АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэдхэн хоногийн дараа Цагаан ордныг орхин явах нь. Тэрбээр Лхагва гаригийн орой сүүлчийн илтгэлээ тавьлаа. Илтгэлийнхээ үеэр тэр албан тушаалд байсан хугацаагаа энгийнээр тоймлосон гэхээс илүүтэйгээр ирээдүйд учирч болох аюул заналхийллийг онцолсон юм. Мөн томоохон өөрчлөлтийг уриалж байна.
Түүний илтгэлээс дараах зүйлсийг "Associated press" агентлаг онцолжээ:
Ирээдүйн аюул заналхийлэл – АНУ-ын 34 дэх ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр 1961 онд албан тушаалаа хүлээлгэж өгөх үеэрээ сүүлийн илтгэлдээ цэргийн аж үйлдвэрийн цогцолборт санаа зовж буйгаа илэрхийлж байв. Түүний жишигээр Жо Байден сүүлийн илтгэлээрээ америкчуудад хэд хэдэн сэрэмжлүүлэг хүргэх боломжийг ашиглажээ. Тэрбээр эрх мэдэл ашиг хонжоо хайсан худал хуурмагийн дор дарагдсан үнэн буюу технологийн аж үйлдвэрийн цогцолбор болон олон нийтийн сүлжээг шүүмжилсэн юм. Мөн "Эрх мэдэл, мөнгө цөөн хүний гарт төвлөрөх тусам Америкт олигархи байдал бий болж байна" гэжээ.
Үндсэн хуулийн өөрчлөлт – Байден сүүлийн илтгэлээрээ дамжуулан хамгийн амбицтай уриалгынхаа нэгийг хүргүүллээ. Тэрбээр АНУ-ын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүсч байна. Нэн ялангуяа "Ямар ч ерөнхийлөгч албан тушаал хашиж байх хугацаандаа үйлдсэн гэмт хэргийнхээ төлөө хуулиас гадуур үлдэх ёсгүй" гэдгийг тодорхой болгохыг хүсч байна.
Мөн тэрбумтнуудын татварыг нэмэгдүүлэх, сонгуулийн кампанит ажилд оруулсан хандивын дүрэм журмыг чангатгах, Дээд шүүхийн шүүгчид 18 жилийн хугацаатай томилогддог байх, Конгрессын гишүүдийн хувьцааны арилжааг хориглох зэрэг санааг илэрхийллээ.
Байден сүүлийн илтгэлээсээ гадна хэд хэдэн арга хэмжээг албан тушаалаа хүлээлгэж өгөхөөсөө өмнө зохион байгууллаа. Тухайлбал, Даваа гаригт тэр Төрийн департаментад гадаад бодлогын талаар илтгэл тавьж, цөөн хэдэн ярилцлага өгсөн. Мөн үндэсний хэмжээний хэд хэдэн дурсгалт газрыг нээж, хиймэл оюун ухааныг ашиглах шинэ журам нэвтрүүлсэн, Израиль, Хамас хооронд гал зогсоох хэлэлцээрийг амжилттай байгуулсан зэрэг түүний хийсэн ажлуудыг дурдаж болно.
Ерөнхийлөгч болгон Цагаан ордонд сүүлийн илтгэлээ тавьдаггүй. Тодруулбал, ерөнхийлөгч асан Барак Обама Чикаго дахь гэрээсээ, Жорж Буш Зүүн танхимаас тус тус сүүлийн илтгэлээ тавьж байв. Харин Байден ерөнхийлөгчийн танхимууд дундаас хамгийн албан ёсныхд тооцогдох Зууван танхимыг сонгожээ. Тэрбээр гэр бүлийнхнийхээ гэрэл зургийг ширээн дээр тавьж байгаад, илтгэлээ танилцуулсан байна.
0 сэтгэгдэл