Сайн байна уу? Дүү нар минь. Ахынхаа дүрийг хараад дурсаж байна уу. Бид ийм л насандаа хамгийн аз жаргалтай байж дээ. Та нартайгаа дандаа хамт байхыг хүсэвч хясдаг хорвоогийн жамаар арай өөр газраас өөрийн хэдэн муусайн найзуудаараа дамжуулан энэ зурвасыг илгээж байна. Ах нь нүд дүүрэн нулимстай, цээж дүүрэн баяр баясгалантай та нараараа бахархан, омогшиж байна. Та нар минь амжилтын оргил өөд тэмүүлж байгаа болохоор аз жаргалтай амьдарч байгаа гэдэгт итгэж байна. Найзуудад минь миний тоглох дуртай байсан аялгууг тоглож өгөөрэй.
"Төмөр замын 20 дугаар сургуулийн 1966 оны нэгдүгээр ангийн Д бүлгийн хамт олноос" хэмээх тэнгэрийн орноос илгээсэн зурвас "Бүсгүй" уран сайхны киног үзсэний дараа сэтгэлд өөрийн эрхгүй буув. Энэ захидал “Хурд” хамтлагийнхны хамгийн том ах Д.Ганболд агсных.
Тэрээр арван хүү, нэг охинтой Дамбын өнөр өтгөн гэр бүлд ууган хүү болон мэндэлсэн. Өдгөө тэнгэрийн орноо заларсан ч өөрийн олон дүүгээ урлагийн замд хөтөлж, урлагт хайртай хүн болгон хүмүүжүүлсэн гавьяатан. Эндээс л анх ахан дүүсийн “Хурд” хамтлаг мэндэлж, Монголын рок поп ертөнцөд цоо шинэ түүхийг бүтээсэн. Тэд одоо 32 нас хүрчээ.
"Ээж маань залуугаасаа дуучин болох мөрөөдөлтэй байсан. Тэр мөрөөдөл нь үр хүүхдүүдээр нь дамжин “Хурд”, “Чоно” хамтлаг болж асгарсан. Яалт ч үгүй бид хар багаасаа, мэдээ орсон цагаасаа хөгжимтэй холбогдож ирсэн. “Хурд” гэж хамтлаг байгуулагдахаас ч өмнө манай гэр бүлд аль хэдийнэ хамтлаг байгуулагдчихсан байсан" тухай хамтлагийн продюсер Д.Отгонбаяр хоёр жилийн өмнөх ярилцлагадаа хэлсэн байдаг.
Тийм ээ…Тэд түүхийг бүтээж, ээжийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлжээ. Монголын хөгжмийн ертөнц дэх өөрсдийн үүх түүхээ кино урлагт мөнхөлж, чадлаа.
"Хурд" хамтлагийнхан ээждээ, үзэсгэлэнт гэргий нартаа, Монголынхоо мянга мянган бүсгүйчүүддээ гэнэтийн бэлэг барьсан нь "Бүсгүй" уянгын уран сайхны кино. Ахан дүүсийн түүхийг Л.Базарсад, Л.Галмандах гэх ах дүү найруулагч бүтээснээрээ онцлог. Тэд бүсгүй хүний гоо үзэсгэлэнг байгалийн сайхантай хоршуулж, торгон мэдрэмжийг нь хөгжмийн эгшгээр сүлжээ. Дурлалт хосын романстай гитар, бөмбөр хөгжмийн ая хоршиж, сонсогчдын сэтгэл зүрхэнд хүрсэн дуунууд ар араасаа эгшиглэнэ. Өнөө алдарт “Цэргийн бодол”-оос авхуулаад “Бүсгүй”, “Нулимсаа тэвчье" дууг нь үзэгчид амандаа даган дуулсан шиг хайр дурлалдаа хамтдаа "шатацгаана". "Хурд"-ынхан хамтлагийнхаа 50 жилийн ойг үнэнч фэнүүддээ амалж, ирэх намар мюзиклээр бэлэг барих гэнэ.
"Жинхэнэ хайрыг эрж хайдаггүй, харин өөрөө ирдэг" гэх үг… Өөрийн амьдралаа хийл хөгжимд зориулсан авьяаслаг, үзэсгэлэнтэй бүсгүй Мөнхгэрэл нэг л өдөр эрүүл мэндийн шалтгаанаар хөгжимчний карьертаа цэг тавина. Тэнгэрт дэвшсэн аавынхаа газрыг эргэхээр төмөр замын точка дээр хотын бүсгүй ирэх аж. Бүсгүйд машинтай хүн хэрэг болж, Чинбат гэх залуу тусалснаар тэдний хайрын романс эхлэх аж. Кино эхлэл хэсгээсээ л анхаарал татаж, дуусан дуустал үзэгчдийг “уяж” чадсан юм. Уран сайхны киноны зохиолчоор А.Миеэгомбо ажиллажээ.
Киноны гол дүр болох жүжигчин С.Ариунбямба, Г.Ариунболор үзэгчдийн зүрх сэтгэлийг догдлуулж, уярааж, гуниглуулж, харамсуулж орхив. Бурхнаас өгсөн бэлэг мэт энэ гайхалтай учралаар түүний амьдрал дахин цэцэглэж, зүрхэнд нь хайрын оч гэрэлтэх нь тэр.
Хайр дурлал мөнхийн сэдэв. Гэхдээ тэдний түүх өөр.
Ард түмний аманд аялагдаж, зүрх сэтгэлд хүрсэн "Бүсгүй" дууг хэрхэн дэлгэцийн бүтээл болгосон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж байсан юм. Бүтэн 2 цаг үргэлжлэх киноны дараа үзэгчид киноны уран бүтээлчид танхим дүүрэн алга ташилт бэлэглэж, хүндэтгэл үзүүлэв. Уран сайхны киноны баг бүрэлдэхүүнд 1000 гаруй хүн гар нийлэн ажиллаж, энэ бүтээлд олон хүний хүч хөдөлмөр, зүрх сэтгэл шингэснийг уран бүтээлчид онцолж байлаа.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.179.90
хурдын орнууд ямар их гайхуулдаг юм
элэг хөшлөө….
Zochin 4 цагийн өмнө 202.21.111.170
Сайхан бүтээлүүд тууривсан Хурд хамтлагийн хамт олонд талархаж байна.
Нэргүй 6 цагийн өмнө 202.126.89.2
Goyo goyo uznee
Нэргүй 7 цагийн өмнө 202.70.43.34
Busgui gj hachin EMO Duu …