Эрүүл мэндийн байгууллагуудаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.01.17/ ээлжит мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин 2025 оны хоёрдугаар долоо хоногийн байдлаар алаг цоог дэгдэлтийн түвшинд байна. Нийт өвчлөгсдийн 67.5 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байна. Үүн дотроо 81 хувийг 0-5 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Вируслогийн шинжилгээнд томуугийн A(H1N1)pdm09, амьсгалын замын синцитиаль вирус, SARS-CoV-2, аденовирус, риновирус, ижтомуугийн вирус тус тус эргэлтэнд байна.
Тодруулбал, амьсгалын замын синцитиаль вирус 25 хувь, томуугийн A(H1N1) вирус 12 хувиар давамгайлж байгаа бол аденовирус дөрвөн хувь, SARS-CoV-2 вирус нэг хувийг тус тус эзэлж байна.
Эмнэлэгт суурилсан тандалтын нэгжүүдэд 10094 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 2455 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад таван хувиар буурсан үзүүлэлт юм. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант нас баралт бүртгэгдээгүй нийт халдварын 39.9 хувь нь Улаанбаатар хотод, 60.1 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Нийслэлийн хэмжээний тандалтын мэдээгээр нийт томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 66.5 хувийг тав хүртэлх насныхан эзэлж байгаа бөгөөд өмнөх долоо хоногтой харьцуулахад 0-11 сартай хүүхдүүдийн дунд амьсгалын замын цочмог хүнд халдварын тохиолдол 2.8 хувь, томуу, томуу төст өвчний тохиолдол 0.5 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвийн эрчимт эмчилгээний эмч А.Зэвгээ:
-Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төвд 2025 он гарснаар нийт 603 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Тухайлбал, амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай 315 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь нийт эмчлүүлэгсдийн 59.3 хувийг эзэлж байна. Түүнчлэн яаралтай тусламжийн тасгаар өдөрт 180-280 орчим хүүхэд үзүүлж, тусламж үйлчилгээ авч байна. Харин эрчимт эмчилгээний тасагт нийт 10-12 орчим хүүхэд эмчлүүлж байна. Мөн тэдгээр хүүхдүүдийн хүндрэх эрсдэл өндөр байна. Шинжилгээгээр томуугийн А хүрэээний вирус, амьсгалын замын синцитиаль вирус голлон илэрч байна. Амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн үед хүүхдэд ихэвчлэн амьсгалын тоо олшрох шинж тэмдэг илэрдэг. Үүнийг эцэг, эхчүүд дараах байдлаар тоолно,
- 2-оос доош сартай нярай нэг минутын турш 60 буюу түүнээс дээш удаа
- 2-12 хүртэлх сартай бол 50 ба түүнээс дээш удаа
- 12 сараас 5 нас хүртэлх хүүхэд 40 буюу түүнээс дээш удаа амьсгалж байвал амьсгалын тоо олширсон байна гэж үзнэ.
Мөн цээж хонхолзох шинж тэмдэг түгээмэл илэрч байна. Хамгийн гол нь иргэд эмчид заавал үзүүлж, заавар зөвөлгөөний дагуу эмчилгээ хийлгээрэй гэж зөвлөж байна.
Холбоотой мэдээ