Балба дахь барын тоо толгой сүүлийн үед эрс нэмэгдэж буйг тус улсын ерөнхий сайд КП Шарма Оли онцоллоо. Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “COP29” чуулганд оролцсон тухайгаа тайлагнахдаа “Ийм жижиг улсад 350 гаруй бар байна. Бид ийм олон бартай байж, хүмүүсийг эрсдэлд оруулж болохгүй. 150 бар байхад хангалттай. Барнуудаасаа бусад улсад бэлэг болгон илгээж болно” гэж хэлжээ.
Тус улсын засгийн газрын статистик мэдээлэл харвал 2019-2023 оны хооронд барын дайралтад өртөж 40 хүн амиа алдсан бол 15 хүн гэмтэж бэртжээ. Гэхдээ бодит тоо үүнээс ч олон гэдгийг орон нутгийн ард иргэд хэлж буй.
Зүй нь бол буга, гөрөөс, зэрлэг одос үхэр гээд 500 орчим махчин амьтан бүхий амьдрах орчин бүрдэж байж бар хүн рүү дайрахгүй юм. Тиймээс бар хүнд аюул учруулах эсэх нь тухайн бүс нутгийн ангийн олзноос шууд хамаарна. Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар барын тоог хязгаарлах гэж зүтгэх нь буруу. Харин түүний оронд тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой.
Амьтан судлаач Каран Шахын хэлснээр хүний амь нас эрсдэж байгаа нь Балбын нэгэн цагт амжилттай байсан байгаль хамгаалах арга барил алдагдаж буйн шинж юм. Эрх баригчид тусгай хамгаалалтай газар нутгийн эргэн тойрны суурьшлын бүсэд үзүүлэх нөлөөллийг үл тоомсорлож, олон улсын анхаарлыг татахад төвлөрдөг гэж судлаачид шүүмжилж байна.
Ази тивийн хэмжээнд 100 жилийн өмнө 100 мянга орчим бар байв. Гэвч ой мод огтлох, хулгайн ан хийх зэрэг хүний хүчин зүйлээс үүдэлтэйгээр тэдний тоо толгой цөөрсөөр өдгөө ердөө 5600 зэрлэг бар үлдээд байна. Балба, Хятад, Энэтхэг, Тайланд, Индонези, ОХУ зэрэг 13 улсад эдгээр 5600 бар байна. Эдгээр бүх улс 2022 он гэхэд барын тоо толгойгоо хоёр дахин нэмэгдүүлэх үүрэг хүлээсэн.
Энэ дундаас Балба хамгийн эхэнд зорилтоо биелүүлжээ. Гэвч барын дайралтын тоо нэмэгдэж буй нь энэ амжилтын эсрэг үзүүлэлт болж байна.
Нэргүй 3 цагийн өмнө 202.70.43.34
Hiimoritoi saikhan amitad sanj usuj olshirogeee
Нэргүй 3 цагийн өмнө 51.195.217.146
barnaas ni belgend Mongoldoo aviildaa
Нэргүй 5 цагийн өмнө 202.126.88.128
бүгдийг устгах хэрэгтэй
Нэргүй 3 цагийн өмнө 202.55.188.44
Чамайг эхлээд устгах хэрэгтэй