж нэрлэлэг байсан. Түүний дараа бид өөрийн болгож, өөрчлөөд дүрмийг нь монгол хэлдээ нийцүүлчихсэн. Тэр цаг үеэс босоо монгол бичиг гэж нэрлэх болсон. Харин орчин үед үүнийг боловсролын түвшинд эзэмшиж байгаа учраас үндэсний бичиг гэж нэрлэсэн. Энэ гурван нэр өөр цаг үедээ өөр, өөр утгатай юм. Ер нь хос бичигтэй улс байхгүй гэж ярих өрөөсгөл. Эртний бичгээ сэргээсэн улс, үндэстэн олон бий. Англи хэл ч гэсэн үг болгоныг бичдэг шигээ ярьдаггүй шүү дээ.
Яаж ярьдгийг нь мэдэхгүй бичсэнээрээ сурчихаад дараа нь хүнтэй ойлголцоод ярьж болдоггүй. Жишээ нь хэл сурч байгаа хүмүүс дунд байж л байсан. Харин дүрмээрээ буюу ингэж биччихээд ингэж ярьдаг юм гэдгийг сурчихсан хүмүүс бол ашиглаж чадна. Харин энийг мэдэхгүй, сурах гэж хичээгээгүй хүмүүс л шүүмжилдэг. Ажлыг хойш нь татаж байгаа хүмүүс өөрсдөө юу ч хийдэггүй хүмүүс байдаг. Өөрөө юу ч боддоггүй. Тэгээд л нэг том дүгнэлт хийдэг. Тэрнээс чадвартай улсууд чадвараа хязгааргүй хөгжүүлж болно.
-Та Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн даргын ажлыг аваад хоёр жил болж байна. Энэ хугацаанд юун дээр илүү анхаарч ажилласан бэ?
-Өнгөрсөн хугацаанд бид бид хэлний хуулиа хэрэгжүүлэх, монголчуудыг хос бичигтэй болгох, үндэсний соёлын уламжлалаа хадгалж хамгаалах тал дээр багагүй ажил хийсэн. Хэлний зөвлөл үндсэндээ есөн гишүүнтэй, жилдээ хоёр удаа хуралдах ёстой байдаг. Гэхдээ бид ажлын нөхцөл шаардлагаас шалтгаалан 4-5 удаа хуралддаг. Хийж байгаа гол ажил гэвэл толь бичиг, нэр томьёоны асуудал хэлний зөвлөл дээр байдаг.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу
"ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРИЙН ТӨСЛИЙГ УЛСТӨРЧ ХҮНД ХАРИУЦУУЛМААР БАЙНА"
УИХ-ын гишүүн Х.Ганхуягтай ярилцлаа.
-УИХ 126 гишүүнтэй болж бүл нэмсэн парламентын анхны намрын чуулган өндөрлөх дөхөж байна. Та энэ удаагийн намрын чуулганы онцлогийг юу гэж дүгнэж байна вэ?
