Аллагыг зогсоох ч сөргөлдөөнийг сунжруулах хэлэлцээр

Аллагыг зогсоох ч сөргөлдөөнийг сунжруулах хэлэлцээр

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Аллагыг зогсоох ч сөргөлдөөнийг сунжруулах хэлэлцээр

Израиль, Хамасын талууд эцэстээ гал зогсоох хэлэлцээрт хүрч чадсан гэх мэдээ олон сая хүний сэтгэлийг амраасан нь дамжиггүй. Гал зогсоох хэлэлцээр энэ сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр болно. Энэ хүртэл зарчмын хувьд дайн үргэлжилсээр байх юм. Хэлэлцээрийг зарлах үеэр Газын зурвасын хойд хэсэгт Израилийн армийн цохилтод өртөж дор хаяж 12 палестин хүн амь үрэгджээ.

Гал зогсоох хэлэлцээр аллагыг зогсоох ч сөргөлдөөнийг сунжруулна гэж үзэх хүмүүс бий. Том зургаар нь харвал томоохон дипломат амжилт. Гэвч өнгөрсөн оны тавдугаар сараас хойш хэлэлцээрийн хувилбарууд яригдсаар хэт их хугацаа алджээ. Хугацаа алдсан явдалд талууд бие биеэ буруутгасаар байна.

Түүнчлэн барьцааны хүмүүсийн ар гэрийн цөөн тооны төлөөлөл хэлэлцээрт эрс “Үгүй” гэж хариулж байна. Учир нь тэд хэлэлцээрийн нэг хэсэг болох Израиль дахь палестин хоригдлуудыг суллах гэсэн зүйл заалтыг эсэргүүцэж байна. Оронд нь цэргийн хүчээр Хамасыг ялж байж л барьцаалагдсан хүмүүсийн буцаан авах хэрэгтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэсэгчлэн суллах нь тэдэнд хангалтгүй байна.

Эдгээр гэр бүл нь баруун жигүүрийн Тиква буюу Итгэл найдвар гэх бүлэгтэй холбоотой.

Тикваг үүсгэн байгуулагч Цвика Морын хүү Эйтан барьцаанд хоригдож буй. Тэрбээр “Ерөнхий сайд Беньямин Нетаньхугийн өнөөдөр ярьж байгаа энэ гэрээ миний хүү болон бусад барьцааны хүмүүсийн хувьд маш аюултай. Ялангуяа Газын зурваст хэдэн арван жилээр байх залуус, цэргүүдийн хувьд маш аюултай” гэжээ.

Хэлэлцээрийн эхний үе шатанд хүүхэд, эмэгтэйчүүд, өвчтэй болон өндөр настангуудыг суллахаар төлөвлөж байна. Иймд эрчүүд энд багтах магадлал багатай гэж үзэж байна.

УРЬД ӨМНӨ ХЭЗЭЭ Ч ИЙМ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙСАНГҮЙ

Харин палестинчуудын хувьд хэдийнэ баяраа тэмдэглээд эхэлсэн билээ. Тэд одоо л нэг санаа амар унтаж амрах боломжтой болсондоо баярлаж байна.

17 настай Санабел "Бид үүнийг удаан хүлээсэн. Эцэст нь нэг юм санаа зоволгүйгээр дэрэн дээр толгой тавих боломжтой боллоо. Хүссэндээ хүрсэндээ бид бүгд баяртай байна” гэжээ.

Харин 19 настай Дима Шурраб цахим хуудсандаа “Надад үнэхээр сайхан санагдаж байна. Урьд өмнө хэзээ ч ийм аз жаргалтай байсангүй. Одоо болж байгаа зүйлд итгэж чадахгүй нь. Би зүүдлээд байна уу даа. Баярлаж байгаа ч бага зэрэг айдас ч байна. Гэрээ хүчин төгөлдөр болох үед л энэ айдас арилна” гэжээ.

Дима Шуррабын хувьд Алжирт анагаахын чиглэлээр суралцах тэтгэлэгтэй байсан ч виз авахаар паспортоо өгснөөс нь хойш хоёрхон хоногийн дараа дайн дэгдсэн. Түүний ирээдүй, мөрөөдөл ийн хаагдсан аж. Өдгөө түүний өмнө хаалга дахин нээгдэх өндөр магадлалтай болов.

Газын хойд нутгаас дүрвэсэн Фаридаа ярихдаа “Би гэр бүлтэйгээ уулзаагүй жил гаруй болж байна. Одоогоор бид хүлээлт, айдас, түгшүүр дунд байна. Үүний зэрэгцээ хүсэл тэмүүллийн мэдрэмж ч дүүрэн байна. Үгүйсгэж орхисон эрх чөлөөгөөрөө амьсгалах тэр цаг мөчийг бид хүлээж байна. Намайг эзэмдэж буй энэ холимог мэдрэмжийг би үгээр илэрхийлэх дөнгөхгүй нь. Нутаг буцахын аз жаргалыг юугаар ч зүйрлэх боломжгүй” гэв.

Харин Хашим Адель өөрт төрж буй мэдрэмжээ “Дэлхийн хамгийн агуу мэдрэмж” гэж нэрийдэв. “Одоо надад баяр баясал, уйтгар гуниг хосолсон мэдрэмж төрж байна. Үхэл, зовлон, сүйрэл, аллага, өлсгөлөн дунд жил гурван сар хүлээлээ. Тэвчээртэй байж, дэлхийн болон Арабын бүс нутагт урьд өмнө нь үзүүлж байгаагүй тууштай байдлыг бид харуулав” гэж тэр хэллээ.

ХАРИУЛТ НЬ ОЛДООГҮЙ АСУУЛТУУД

Израиль, Хамас хоёр бие биедээ бүрэн итгээгүйн улмаас хэлэлцээр олон сар сунжирсан. Хамас барьцааны хүмүүсийг суллахаас өмнө дайныг бүрэн дуусгахыг хүссэн нь Израилийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл байв. Хэлэлцээрийн хугацаанд гал зогсоох ч гэлээ энэ нь дайн бүрэн дууссан гэсэн үг мөн эсэх нь эргэлзээтэй.

Израилийн дайны гол зорилтуудын нэг нь Хамас бүлгийн цэрэг, удирдлагын чадавхийг устгах явдал байв. Өдгөө талууд хэн хэн нь багагүй хохирол амссан ч гэлээ Хамас үйл ажиллагаа явуулж, дахин бүлэглэх хүчин чадалтай хэвээр байна.

Цаашилбал, барьцааны хүмүүсийн хувь заяа тодорхойгүй хэвээр байна. Үлдсэн хүмүүсийг суллана гэж байгаа ч тэдний үхсэн, амьд, хаана байгааг Хамас мэдэж буй эсэх нь тодорхойгүй.

Мөн Израиль тогтоосон хугацаанд хамгаалалтын бүсээс гарах эсвэл тодорхойгүй хугацаагаар үлдэх эсэх нь ойлгомжгүй байна. Өнгөрсөн удаагийн гал зогсоох хэлэлцээрүүд ихэвчлэн жижиг мөргөлдөөнөөс болж тасалдаж, эцэст нь бүрэн цуцлагдсан. Тиймээс энэ удаад ч тийм гажуудал гарах вий гэсэн айдас бий.

Эцэст нь дурдахад, Газын зурваст 15 сар үргэлжилсэн дайны үеэр 46700 гаруй хүн амиа алджээ. Түүнчлэн бүс нутгийн 2.3 сая хүн амын дийлэнх нь орон гэрээ орхин дүрвэв. Энэ дайн урьд өмнөх мөргөлдөөнүүд шиг гашуун бөгөөд шийдвэрлэх аргагүй нөхцөл рүү ч холбирч мэдэх юм. Гал зогсоосноор мөргөлдөөн дуусахгүй. Ийм их сүйрэл, үхлийн үр дагавар үеийн үед мэдрэгдсээр байх болов уу.

ЭХ СУРВАЛЖ: BBC, CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

HAMAS 1 цагийн өмнө 66.181.179.15

АХМАТ СИЛА, АЛЛАХ АКБАР, АУСЩВИЦ, ХОЛОКОСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж