Бурхан авлига авдаг уу?

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Бурхан авлига авдаг уу?

Нэрт эрдэмтэн Б.Ринчин гуайн орос хэлнээс орчуулж чадаагүй үг бол “совесть” гэж ярьдаг. Монголоор буулгах гэхээр тохирох ойролцоо үг байдаггүй, шинэ үг  зохиох  гэхээр угаасаа монгол хүнд байдаггүй шинж чанар учир хэрэглэгдэхгүй учир  Ренчин гуай хөрвүүлэхээс татгалзсан ч гэдэг бил үү. Ц.Дамдинсүрэн, А.Лувсандэндэв нарын том тольд энэ үгийг монголоор буулгасныг харж болно. Совесть гэгчийг монголчуудад ойлгуулахын тулд сэтгэл санаа гэх мэт үгнээс авахуулаад амар амгалан, сэтгэл засал, гэмшил, чин сэтгэл гэх мэт 20 гаруй ойлголтыг жагсаажээ. Совесть гэдгийг  сайн мууг ялгаад өгдөг, сэтгэл санааг хянадаг, чиглүүлдэг, алдаа гэмшлээ ухаарч ойлгох  тийм нэг дотоод сэтгэлийн механизм гэж ойлгомоор  юм шиг. Тэгвэл  энэ чанар монголчуудад байхгүй гэсэн Ринчин гуайн зөв бололтой. Бид бурханыг хүртэл хуурахыг оролддог сонин хүмүүс юм. Ажил мэргэжилдээ ямар ч авьяас чадваргүй нөхдүүд нүдэн дээр гэнэт төрөл арилжаад, илт буруу гарын зүйл хийгээд байдаг. Гэтэл тэдэнтэй тэмцэх гэсэн хүмүүс нь тэврэлдэж унаад байдаг. “Буруу замаар будаа тээсэн” нөхдүүд шөнөдөө хар дарж зүүдлээд унтаж чадахаа больдог гэж л өөрсдийгөө тайтгаруулахаас биш өөр хийж чадах зүйл алгаа олон нийтэд. Тэхдээ тэдний хар дарахыг нь хамт хонож харсан хүн хэд ч билээ. Харин тэд хажуудаа байгаа цагдаа сэргийлэхээс айхгүй хэрнээ хаа ч юм байж магадгүй бурханаас цэрвэх бололтой.

19 дүгээр зуунд  Франц улс түүхэндээ үзэж байгаагүй их цус асгаралт, хүчирхийллийн гэрч болсон. Прусс улстай дайтахаас эхлүүлээд янз бүрийн хувьсгалууд ар араасаа цуварч, хаанаа германчуудаар алуулж, Ромын хамба мөн толгойгүй болсон нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлын товчоон. Улс төр эрх мэдлийн төлөөх эх захаа алдсан тэмцэл, цус урсгалт нь Парижын коммун нэрээр түүхэнд тэмдэглэгдсэн билээ. Их аллага үйлдэгчид гэмээ цайруулахын тулд Францын нийслэлийн хойно байрлах “Сакр Кер” буюу “Ариун зүрх” сүмийг босгожээ.

21 дүгээр зууны Монголд урвалт шарвалт, авилгал, хээл хахууль хэт задгайрч ёс суртахууны хэм хэмжээний эерэг шинж болоход ойртсон. Харин үүнийг үйлдэгчид монгол улсын өнцөг булан бүрт суварга босгож байна. Сүм хийдүүд шил шилээ даран хаалгаа нээж байна. Монголын авилгалчид гоо сайхны мэдрэмжээрээ францчуудад дөхөж очихгүй тул  ядмаг сонголттой. Түвдээр ном уншуулаад, суварга босгочихвол өршөөгдөнө гэж өөрийгөө хуураад  энд тэнд шавар шохой зууруулах юм.