–Анх удаа гишүүдийн тоог нэмэгдүүлж, олон намын төлөөллөөс бүрдсэн энэ удаагийн парламентаар улс орны нийгэм, эдийн засагт чухал хувь нэмэр оруулах олон хуулийн төслийг хэлэлцэн баталсан онцлог намрын чуулганы отгон хуралдаанууд ирэх өдрүүдэд үргэлжлэхээр байна. Төсвийн тухайд тодотгол болон хориг гээд намрын чуулганы турш нийт гурван ч удаа төсвийн төсөл хэлэлцэн баталлаа. Миний хувьд Засгийн газрын 2024-2028 оны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах ажлын хэсгийг ахалж ажиллаж, батлуулсан. Ирэх дөрвөн жилд 14 мега төсөл хэрэгжүүлэхийг зорьж байна. Мөн анх удаа алдагдалгүй төсөв баталсан гэж тодотгож байгаа ч миний хувьд сэтгэл жаахан гонсгор үлдсэн. Учир нь улс орны төсөв алдагдалтай эсвэл алдагдалгүй байх нь хоёрдугаар асуудал. Хамгийн гол нь юу хийхийг зорьж байгаагаас шалтгаалан төсвийн зарцуулалтын үр ашгийг тооцож үзээл батлах нь чухал. Хэрэгжүүлэхийг зорьж байгаа төсөл хөтөлбөр цаг хугацаанаасаа шалтгаалаад төсөв алдагдалтай ч, ашигтай ч, тэнцүү ч байж болно. Миний хувьд хөгжлийн төлөвлөгөөний ажлын хэсэгт орж ажилласан учраас хэдий хэмжээний хөрөнгөөр хэр хэмжээний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорьж байгааг мэдэж байгаа учраас төсвийг алдагдалгүй батлах боломжгүй гэдгийг мэдэж байсан. Хэдийгээр оны өмнө энэ оны төсвийг алдагдалгүй баталсан ч өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзвэл төсөвт дахин тодотгол оруулах нөхцөл байдал үүсч байна. Учир нь Энэтхэгийн засгийн газрын хөнгөлттэй зээлээр барьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэртэй холбоотой асуудлыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцлээ. Гадаадын зээл тусламжийн ашиглах хувь хэмжээг нэмэгдүүлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Тухайлбал, 2025 онд 1.5 их наяд төгрөгөөс илүү хэмжээний гадаад зээл тусламж ашиглаж болохгүй хязгаартай. Энэ хэмжээнээс илүү гарвал энэ оны төсвийн тэнцэл алдагдалтай гарна.
-Нэгэнт гадаадын зээл тусламжийн ашиглах төсвийн хязгаар 1.5 их наяд төгрөг байхаар баталсан бол хязгаартаа гадаадын зээл тусламжийн хэмжээг багтааж барих боломжгүй болсон шалтгаан юу вэ?
-Гадаадын зээл, тусламжаар нийт 80 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжиж байна. Зээлийн ашиглалтын хязгаартаа баригдаад тухайн зээлийн хэрэгжих хугацааг хойшлуулах тусам төслийн хэрэгжих хугацаа, гарах үр өгөөжийн хэмжээ буурч, зардал өсдөг. Тиймээс газрын тос боловсруулах үйлдвэр болоод бусад томоохон төсөл хөтөлбөрүүдээ товлосон хугацаанд нь хэрэгжүүлэхийн тулд алдагдалгүй баталсан төсвөө тодорхой хэмжээнд алдагдалтай болгохоос өөр аргагүйд хүрч байх шиг байна. Цаг хугацаа алдах тусам эргээд алдагдсан боломжийн өртгийг татвар төлөгчдийн мөнгөөр нэмж төлөхөөс өөр аргагүйд хүрнэ. Ашиглалтад ороогүй ч зээлийн хүү, эргэн төлөлтийн хувь хэмжээг төлөхөөс өөр аргагүйд хүрнэ.
-Үнэндээ энэ оны төсвийг Ерөнхийлөгчийн хоригтой нүүр тулж, Засгийн газраас хоёронтоо өргөн барьж сарын өмнө л батлуулсан. Түүхэнд тэмдэглэгдэхүйц жижиг төсөв болсон гэж ам уралдан ярьсан. Гэтэл одоо дахин тодотгож магадгүй нөхцөл байдалд орсон талаар та хэлж байна. Үүнээс дүгнэхэд Монгол Улсын Засгийн газар ганцхан жилийнхээ төсвийг тал талаас нь бодит үнэлэлт, дүгнэлт, эрсдэл, зарцуулалтад тулгуурлан боловсруулж, том зургаар нь төлөвлөх чадамж, чадвартай боловсон хүчний дутагдалд орсон гэж дүгнэж болох юм биш үү. Удаа дараа төсвийн тогтвортой байдалтай холбоотой хууль, дүрэм, журмаа өөрсддөө тааруулж өөрчилж байна шүү дээ?
-Тантай санал нэг байна. Би ч бас байнгын хорооны хурал дээр уг байр сууриа илэрхийллээ. Энэ оны төсвийг хэлэлцэж байх үед гадны зээл тусламжаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа удирдлагууд ирэх оны төсөв санхүүтэй холбоотой саналуудаа төсөв боловсруулах ажлын хэсэгт танилцуулж, тулгарч болох эрсдэл хүндэрлийг хэрхэн давч гарах талаар ярилцаж, хэлэлцэх учиртай. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэрийн захирал төсвийн нэмэлт санхүүжилттэй холбоотой асуудлын талаар хэлж тайлбарлах учиртай. Зээл ашиглалтын хувь хэмжээгээ нэмэгдүүлэхгүй бол Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанд орох эрсдэлтэй байна гэдгийг тайлбарлан, таниулах үүрэгтэй. Томоохон төсөл хөтөлбөр тэр дундаа боловсруулах үйлдвэрийг хариуцаж байгаа хүн улстөрч, улстөрчийн арга барилтай хүн байх нь илүү тохиромжтой санагдсан. Одоо хариуцан ажиллаж байгаа хүн нь мэргэжлээрээ сайн хүн байж болно. Гэхдээ улстөрчийн ур чадвартай байна гэдэг бол төслөө урагшлуулахын тулд бодлого, шийдвэр гаргаж байгаа хүмүүстэй уулзаж лобби хийх шаардлагатай тулгарна. Монгол Улсын УИХ, Засгийн газрын гишүүдтэй уулзахаас гадна Энэтхэгийн Засгийн газартай очиж уулзалт хийх шаардлага тулгарч байна. Улстөрчийн ур чадвартай хүн байсан бол магадгүй ашиглалтад орох цаг хугацаа нь удаа дараа хойшлохгүйгээр нэг өдрийн өмнө ч болов орчих боломж байсан юм шиг мэдрэмж төрж байна.
-Газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай асуудал 2017 оноос эхэлсэн. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд төслийн гүйцэтгэл хангалтгүй байгаа ч төсөвт өртөг нь 30 гаруй хувиар нэмэгдчихлээ. Зээлийн санхүүжилтийн зарцуулалт нэмэгдэж, цаг хугацаа алдсан асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?
-Өнөөдрийг хүртэл уг төсөл анх төлөвлөсөн хугацааны дагуу ашиглалтад ороогүй, өртөг зардал нь өссөн асуудалд хэн хариуцлага хүлээх талаар байнгын хорооны хурал дээр ч мөн яригдсан. Гэсэн хэдий ч уг асуудалд улс төрийн хариуцлага хүлээх хүн алга. Тийм учраас УИХ-аас батлах зээлтэй холбоотой тогтоол дээр энэ асуудлыг Засгийн газрын тэр сайд хариуцаж, ажлын хэсгийг нь ахалж ажиллана. Үүнд, Төсвийн юм уу Эдийн засгийн байнгын хороо хяналт тавьж ажиллана гэсэн зүйл заалт оруулахгүй бол хариуцлагын асуудал салбар дунд орхигдож төсөл хариуцан ажиллаж байгаа Гүйцэтгэх захиралтай хариуцлага тооцно гэдэг бол энэ төсөл урагшлахгүй байх бас нэг шалтгаан болж байна.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу
"УТГА УЧИРГҮЙ УЛСТӨРЖИЛТ УЛС ОРОНД ЯМАР Ч ХЭРЭГГҮЙ"
УИХ-ын гишүүн Б.Батбаатартай ярилцлаа.
–Намрын чуулган ерөнхийдөө өндөрлөх дөхөж байна. Тэгэхээр энэ намрын чуулганы гол онцлогийг та юу гэж харж байна?
-УИХ-ын намрын чуулган өндөрлөх дөхөж байна. Энэ удаагийн намрын чуулганаар хэд хэдэн чухал асуудлыг УИХ-аар хэлэлцэн шийдлээ. Нэгдүгээрт, Монгол Улсын төсвийг хэлэлцэж шийдвэрлэсэн. Монголбанкны оруулж ирдэг мөнгөний бодлогын асуудлыг шийдлээ. Мөн томоохон мега төслүүдийг хэрхэн хөдөлгөх, түүнтэй холбоотойгоор хууль тогтоомжид байгаа сул талуудаа засах ажлуудыг бас хийсэн гэж харж байна.
-Иргэний Зориг Ногоон нам парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж ажиллахаа мэдэгдсэн. Энэ хугацаанд сөрөг хүчнийхээ үүргийг яаж гүйцэтгэсэн гэж харж байна?
-Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаа төсөв батлах явцад бид засах ёстой, өөрчлөх ёстой зүйл дээр анхнаас нь хэлэх ёстой асуудлууд дээр хэлж, дуугарсаар ирсэн. Мөн төсөв батлах болон тодотгох үеэр ч хэлж, дуугарах, шүүмжлэлтэй хандах асуудлууд дэээр хэлж дуугарч, альтернатив хувилбар буюу илүү сайн хувилбарыг бол санал болгосоор ирсэн. Ямар нэг байдлаар улс төрийн нэмэх оноо авах чиглэлээр ажиллаагүй. Хамтарсан Засгийн газар байгуулагдаад хагас жил болж амжаагүй энэ хугацаанд тодорхой хэмжээнд Засгийн газраас явуулж байгаа бүх зүйлийг нь эсэргүүцэх, сөргөлдөх биш бас хугацааны боломж олгож хяналтын болон зэрэгцээ саналуудыг гаргаж өгөх замаар ажилласан. Тэгээд Засгийн газар байгуулагдаад хагас жил ч болоогүй байна. Магадгүй хаврын чуулган эхлэхэд эхний үр дүндээ хүрсэн байх ёстой. Тодорхой шийдлүүд нь гарчихсан хууль тогтоомжид оруулах ёстой өөрчлөлтүүд нь гарчихсан гарааны зурхайгаасаа хөдөлчихсөн, гэрэл гэгээтэй зүйлүүд Монгол Улсад бий болсон байх ёстой.
Гэрийн даалгавар буюу энэ хугацаанд хийх ёстой ажлаа хийж чадаагүй тохиолдолд бид сөрөг хүчний үүргээ улс төрийн ямар боломж, нөхцөл, шаардлагууд байдаг юм тэр хэмжээнд нь хүргэж ажиллах болно.
Иргэний зориг ногоон нам сүүдрийн Засгийн газар байгуулах чиглэлээр ажиллаж байгаа. Манай намын Улс төрийн зөвлөл сүүдрийн Засгийн газрын хэлбэрт шилжиж ажиллана. Намрын чуулган хаагдсанаас хойш Засгийн газрын явуулж байгаа үйл ажиллагаанууд дээр тогтмол зэрэгцээ саналуудыг гаргана. Сөрөг хүчин нэг талдаа болохгүй, буруу алхмыг зогсоохын төлөө ажиллана. Нөгөө талдаа зөв зүйтэй урагшилж байгаа зүйлд нь илүү сайн хувилбарыг санал болгох чиглэлээр ажиллана. Түүнээс биш утга учиргүй улстөржилт улс оронд ямар ч хэрэггүй.
–Олон намын төлөөлөлөөс бүрдсэн 126 гишүүнтэй энэ парламентаар олон жил гацсан төсөл хөтөлбөрүүдээ урагшлуулах эхний гэрээ хэлцлүүд явж эхэллээ. Тухайлбал, Монгол Улс, Франц улстай байгуулж байгаа хөрөнгө оруулалтын гэрээн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Монгол Улс өөрт байгаа давуу боломж, илүү нөөцөө зөв зүйтэй ашиглаж Монголын 3.5 сая ард иргэдийг сайхан амьдруулахын төлөө ажиллах ёстой. Засгийн газар, УИХ-ын эцсийн зорилго юу юм бэ. Ерөөсөө л монголчууд хамгийн сайхнаар, хамгийн сайнаар амьдрах. Монголын ирээдүйд хамгийн сайн зүйлийг өв болгож үлдээх, эдийн засаг, тусгаар тогтнол, аюулгүй байдал, амьдрах орчин, цэвэр ногоон байгаль эх дэлхийг үлдээх энэ чиглэлд ажиллах ёстой. Цөмийн энергийн тухай хууль, түүнийг дагалдаад Үндэсний баялгийн сангийн болон Ашигт малтмалын тухай хууль болон дагалдах хуулиудад өөрчлөлт орсон. Энэ хуулиудад өөрчлөлт ороогүй нөхцөлд шар нунтаг ашиглах энэ хэлэлцээр тухайн мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд явсан тохиолдолд Монгол Улсын ард иргэдэд ашиггүй, алдагдалтай ийм гэрээ хэлэлцээр байгуулагдахаас өөр замгүй болно. Тийм учраас цөмийн энергийг ашиглах тухай дутуу дулимаг нэг ёсондоо зохицуулалт нь гүйцэд биш хуультай байсан бол энэ намрын чуулганаар энэ хуулиа гүйцээн боловсруулж сайжруулж чадлаа. Өнөөдөр хоёр талаас гэрээ зурах ёслол болох гэж байна. Энэ бол олон жил ярьсан, гацаасан төслүүд урагшилж байгаа бас нэг том жишээ, жишиг болж болж байна.
–Засгийн газраас энэ дөрвөн жилийн хугацаанд 14 мега төсөл хэрэгжүүлэхээ зарласан. Үүний нэг нь газрын тос боловсруулах үйлдвэр. Гэтэл ашиглалтад орох хугацаа нь сунгагдахаас гадна баригдах төсөвт өртөг нь 431 сая ам.доллароор нэмэгдлээ. Та энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Энэтхэгийн засгийн газраас анх нэг тэрбум ам.долларын зээл авах санал солилцсоноос хойш найман жил үндсэндээ өнгөрчихлөө.Энэ хугацаанд Монгол Улсын Засгийн газар Энэтхэгийн хөнгөлөлттэй, урт хугацааны зээлээр юу хийх вэ гэдэг дээр шийдэл гаргахдаа Монгол Улс өөрийн гэсэн газрын тос боловсруулах үйлдвэрлэлтэй, ядаж Монголын жилд хэрэглэж байгаа газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээний 50-иас дээш хувийг нь дотоод эх үүсвэрээр хангадаг байвал улс орны тусгаар тогтнол болоод аюулгүй байдал, дээрээс нь нефтийн үнийн гэнэтийн хэлбэлзэл болон бусад зүйлсээс хамгаалагдаж чадна гэж үзсэн учраас газрын тос боловсруулах үйлдвэр барихаар санал оруулж байсан.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу
Зочин 9 минутын өмнө 66.181.160.118
Хэл бол хөгжил дэвшил. Хятад 56 үндэстэн ястаныхаа хэлний бэрхшээлийг албан ёсны нэг аялгатай путонхуа аялгууг оруулж ирж өнөөгийн хөгжилд хүрсэн юм шдээ. Наад монгол бичигээр хайлт хийхэд ш/уны хичнээн мэдээлэл гарч ирэхэв.
Нэргүй 1 цагийн өмнө 172.225.55.37
Монгол бичиг бол хүн бүр сурах ёстой нь үнэн, гэхдээ хүүхэд 3жил тасралтгүй зөвхөн монгол бичгээ үзэж байж арай гэж зөв бичиж уншдаг болдог юм билээ
Нэргүй 1 цагийн өмнө 202.21.126.109
ЦААД УТГААРАА СОЦЫГ МАРТУУЛАХ ЮМ БИЗДЭЭ
Opasnibytl gzlblrkp; 1 цагийн өмнө 50.147.160.114
-yungx;