ЛеБрон Жэймсийг сагсан бөмбөгийн спортын түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Гэхдээ түүний тамирчны замнал өөрөөр өрнөх боломж байжээ. Тэрбээр багаасаа сагсан бөмбөг болон америк хөлбөмбөгөөр дагнан хичээллэж, эцэст нь сагсан бөмбөгийг сонгосон түүхтэй. Америк хөлбөмбөгөө сонгосон ч муугүй тамирчин байх байсан гэгддэг.
Тэгвэл 2011 онд ЛеБрон үнэхээр хөлбөмбөг руу урвах дөхсөн аж. Тухайн жил NBA-ийн тамирчид ажил хаялт зарлаж, шинэ улирал хэзээ эхлэх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн. Энэ үеэр ЛеБрон хөлбөмбөгийн талаар нухацтай бодсон гэнэ. Тэрбээр "New Heights" подкастын үеэр "Тухайн үед бид нар хэзээ багийн эзэдтэй тохиролцож, лиг эргэн ирэхийг би мэдэхгүй байсан. Тэгэхэд л хөлбөмбөгийн талаар багахан бодсон шүү" гэв.
ЛеБрон үргэлжлүүлэн "Би тэр үед жаахан байсан шүү дээ. Хөлбөмбөгийн талаар нухацтай бодох цаг тэр үед л байсан. Үргэлж л энэ талаар зүүдэлдэг байлаа. Гэвч хэзээ ч бодит биеллээ олоогүй. Зүүдэндээ би халаалт хийж, талбайд гарч, дасгалуудаа хийгээд яг тоглолт эхлэхийн өмнө сэрчихдэг байсан юм. Сэрээд л өөрийгөө тэнд байх ёсгүй юм байна гэдгээ мэдсэн" гэжээ.
2003 онд ахлах сургуулийн сурагч ЛеБрон Жэймс тухайн оныхоо NBA-ийн драфтын тэргүүн сонголт болж байлаа. Тэрбээр сургуулийнхаа сагсан бөмбөг, хөлбөмбөгийн багт тоглодог од нь байсан юм. Охайо мужийн их сургуулийн хөлбөмбөгийн дасгалжуулагч Жим Трессель ч ЛеБронтой уулзаж, их сургуулийнхаа багт элсүүлэх талаар ярьж байсан гэнэ.
ЛеБроны хэлснээр одоогийн NBA-ийн тамирчдаас Рассель Уэстбрук болон Энтони Эдвардс нар америк хөлбөмбөгт амжилт үзүүлэх боломжтой байсан гэв.
Нэргүй 3 цагийн өмнө 139.5.216.211
Американ фүүтбол (Америк хөл бөмбөг) гэсэн нэртэй мөртлөө бариад гүйгээд байдаг нь сонин. Эсвэл Америкчууд гараа "хөл" гэж ойлгодог юм уу ккк. Хамгийн тэнэг спортуудын нэг