Жижиг зээлийн үр дүн сайн байна

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Жижиг зээлийн үр дүн сайн байна

Жижиг дунд үйлдвэр эрхлэхэд санхүүгийн эх үүсвэр болгох үүднээс төр засгийн зүгээс хөнгөлттэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгож байгаа.

Энэ зээл олголт, үр дүнгийн талаар хэд хэдэн аймгаас тодрууллаа. Баянхонгор аймагт гэхэд өнгөрсөн онд нийт   54   төсөлд  798.3  сая төгрөгийн санхүүжилт  олгожээ. Үүний үр дүнд тус аймаг сайн  үүлдрийн  саалийн  54 үнээ бүхий хоёр ферм байгуулж, хулдаасан  хэвлэлийн  цех шинээр ашиглалтад оруулжээ. Түүнчлэн аймгийн төвийн ойролцоо   аялал жуулчлалын бааз бий байгуулж, барилгын материал, цонхны тавцангийн үйлдвэрлэл  чулууны үйлдвэр ашиглалтад оруулсан байна. Мөн аймгийн долоон сумын иргэд хөнгөлттэй зээлийн хөрөнгөөрөө талх нарийн  боовны  цех байгуулжээ.

Ингэж жижиг дунд үйлдвэр хөгжсөнөөр Баянхонгорчууд Улаанбаатараас тээвэрлэн авчирдаг байсан бараа бүтээгдэхүүнээ өөрийн аймгаасаа авах бололцоотой болж, үйлдвэрлэл  үйлчилгээний  хүндрэлтэй  асуудлуудыг  орон  нутагтаа шийдэж, ажлын байраа нэмэгдүүлжээ.

Тэгвэл энэ онд Баянхонгор аймагт 650сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг нийт 50 аж ахуйн нэгж авсан байна. Тус санүүжилтээр халуун ханзаар халдаг хүлэмжийг шинээр байгуулан ашиглалтад оруулсан нь Монгол улсад анхны загвар болсон байна.

Хөвсгөл аймагт мөн жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил алга цоог байна. Тус аймгийн хэмжээнд энэ онд 5.9 тэрбум төгрөгийн санхүүжилт бүхий 311 төсөл хүссэн төсөл иргэд, аж ахуйн нэгжээс иржээ. Аймгийн дэд комисс зургаан удаа хуралдаж Хадгаламж банканд 37 төслийн 374 сая төгрөг, Төрийн банкинд есөн төслийн 81,5 сая төгрөгийн зээлийг зээлийн эргэн төлөлтөөс олгуулахаар шийдвэрлэжээ. Хадгаламж банк эдийн засагч байхгүй гэдгээр ЖДҮ сангийн зээл олголтын ажлыг удаашруулсан учир 177 сая төгрөгийн 18 төслийг эргүүлэн татаж Төрийн банкинд шилжүүлсэн байна. Хадгаламж банк Улаанбаатар хот дахь төв банкнаасаа зөвшөөрөл авч зээл олгох шийдвэр гаргадаг нь ажлыг ихээхэн удаашруулж байгаа гэнэ.

Ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Мөрөн, Галт, Жаргалант сумаар тус тус очиж зээл олголт, зээл авсан иргэд , аж ахуйн нэгжтэй уулзан зээлийн ашиглалтад хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн байна.
Жаргалант сумын иргэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх 38 төсөл ирүүлсний 11-ийг нь сумын хэмжээнд үйлдвэр эрхлэх боломжтой гэж үзэн дэмжин аймаг руу явуулжээ. Харин аймгаас таван төслийн санхүүжилтийг зөвшөөрсөн ч одоо хүртэл зээлээ авч чадаагүй байна.

Хөвсгөл аймгийн Галт суманд  Иргэн Доржготов Сүү хөтөлбөрийн хүрээнд  10 сая төгрөг, ЖДҮ сангаас 15 сая төгрөгийг фермерийн аж ахуй эрхлэх зорилгоор авсан боловч одоогоор  зээлийн мөнгөөр байр барьсан ба фермерийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлээгүй байна. Мөн тус сумын иргэн Магсаржалам энэ онд 15 сая төгрөгийн зээл авч эсгий боловсруулах үйлдвэр байгуулж зээлийн мөнгөөр ажлын байраа өргөтгөн, тоног төхөөрөмж худалдан авч зээлээ зориулалтын дагуу ашиглаж байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж