Хөдөө аж ахүй,үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор УИХ-аас "Шинэ хоршоо-Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд Монголбанкнаас, хоршоо байгуулж, хоршоонд нэгдсэн малчдад арилжааны банкаар дамжуулан 50 хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож байгаа билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 7814 хоршоо байгуулагдсан байна. Үүнд 77,233 малчин гишүүнээр элсчээ. Үүнээс нийт 4853 хоршооны 20,731 малчин хөнгөлөлттэй зээлд хамрагдсан байна. 2024 онд хоршоонд нэгдсэн малчдад нийт 660 тэрбут төгрөгийн зээл олгожээ.
Хоршоо байгуулсан малчид авсан зээлээ өвөлжилтийн бэлтгэл хангах, хашаа хороогоо сайжруулах, хадлан, өвс, ногоон тэжээл бэлтгэх, малын үүлдэр, угсаагаа сайжруулан, нэг малаас авах ашиг шимээ үлэмж нэмэгдүүлж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ажээ.
Тухайлбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Арга билиг арвин сүрэг" хоршоо мал худалдан авч, цагаан идээний цех байгуулжээ. Ааруул, хурууд, шар тос, шимийн архи зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мөн Ховд аймгийн Зэрэг сумын "Буурлын буян нутаг" хоршоо нь есөн гишүүнтэй байгуулсан байна. Долоон гишүүн тус бүр 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, савангийн үйлдвэр, агуулах, хөлдөөгч барьжээ.Үйлдвэрт өдөрт 2500-3000 ширхэг саван үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэд малын өөхөөр хүний биед харшил үүсгэхгүй саван үйлдвэрлэж байгаа аж.
2024 оны арванхоёрдугаар сард шинэ хоршооны 13,549 малчны дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 96 хувь нь зээлээ зориулалтын дагуу зарцуулахад хүндрэл бэрхшээл байхгүй, 87 хувь нь өвөлжилтийн бэлтгэл хангахад зээлийн зориулалт дэмжлэг болсон гэсэн судалгааны дүн гарчээ.
Хоршооны зээлийн жилийн хүү 6 хувь. Энэ нь банкуудын өгч буй зээлийн дундаж хүүгээс 3 дахин бага юм.
Хүнс, хөдөө аж ахуйн их сургуулийн багш нар өнгөрсөн сараас эхлэн хөдөөгүүр явж, хэд хэдэн аймгийн хоршоологчдыг чадавхжуулжээ. Тэд малчдад сургалт зохион байгуулж, мах, сүүний үйлдвэрлэл, боловсруулах технологи, төлөвлөгөө, бичиг баримтын бүрдүүлэлт, мал төхөөрөх бага оврын үйлдвэрийн тооцоо зэргийг зааж байна.
Хамгийн их зээлийг Говь-Алтай аймаг авсан бол хамгийн бага зээл Дархан-Уул аймаг авчээ.
-Говь-Алтайд 1500 хоршоологчид 49 тэрбум төгрөг
-Архангайд 1700 хоршоологчид 48 тэрбум төгрөг
-Төв аймагт 1300 хоршоологчид 45 тэрбум төгрөг бол
-Баян-Өлгийд 300 хоршоологчид 6.2 тэрбум төгрөг
-Орхонд 200 хоршоологчид 6 тэрбум төгрөг
-Дархан-Уулд 150 хоршоологчид 5 тэрбум төгрөг тус тус олгожээ.
Холбоотой мэдээ