Израиль, Хамас хоорондын гал зогсоох хэлэлцээрийг Израилийн сайд нарын танхим эцэслэн баталснаар энэ Ням гаригаас /2025.01.19/ эхлэн хэрэгжих ёстой. Талууд олон сарын турш хэлэлцэж байж эцсийн шийдэлд хүрсэн боловч Израилийн Аюулгүй байдлын кабинет болон засгийн газар батлахаас нааш хэлэлцээрийг хэрэгжүүлэх боломжгүй юм.
Сайд нарын танхимын санал хураалтыг Пүрэв гаригт товлосон байсан ч ерөнхий сайд Беньямин Нетаньяху хойшлуулжээ. Тэрбээр Хамас бүлгийг эцсийн мөчид хэлэлцээрт өөрчлөлт оруулах арга зам хайж байна гэж буруутгав. Өөрөөр хэлбэл, Хамас гэрээний дагуу суллагдах палестин хоригдлуудын жагсаалтад хүн нэмэхийг оролдож байж магадгүй аж. Тиймээс Хамас гэрээний бүх бүрэлдэхүүн хэсгийг хүлээн зөвшөөрөх хүртэл сайд нарын танхим хуралдахгүй гэлээ.
Израилийн сайд нарын дийлэнх нь хэлэлцээрийг дэмжих төлөвтэй байна. Гэсэн ч эсэргүүцэгсэд ч бас бий. Тодруулбал, Аюулгүй байдлын сайд Итамар Бен-Гвир Пүрэв гаригийн орой мэдэгдэл хийхдээ “Энэ бол дайны ололт амжилтыг үгүй хийсэн бодлогогүй хэлцэл” гэжээ. Мөн түүний баруун жигүүрийн нам Нетаньяхугийн засгийн газраас гарах болно гэж мэдэгдэв.
Гэхдээ гал зогсоох хэлэлцээр төлөвлөсний дагуу Ням гаригт эхэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдлээ.
Хамасын удирддаг Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр гал зогсоох хэлэлцээрийг зарласны дараахан Израилийн арми Газад цохилт өгснөөр 80 гаруй хүн амь үрэгджээ.
Холбоотой мэдээ