Ханшин-Аважигийн их газар хөдлөлт гэж нэрлэдэг 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт Японд 1995 оны нэгдүгээр сарын 17-нд болсон. Кобэ хот болон түүний ойр орчмын бүс нутгийг сүйрүүлсэн энэхүү газар хөдлөлтөөс хойш 30 жил өнгөрчээ.
Тэгвэл гамшигт өртөж нас барсан 6400 гаруй хүний дурсгалыг хүндэтгэх арга хэмжээг өчигдөр /2025.01.17/ зохион байгууллаа. Дурсгалын арга хэмжээнд хохирогчдын ар гэрийнхнээс гадна Японы эзэн хаан Нарүхито, хатан хаан Масако тэргүүтэй албаныхан оролцов. Түүнчлэн орон нутгийн ахлах сургуулийн сурагчид ч оролцсон бөгөөд энэ нь залуу хойч үе гамшгаас сургамж авч буйн илрэл болно.
Эзэн хаан Нарүхито хэлэхдээ "Хүмүүс цаашид бие биедээ тусалж, гамшгийн туршлага, сургамжаар дамжуулаад аюулгүй амьдрах нийгэмлэгийг бий болгоно гэдэгт найдаж байна. Цаашлаад үүнээс мэдлэг олж авна гэдэгт найдаж байна" гэжээ.
Газар хөдлөлтийн улмаас аавыгаа алдсан Такэда Мари гэх эмэгтэй гэр бүлээ төлөөлөн үг хэлжээ. Тэрбээр олон хүнээс дэмжлэг авч байснаа хэзээ ч мартахгүй гэв. Хүмүүсийн халуун дулаан зүрх сэтгэл үргэлжлүүлэн амьдрах хөдөлгөгч хүч болсныг мөн дурдсан байна.
Холбоотой мэдээ