Ямар ч хяналтгүйгээр төсвийн мөнгө “иддэг” байсан 2000 -2004 онд МАХНын хэсэг залуу сайдууд Орос цэргийн хөл доор Бурхан багшийн хөшөөг  босгож хэсэг санаа амарсан. Өдгөө Архангай аймгийн Их Тамир суманд дунд сургууль нь нурж унах гэж байгаа ч дарга нар нь суварга босгоод завгүй яваа сурагтай. Яарч тэвдэн татаасаар авсан хэдэн цаасныхаа  уутыг  сэгсэрч байгааг бодоход их л нүгэл хийж дээ.

2007 онд Бүгдийн овоонд суварга барьсан, 2008 онд Орхон аймгийн засаг дарга Бурхан босгох нэрийдлээр 2 тэрбум төгрөг хураасан, 2009 оны 10 сард монгол орны төв цэгт 20 метр өндөртэй 7 суварга бий болсон, 2010оны  8 дугаар сард Увс аймгийн Хяргас сумынхан өөрсдийн суваргтай болсон. Энэ суварга гэгчийг хорвоогоос хальсан  эцэг эх,  ах дүүдээ зориулдаг байснаа сүүлдээ үхэж үрэгдсэн адгуус мориндоо хүртэл суварга босгох болж. Өнчин ядуу хүүхдэд мянган цаас сарвайхгүй мөртлөө зуун саяар шавар зууруулах  нь  хойд насандаа ирэх шийтгэлээс айж ичсэндээ л байдаг байх даа. Албан бус тоогоор энэ тэнд шовойлгосон суварга гээч зүйл өнөөдөр 10 000 хол давсан гэнэ. Хувьсгалаас өмнө мянгаар тоологдож байсан сүм хийд 500-д аль хэдийнээ хүрчээ.

Өмнөговь аймагт нүглээ наминчлах ажил хэр явагдаж байгааг жишээ татъя.

  • Цогтцэций суманд 2002 онд Морины хүндэтгэлийн овоо шинээр босгож, урьдын тахилгатай Цагаан овоо, Цэцийн уул, Лүн хайрхан, Энгэр цагаан овоо зэргийг сэргээн, дийлэнхийг жил бүр, заримыг нь 3-4 жилд нэг удаа тахидаг болсон.
  •  Сумын Засаг Даргын Тамгын Газрын санаачлагаар Ханбогд Хайрханы тахилгыг 1992 онд анх хийж, түүнээс хойш жил бүр гүйцэтгэдэг болсон.

  •  Айвенхоу Майнз компанийн санхүүжилтээр 2007 онд “Диваажингийн Авидын орны суварга”-ыг барьж бүтээсэн.
  •  Номгон суманд 1998-2007 оны хооронд 7 овоог сэргээж, шинээр тахих болсон.
  • УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы санаачлагаар Баяндалай сумаас 25 км-т байрлах Уул Жаргалантын хийдийн туурин дээр 2007 онд суварга бүтээсэн.
  •  Булган сумын Сүсэгтний холбооны санаачлагаар Ламтаны хэмээх урьдын тахилгат овоог сэргээсэн.
  •   Манлай сумын баг бүр өөр өөрсдийн овоо тахилгатай болсон. Жаргалант багийн иргэд морины шүтлэг бүхий тахилгатай Манлай овоог сэргээсэн. Өгөөмөр багийн иргэд Зүүн Их, Бага Өлзийт овоодыг жил бүр тахих болжээ. Өгөөмөр багийнхан Ханбогдыг 2 жилд нэг удаа тахиж байна. Мөн Манлай суманд домогт Бөхийн овоог дахин тахих болжээ.

Энэ мэтээр тоочвол нэлээд юм гарна. Бурханыг хүртэл авилгадах гээд үзээд байдаг манай монголчууд нээрээ сонин хүмүүс юм . Харин бурхан тэр авлигыг нь  авдаг болов уу даа.

Сүхээ овогтой Наранбаатар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж