Мэргэжлийн сүмогийн их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаар шийдсэн тухай мэдээ өчигдөр/2025.01.16/ цацагдлаа. Өдгөө идэвхтэй барилдаж буй цор ганц ёкозүна цолтон тэрбээр бэртлийн улмаас замналаа үргэлжлүүлэх боломжгүй болсон аж.
Ийнхүү 1992 оноос хойш анх удаагаа сүмод ёкозүна цолтон үгүй болов. Сүүлд 1992 онд ёкозүна Хокүтоүми зодог тайлж, сүмод аварга цолтон үгүйлэгдэж байсан. Улмаар 1993 онд Акэбоно ёкозүна болсон түүхтэй.
33 настай түүний хувьд дээд зиндаанд нийт арван удаа түрүүлсэн бөгөөд удаан хугацааны бэртлийн дараа дэвжээнээ эргэн ирсэн боловч энэ оны Хацү башёгийн дөрөв дэх өдөр өвдөг шороодсоныхоо дараа үргэлжлүүлэн барилдах боломжгүй гэдгээ мэдэгджээ. Тэрбээр энэ удаагийн башёг хоёр даваа, гурван унаатай өндөрлүүлэв.

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өнгөрсөн 2024 онд нийт зургаан башёгоос ердөө хоёрт нь барилдсан. Ингэхдээ хоёуланд нь түрүүлсэн билээ. Гэвч түүний хоёр өвдөгний бэртэл болон чихрийн шижин нь цааш барилдах боломжгүй болгож байна.
Сүмогийн холбоо ч Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг удахгүй зодог тайлна гэдгийг мэдэж байсан. Түүний орыг залгахаар Хошорюү С.Бямбасүрэн болон Котозакүра нар горилж буй. Гагцхүү энэ башёд хэн түрүүлсэн нь ёкозүна болох учиртай. Одоогоор Хошорюү С.Бямбасүрэн ганц ч унаагүй итгэл төгс башёг тэргүүлж байна. Хэрэв тэрбээр Хацү башёд түрүүлж чадвал ёкозүна болж, Тэрүнофүжи ч санаа амар зодог тайлж чадна. Түүхийг эргэн санахад Хакүхо М.Даваажаргал тухайн үедээ Тэрүнофүжиг ёкозүна болтол зодог тайлаагүй. Харин ёкозүна болсон хойно нь их спорттойгоо салах ёс гүйцэтгэсэн удаатай.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ёкозүна цол хүртсэнээсээ хойш нийт 21 башёгийн 13-ыг нь өнжсөн тааруу үзүүлэлттэй. Гэхдээ барилдсан башё бүртээ бараг түрүүлсэн юм.

2003 оны гуравдугаар сард Асашорюү Д.Дагвадорж ёкозүна цол хүртсэнээс хойш нийт таван монгол бөх сүмогийн их аварга болжээ. Тэдний үргэлжлэл нь Хошорюү С.Бямбасүрэн болох шинжтэй. Түүний авга ах Асашорюү билээ.
Та бүхэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн сүмо дахь замналын талаарх илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарж уншаарай
Мэргэжлийн сүмогийн 73 дахь их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Япон улсын иргэн болсон. Ингэснээр зодог тайлсан хойно Исэгахама дэвжээг эзмших учиртай. Мөн ёкозүна цолтой бөх Японы иргэн болсон тав дахь тохиолдол. Анх ёкозүна Акэбоно АНУ-ын иргэншлээсээ татгалзаж, Японы иргэн болсон тул түүний араас Мүсашимарү, Хакүхо, Какүрюү зэрэг ёкозүна нар иргэншлээ сольжээ.
3,569.17






















































Холбоотой мэдээ