УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.16/ 10.00 цагт эхэллээ.
Тогтоолын хавсралтад нэмэлт орууллаа
“Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Ц.Сандаг-Очир танилцуулав. Тэрбээр, УИХ-ын гишүүн С.Бямбацогт тогтоолын төслийн 2 дахь заалтыг хасах зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг хэлэлцэн, дэмжиж өгнө үү гэв.
УИХ-ын гишүүн асуулт асуусангүй. Санал хураалт явуулж, дэмжлээ.
ҮСХ-ны Зөвлөлийн гишүүдийг томилов
- Үндэсний статистикийн хорооны Зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хорооны саналыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг танилцууллаа. Тэрбээр гишүүнд И.Батхүү, Т.Гарамжүгдэр, А.Даваасүрэн, Г.Золбоо, Д.Мягмарцэрэн, Д.Цолмон нарыг нэр дэвшүүлсэн болно" гэв.
- УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
- УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
- -Манай улсын төлөвлөгөө, бодлогын зарцуулалтын үр дүнгээ амжилттай зөв хэмжиж чадахгүй байна. Сүүлийн 30 жил алдаатай явж ирлээ. Шалгуур үзүүлэлт оновчтой байх ёстой. Агаарын бохирлдлыг зөвхөн нарийн ширхэгт тоосонцороор хэмжиж байна. Тэгсэн мөртлөө төлөвлөгөө гаргаад байдаг. БНСУ үндэстэн аяараа 200 шалгуур үзүүлэлт тавьж байгаа. Жишээлбэл, авлигатай яаж тэмцэх вэ. Ямар шинэчлэл хийж, хэрхэн багаараа ажиллах вэ?
- Нэр дэвшигч Т.Гарамжүгдэр:
- -Би иргэдийн төлөөлөл гэдэг утгаараа нэрээ дэвшүүлсэн. Төлөвлөгөө зохиохоос илүү хувийн хэвшлийг төлөөлж, оновчтой датаг гаргахад анхаарна. Үр дүнд суурилсан төлөвлөгөөг гаргахад анхдагч мэдээлэл бодитой байх ёстой. Үүнтэй холбоотой журамд хяналт тавьж ажиллана
- Нэр дэвшигч Д.Цолмон:
- -ҮСХ-ны зөвлөл зөвлөн дэмжих үүрэгтэй. Мэдээллийн үнэн зөв байдал маш чухал. Төрийн байгууллагын мэдээлэл зөрж, давхацдаг байдал байна. Энэ асуудлыг арилгах хэрэгтэй. Мэдээллийг боловсруулахад хамтран ажиллах бүрэн боломжтой.
- Нэр дэвшигч И.Батхүү:
- -Монголын ҮСХ нээлттэй байх тал дээр анхаарч ажилладаг. Үр дүнд суурилсан гүйцэтгэл дээр шалгуур үзүүлэлт гаргах шаардлага бий. ҮСХ микро түвшний судалгаа харьцангуй сайн явж байгаа. Цахим бүртгэлийн мэдээлэлд хиймэл оюун ухааныг ашиглах боломжтой.
Санал хураалтаар Үндэсний статистикийн хорооны Зөвлөлийн гишүүнд нэр дэвшсэн И.Батхүүг 58.1 хувиар, Т.Гарамжүгдэрийг 55.9 хувиар, А.Даваасүрэнг 53.8 хувиар, Г.Золбоог 59.1 хувиар, Д.Мягмарцэрэнг 50.5 хувиар , Д.Цолмонг 55.9 хувиар дэмжиж, УИХ-ын тогтоолыг баталлаа. Баталсан хууль, тогтоомжийн эцсийн найруулгыг сонслоо.
"Хяналтын зөвлөл жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зохицуулалт байхгүй"
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл танилцуулав. Хяналтын зөвлөлийн даргад Н.Ууганбаатар, гишүүдэд С.Лхагвадорж, Г.Тэлмэн, Д.Энхжаргал, Т.Тэлмэн, У.Хосжаргал, Г.Эрдэнэбаяр нарыг нэр дэвшүүлсэн болно. Мөн бүрэн эрх нь дууссан Д.Даваасамбууг Хяналтын зөвлөлийн даргаас, Л.Ариунаа, Л.Дондог, Б.Лхагважав, Б.Цэрэнбалтав, М.Энх-Амгалан, Ч.Чимидцэрэн нарыг гишүүнээс чөлөөлөхийг олонх дэмжсэн" гэв.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Жижиг, дунд бизнесийг дэмжих санхүүжилтийн бодлогыг хэрхэн чиглүүлж ажиллах ёстой вэ?
Нэр дэвшигч Н.Ууганбаатар:
-Энэ асуудал мөнгөний бодлоготой нэн тэргүүнд холбоотой болов уу. Чиг үүргийн хувьд Мөнгөний бодлогын Хяналтын зөвлөл салангид байх ёстой. Шууд мөнгөний бодлогод нөлөөлөх ёсгүй байгууллага. Хувь эдийн засагчийн зүгээс улсын чухал асуудал бол нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд бодлогын олон арга хэмжээг авах ёстой. Бизнесүүдийн өсөлт бойжилтын талаар нарийн судалгаа хийх шаардлагатай гэж боддог. Энэний тусгал нь хүү өндөр байна. Цаашид анхаарах асуудал бүх эдийн засагчдад тулгарч байгаа. Хяналтын зөвлөлийн хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд ямар нэгэн арга хэмжээ авах эрх зүйн зохицуулалт байхгүй.
Нэр дэвшигч У.Хосжаргал:
-Жижиг, дунд бизнесийн салбарт олон жил зээл өгч, хамтран ажиллаж байсан. Менежмент гэх мэт олон зүйлс чухал байдаг. Монголбанк дээр байгаа жижиг, дунд бизнесийн зээлийн сан бол 20-22 хувийн чанаргүй зээлтэй байдаг. Энэ нь эргээд бизнес хөгжихөд эрсдлийн сан өндөр болж, зээлийнхээ үнэд нөлөөлдөг. Инкубатор байдлаар санхүүжүүлэх схем рүү хөгжүүлэх нь зүйтэй гэж харж байна.
Нэр дэвшигч Д.Энхжаргал:
-Монголбанкны үндсэн чиг үүрэг болох инфляци, төгрөгийн тогтвортой байдал, макро эдийн засгийн тэнцвэрээ хадгалж чадвар бүх асуудлыг арилжааны банкуудаар дамжуулан дэмжих боломжтой. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн төслөө зөв хийж, орлогоо төлдөг байхад тусалж дэмжих хэрэгтэй.
УИХ-ын гишүүн У.Отгонбаяр:
-Маш чухал газар. Та бүхэн сонгогдвол төрийн хүний үүргийг гүйцэтгэх ёстой. Орчин цагт дижитал технологи ашиглах хэрэгтэй. Энэ тал дээр та бүхэн ямар байр суурьтай байна. Ямар ажил санаачлах вэ?
Нэр дэвшигч Н.Ууганбаатар:
-Дижитал технологи сайн, муу талтай. Юм болгоныг хурдтайгаар хийх гэж хичээдэг. Уламжлалт байдлаар бичиг гаргаж, тайлангаа гаргах ёстой. Вэб сайтад хандалт хэр олон байдаг бол. Хянаж байгаа учраас энэ хоёрыг хослуулах нь зөв болов уу.
Нэр дэвшигч С.Лхагвадорж:
-Монголбанк бие даасан институци. Санхүүгийн олон улсын стандартыг мөрдөж ажиллаж байгаа гэж найдаж байна. Мэдээж гишүүнээр ажиллавал ил тод байж, олон нийтийг мэдээлэлтэй байлгахад анхаарна.
Хяналтын зөвлөлийн даргад Н.Ууганбаатарыг дэмжих санал хураалтаар 60.2 хувиар, гишүүдэд С.Лхагвадоржийг 66.7 хувийг, Г.Тэлмэнг 61.3 хувиар, Д.Энхжаргалыг 64.5 хувиар , Т.Тэлмэнг 67.7 хувиар, У.Хосжаргалыг 66.7 хувиар, Г.Эрдэнэбаярыг 65.6 хувиар дэмжиж, УИХ-ын тогтоолыг баталлаа. Мөн бүрэн эрх нь дууссан Д.Даваасамбууг Хяналтын зөвлөлийн даргаас, Л.Ариунаа, Л.Дондог, Б.Лхагважав, Б.Цэрэнбалтав, М.Энх-Амгалан, Ч.Чимидцэрэн нарыг гишүүнээс чөлөөлөхийг олонх дэмжив.
Н.Батнасан, Р.Даваадорж, Б.Мөнхзаяа, Б.Энх-Амгалан нарын нэрийг дэвшүүлж байна
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг М.Энхцэцэг танилцуулав. Тэрбээр "Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд Н.Батнасан, Р.Даваадорж, Б.Мөнхзаяа, Б.Энх-Амгалан нарын нэрийг дэвшүүлэхийг олонх дэмжсэн болно. Мөн бүрэн эрх нь дууссан Ц.Батсүх, Ц.Мөнхбаяр, Ч.Хашчулуун нарыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг олонх дэмжсэн" гэв.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
-Монгол Улс 2025-2028 онд эдийн засгаа тэлж, нэг хүнд ногдох ДНБ-ээ хоёр дахин нэмэгдүүлэх зорилт тавьсан. Монголбанкны мөнгөний бодлого нөгөө талдаа төсвөөс хараат бус байх шаардлагатай байгаа. Тиймээс орон тооны бус гишүүдийн үүрэг маш чухал. Уламжлалт бус мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг яаж улсынхаа эдийн засгийн нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлэх вэ гэдгийг сайн судалж, саналаа хэлж байгаарай. Гишүүд зээлийн хүүг бууруулах шаардлагатай байна. Бизнес эрхлэгч, ажлын байр бий болгож байгаа хэсэг рүү анхаарч, бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Олон улсад төв банкны тоон банкийг нэвтрүүлж байна.
Саяхан төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийг 2 хувь нэгжээр нэмэгдүүллээ. Энд ямар байр суурьтай байна вэ?
Нэр дэвшигч Б.Энх-Амгалан:
-Эдийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа ч тодорхой мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монголбанкнаас мөнгөний бодлогыг 10 хувьд хэвээр байлгах, арилжааны банкны нөөц зохистой харилцааг нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Тодорхой түвшинд зах зээлд бэлэн мөнгөний нийлүүлэлт бий болохоос сэргийлсэн арга хэмжээ. Өөрчлөлт хийх боломжтой учраас хязгаарлалтыг хэрэгжүүлээд явах нь зөв болов уу.
Нэр дэвшигч Б.Мөнхзаяа:
-2024 оны арваннэгдүгээр сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 41.5 их наяд төгрөг байна. Өнгөрсөн оныхоос 10 гаруй хувиас өссөн. Энэ өсөлт инфляцийг тэлэх сөрөг нөлөөтэй учраас Төв банкнаас зүй ёсны арга хэмжээ авсан гэж харж байна.
Нэр дэвшигч Р.Даваадорж:
-Мөнгөний масс хоёр гуравхан сарын хугацаанд 2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн статистик байна. Сонгууль болсонтой холбоотой цалин, тэтгэвэр нэмж, цахилгааны үнэ нэмэгсэнтэй холбоотой бэлэн мөнгө нэмэгдэж байна. Төсөв тэлэлттэй батлагдсан. Экспорт 6 хувиар нэмэгдэж байгаа ч импорт 26 хувийн өсөлттэй байгаа учраас зайлшгүй байх нөөцийг 2 хувьд өсгөсөн нь зөв гэж харж байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Хоёр хоног сонсгол хийж, шүүхийг нь шахсан. Р.Даваадорж та УИХ-ын дэд даргын ахлах зөвлөх. Монголбанк дээр аль нэг улс төрийн намыг бодлого хэрэгжүүлэх зүйлийг хэрэгжүүлж болохгүй шүү. Бусад нэр дэвшигчдэд хэлэхэд, олон улсын судалгаанд "зомби" ААН гэдэг хүүгийн татаасаар амьдардаг ААН-ийг хэлдэг. Монголд 5.5 их наяд төгрөгийг зээлийн хүүгийн татаасаар олгосон байдаг. Бага хүүтэй зээл дээр оршин тогтнодог гэсэн үг. Үр дүнд өрсөлдөх чадваргүй болж байна. Төв банкаас бүх ажлын хэсэг дээр ордог. Тийм учраас энэ асуудлыг бууруулмаар байна. Энгийн ААН-д зээл олддоггүй. Хэн нэгэн даргын компанитай өрсөлдөх болдог.
Мөн ипотекийн зээл олдохоо больж, орон сууцны үнэ тэнгэрт хадлаа. Бүгдийг нь бодлогын хүүтэйгээ уях хэрэгтэй. Тэгж байж арилжааны банкууд Төв банкинд байршуулах уу, ипотекийн зээлд байршуулах уу гэдэг шийдвэр гаргах боломжтой болно. Энэ дээр та бүхний байр суурийг сонсъё.
Нэр дэвшигч Р.Даваадорж:
-Миний нэр дурдагдсан учраас тайлбарлая. Би өнгөрсөн хоёр парламентад УИХ-ын АН-ын бүлгийн зөвлөхөөр ажилласан. Улс төрийн өнцгөөс асуудалд хандаж байсан. Одоо энэ парламентад УИХ-ын дэд даргын зөвлөхөөр ажиллаж байгаа. Судалгаандаа анхаарч байгаа учраас улстөржүүлж асуудалд хандах байхад анхаарна.
Цар тахлаар дэлхийн улс орнуудад төсвийн тэлэлт болж, маш их хэмжээний хөнгөлөлттэй зээлүүд олгосон. Дараа нь 2022 оны сүүлчээр АНУ-д том судалгаа хийж, асар их хэмжээний "зомби" компаниуд бий болсон. Хоёр ам.доллар тутмын нэг нь үр дүнгүй гэх судалгаа гарсан. Монголбанкны судалгааны байгууллага, бусад их сургуулиудтай хамтран судалгаа хийж, тоо ярих нь зөв байх. Ипотекийн зээлийн хувьд 9 их наяд төгрөгийн зээл байна. Хүссэн хүндээ олдохгүй байгаа ч бодлогоор явуулахаар шийдвэрлэсэн. Монголбанк дээрээ л одоо байж байна. Бодлогын хүүтэй уяна гэдэг нь зөв санал байна.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-Саяны анхааруулгаас гадна бодлогын хүү, төгрөгийн ханш, инфляцийн түвшинг та бүхэн хариуцна. Төв банк Засгийн газрын түрийвч байж болохгүй шүү. Аль нэг арилжааны банкны түрийвч байж болохгүй шүү.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах Монголбанкны үндсэн зорилго орхигдож, нэг ам.доллар 3420 төгрөгтэй тэнцэж байна. Энэ чиглэлд анхаарч, аливаа валютын эсрэг чангардаг баймаар байна. Алтаар баталгаажсан мөнгөн тэмдэгтийг валют гэж байгаа. Монголд бүх түүхий эд нь байна. Своп хэлцэл хийж, төгрөгийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд маш сайн анхаарч ажиллаарай.
Нэр дэвшигч Н.Батнасан:
-Мөнгөн тэмдэгтийн ханш инфляци, валютын ханштай холбогдож байгаа. Нэг нь дотоодын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, нөгөөх нь гадаад худалдааны экспорит, импортын зөрүүгээс монгол төгрөг хэмжигдэж байна. Бид төсвийн бодлого, хэрэглээний чиглэлийн зарцуулалтыг багасгаж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ёстой. Гадаад валютын нөөцийг анхаарч, экспортоо нэмж, импортоо тодорхой хязгаарлах ёстой гэж харж байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
-Нэр дэвшигчдийн шалгуурыг сайн харсан байх гэж найдаж байна. Дэлхийн улс орнуудад Төв банкны хамгийн том зорилт бол ажилгүйдлийг багасгах байдаг. Энэ тал дээр та бүхэн ямар байр суурьтай байна. Хэр авч явах ёстой вэ. Төв банкны дижитал валютыг Хятад, Энэтхэг улс гаргаж байна. Энэ асуудалд байр сууриа хэлээч?
Нэр дэвшигч Б.Энх-Амгалан:
-Олон улсын болон онолын хүрээнд ажилгүйдэл, инфляци хоёр уялдаатай явдаг. Одоогоор Монголбанкин дээр хариуцсан асуудал байхгүй. Тиймээс энийг олон улсын жишиг рүү оруулах шаардлагатай. Дижитал валют олон улсад нэвтрүүлж, иргэдэд чирэгдэл учруулахгүй байх чиглэл рүү хөгжиж байна. Дижитал төгрөг гаргахыг дэмжинэ.
Нэр дэвшигч Н.Батнасан:
-Ажил эрхлэлтийг дэмжих гол асуудал нь хөрөнгө оруулалт. Энэ зээлийн хүү бага байж л хийгдэнэ. Арилжааны банкуудын хүү 18 хувь гэж үзэхэд 8 хувь нь инфляцитай, 4-5 нь хадгаламж эзэмшигч, 4 хувь нь банкны үйл ажиллагааны зардал, үлдсэн хувь нь банкны ашиг гэсэн бүтэцтэй. Эхлээд инфляци, арилжааны банкуудын зардлыг бууруулах ёстой. Зээлийн мэдээллийн санг үүсгэж, хариуцлагатай зээлийг бий болгоход анхаарах ёстой.
Нэр дэвшигч Б.Мөнхзаяа:
-Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ажилгүйдлийг бууруулах чиглэлээр санал санаачлага гаргана. Алсын хараа 2050 бодлогын бичиг баримтад 2030 он гэхэд дундаж орлогыг 12 мянган ам.долларт хүргэнэ гэсэн байсан. Одоогоор 5300 орчим ам.доллартай байна. Хөрөнгө оруулалт, ажлын байрыг дэмжиж, эдийн засгийн төрөлжилтөд анхаарах ёстой.
Нэр дэвшигч Р.Даваадорж:
-Холбооны нөөцийн сангийн ерөнхийлөгч улирал тутам тайлангаа тавьж, ажилгүйдлийн түвшинг зарладаг. Гэтэл манайд ҮСХ энэ талаар судалж байх шиг байна. Арилжааны банкуудын нийт зээл 35.7 их наяд төгрөгийн 21.8 их наядыг иргэд, 13.4 их наядыг хувийн хэвшил авсан байна. Энэ дүнгээс харахаар 20 их наяд гэхээр 3.5 сая хүн амын ойролцоогоор 1 сая өрхийн нэг өрхөд 22 сая төгрөгийн өртэй байна гэсэн үг. Энийг маш сайн анзаарах ёстой. Энэ бол буруу жишиг. Арилжааны банкуудын зээл ажлын байрыг бий болгож байх ёстой.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Маш нөлөө бүхий нийгэм, эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлж болох институци. Монголбанкны бодлогыг хүүг өсгөх, бууруулах, банкуудын төгрөг, валютын нөөцийг нэмэх, хасах гэх мэт маш том бодлогын шийдвэрийг гаргадаг. Энэ нь өөрөө хараат бус байх ёстой. Эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг хангадаг. Монголбанкны үндсэн зорилгыг юу гэж харж байна. Ямар мөнгөний бодлогын онолоор явж байна. Та бүхэн өөрсдийн итгэл үнэмшил аль талдаа байдаг вэ. Р.Даваадорж нэр дэвшигч Монголбанкны бодлогын хүү гэж юу вэ. Ямар сувгаар бодит эдийн засагт нөлөөлдөг вэ. Өмнө нь асуухад та буруу хариулсан. Тиймээс та сайн судалж мэдээрэй. Төв банкны итгэл үнэмшил нь өөрөө бодлогын шийдвэр, үр дүнгийн хэмжүүр байдаг шүү.
Нэр дэвшигч Р.Даваадорж:
-Монголбанкны бодлогын хүү дээр буруу хариулсан байж магадгүй. Гэхдээ Монголбанкны үнэт цаасны буюу арилжааны банкууд худалдаж авдаг хүүг хэлж байгаа. Өнөөдөр Төв банк 10 их наяд төгрөгийн үнэт цаасан дээр төвлөрсөн байна. Дөрвөн долоо хоногтоо Төв банкны үнэт цаас 7 их наяд гаруй байна. 24 долоо хоногийн хугацаатай үнэт цаас 1.2 их наяд төгрөг гээд нийт 10 их наяд төгрөг байна. Монголбанкны бодлогын хүү 10 хувьтай байгаа нь арилжааны банкууд өөр дээрээ байгаа актив хөрөнгөө гаргах уу, Монголбанкны үнэт цаасыг худалдаж авах уу гэдэг шийдвэрийг гаргана. Тиймээс 12 банк ашигтай гэдгийг хараад 10 их наядыг төвлөрүүлчихсэн байна. Гэтэл энэ мөнгө чинь аж ахуйн нэгж дээр очиж, ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Ер нь нартай дулаан өдөр удахгүй дуусна. Монголбанк бүлэглэлийн бэлэн мөнгөний машин шиг л ажиллаж байгаа шүү. Өнөөдөр бодлогын хүү 10 хувьтай гэж байгаа. Зах зээл дээр хэчнээн хүү байх ёстой юм бэ. Хамгийн өндөр хүүтэй зээлийг ядарсан малчид л авч байна. Тэр мэдээлэлд ойр хүмүүс 3-6 хувийн зээл авч байна. Яагаад гадаадын банк орж ирдэггүй юм бэ. Олигтой том төсөл санхүүжүүлж чадахгүй. Ломбард шиг юмнууд. 2 их наядын өртөгтэй нэг архины үйлдвэр, 2-3 банк, "Эрдэнэс Тавантолгой" компани л байна. Төр дээр хамаг юм овоолж байна. Нэр дэвшигчдээс ганц нэг сайн хүмүүс байна. Зарим нь хагас солиалист юм яриад байна.
Валют чинь "Найман шарга" эсвэл Монголбанк дээр нэг өөр үнэтэй байна вэ. Энэ улс орон хүнд болох нь ээ. Мөнгөний бодлого сууриараа буруу явж байна.
Нэр дэвшигч Н.Батнасан:
-Гадаадын банкийг оруулахад сайн, муу талтай. Том төсөл хэрэгжүүлэх ёстой ч Монголын банк хэрэгжүүлэх чадамж байхгүй. Бараг 4-5 үйлдвэр барихад 30-40 тэрбум ам.долларын хэрэгцээ гарахад санхүүжүүлэх боломжгүй байдаг. Энэ тохиолдолд гадаадын банкийг оруулж ирэх шаардлага байгаа. Нөгөө талдаа гадаад банкийг оруулсан улс орнуудад үндэсний банктай нь ховор үлдсэн. Тэгэхээр банкны ашиг гадаад руу явдаг байдал руу орох эрсдэлтэй. Ямар зөвшөөрөл олгох вэ гэдэг дээр өндөр шаардлага тавих ёстой.
Зээлийн хүү яагаад өндөр байна вэ гэхээр энэ өрсөлдөөнтэй холбоотой. Банкны салбар давамгайлсан учраас хүү буурахгүй байгаа юм. Зээлийг арилжааны зарчим руу шилжүүлэх ёстой. Ипотекийн зээлийн хүү юм уу, м.кв өртгийг бууруулахад анхаарах ёстой юу гэдгийг анхаарах ёстой.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны зарим гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, санал хураалт явууллаа. Нэр дэвшигч Н.Батнасанг орон тооны бус гишүүнээр томилохыг 59.1 хувиар, Р.Даваадоржийг 50.5 хувиар, Б.Мөнхзаяаг 58.1 хувиар, Б.Энх-Амгаланг 52.7 хувиар дэмжлээ. Байнгын хорооны саналаар орон тооны бус гишүүнийг чөлөөлөх санал хураалт явуулж Ц.Батсүх, Ц.Мөнхбаяр, Ч.Хашчулуун нарыг 57 хувиар дэмжин, чөлөөллөө.
"Ажилласан байгууллагаа бичиж чаддаггүй хүн томилох гэж байна"
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Нэр дэвшигчдийн талаар гаргасан Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн танилцуулав. Тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн даргаар М.Буяндэлгэрийг, зөвлөлийн гишүүнээр О.Оч, Б.Энхбаяр нарыг томилуулах саналыг олонх дэмжсэн бол бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Р.Ринчинбазарыг СЗХ-ын Хяналтын зөвлөлийн даргаас, Б.Амарсанаа, Д.Цэрэнбадам нарыг гишүүнээс чөлөөлөх саналыг олонх дэмжсэн" гэв.
Хууль зүйн байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр танилцууллаа. Тэрбээр "Нэр дэвшигч Ч.Сайнбилэг, С.Халиунаа нарыг олонх дэмжиж, СЗХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүнээр томилох нь зүйтэй гэж үзсэн. Мөн Хяналтын зөвлөлийн гишүүний бүрэн эрх дууссан Ж.Эрдэнэбилэгийг чөлөөлөх асуудлыг олонх дэмжсэн гэв.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Санхүүгийн сектор эрүүл, хяналттай байж олон ажлын байрыг бий болгоно. Олонхоороо УИХ шийдэж байгаа ч ашиг сонирхол гаргахгүй байхад анхаарах ёстой. Өмнө нь үүсгэсэн бүх өрийн бондуудыг хямд эх үүсвэрээр солих, төсөвт дарамт учруулахгүй байх, Монгол Улсыг хар, саарал жагсаалтаас гаргах ажлын хэлэлцээр дээр төлөөлж байсан залуусыг ийм зүйлээр мухарлаж байна. Үүн шиг шинэ хүмүүс томилохдоо сайн бодоорой. Өнөөдөр өөрийнхөө намтар дээр ажилласан байгууллагаа бичиж чадахгүй байгаа хүн орж ирсэн байна. Би асуусан. Өөрийнхөө ажилласан "BBS" банк бус санхүүгийн байгууллага, Төрийн банкинд ажиллаж байснаа бичиж чадахгүй хүн нэр дэвшиж байна. Би "Та яагаад энэ байгууллагуудаа бичихгүй байна вэ" гэсэн "Маягт нь гуравхан нүдтэй, багтаагүй" гэж хариулаад бодлогын хэдэн асуултад хариулж чадахгүй, асуултаа тэмдэглэж авч чаддаггүй хүнийг томилох гэж байж чадвартай залуусаа шоглодгоо болих хэрэгтэй. Тэгээд бодно биз. Ч.Сайнбилэг та хариул. Ямар эрх ашиг байна вэ?
Нэр дэвшигч Ч.Сайнбилэг:
-Миний хувьд "BBS бэлт" ББСБ-ыг 2009 онд үүсгэн байгуулж, 2012 он хүртэл ажиллаж байгаад, өөр өмчлөгчид гэрээгээр шилжүүлж өгсөн. Гараараа анкет бичих нөхцөл байдалтай байсан. Компьютер дээр бичих боломжтой ч цаг хугацааны хувьд боломжгүй байсан. Би өөрийгөө нэр дэвшүүлэхдээ гол төвлөрч, урт хугацаанд ажилласан ажлуудаа бичсэн. Төрийн банкны хувьд 6 сарын хугацаатай ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан юм.
Тэрнээс биш нэр дэвшиж, албан тушаалд томилогдвол бусдын нөлөөнд автахгүйгээр өөрийн итгэл үнэмшлээр ажиллах болно.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Ийм л хандлага гаргаж байгаа юм. Бид үнэхээр боловсролтой залуусыг шоглочихоод анкет бөглөх цаг хугацаа байгаагүй гэж хэнийг доромжлоод байгаа юм бэ. УИХ-ын босго ийм намхан болсон юм уу. Чухал албан тушаалд бэлтгэж чадаагүй хүн бусдын төлөө ажиллахгүй. Энэ удаа чимээгүй байя гэсэн дуугарахгүй өнгөрч болохгүй юм байна. УИХ-ын гишүүд битгий дэмжиж санал өгөөрэй.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Чадварлаг залуус орж ирж байна. П.Сайнзориг гишүүний хэлсэн нь бас үнэн. Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшигч М.Буяндэлгэр гэж хүн байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын бодлогоо баталсан. Энэ хүрээнд 14 мега төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. М.Буяндэлгэр энэ ажилд сууж ажиллаж байсныг онцлоё. Хяналтын зөвлөлийн хараат бус байдлыг хэрхэн авч явах вэ?
Нэр дэвшигч М.Буяндэлгэр:
-СЗХ УИХ-аас баталсан бодлогыг хэрэгжүүлдэг байгууллага. Бодлогын хэрэгжилтэд УИХ-ын өмнөөс хяналт тавьж ажилладаг. Гэхдээ СЗХ-ны Эрх зүйн байдлын тухай хуулийн долдугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагаагаа хараат бусаар, гишүүдийнхээ олонхоор шийдвэрлэдэг. Хуулиар олгосон эрх хэмжээнд хуралдаж, олонхоороо шийдвэрлэнэ.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Бүх залуусыг дэмжиж байна. Мэргэжлийн байнгын хороо ажиллаж, олон асуултад үндэслэж, нэр дэвшүүлж байгаа. СЗХ санхүүгийн зах зээлийн гурван тулгуурын хоёрыг нь хариуцдаг. Даатгал, хөрөнгийн зах зээлийг хариуцдаг. Санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкны салбар эзэлсэн байгаа нь ажлаа сайжруулахыг илтгэж байна. Эдийн засгийн байнгын хорооны гишүүддээ зөвлөн туслах үйл ажиллагааг сайн хийгээрэй. Даатгалын салбарыг маш сайн анхаараарай.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:
-СЗХ-ноос 10 сард жолоочийн албан даатгалын итгэлцүүрийг нэмэгдүүлэх асуудлаар ХЗДХЯ-нд нийтээр дагаж мөрдөж журмын жагсаалтад оруулах саналыг хүргүүлсэн юм билээ. О.Алтангэрэл энийг хянаж үзээд бүртгэж аваагүй. Бичиг баримтын бүрдэл дутуу, Үндсэн хууль зөрчсөн, нөхцөл байдлын нөлөөллийн мэдүүлгийг бодит байдалд нийцүүлээгүй гэдэг гурван шалтгаанаар сайд татгалзсан. Яагаад албан журмын даатгалын хөдөлгөөнийг хийхдээ салбарын яаманд бүртгүүлэхгүйгээр нийтэд мэдээлж, хэрэгжүүлсэн бэ. Яагаад үе үе босч ирдэг юм бэ?
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Санхүүгийн боловсрол олгох тал дээр анхаарах хэрэгтэй. Энэ тал дээр учир дутагдалтай ажилладаг. Яагаад гэхээр 2024 оны гуравдугаар сарын байдлаар сарын дундаж хүү нь 3.5 хувийн хүүтэй зээл 5.2 их наяд төгрөг банк болон аппликейшнээр гарч, оны эцсээр 7 их наяд төгрөг болсон. Мөн 2024 оны эхний зургаан сарын байдлаар зөвхөн аппликейшны зээлээр нэг их наяд төгрөг гарсан байна. Орлого, хөрөнгө барьцаалдаггүй болохоор нэг хүн 2-3 аппликейшны зээл авч байна. Энэ асуудал маш их анхаараарай. Цахим мөрийтэй тоглоом буюу бэтэд мөнгөө залуус их алдаж байна. Хуулиараа хориотой мөртлөө гадаадын сайтууд Монголд ажиллаж, бооцоот тоглоомд амь, амьдралаа алдаж байна.
УИХ-ын гишүүн М.Мандхай:
-Эдийн засгийн байнгын хороон дээр 13 цаг сууж, олон талаас нь асууж, санал солилцсон. Энд олон гишүүн оролцсон. Гэтэл хуралдаа суудаггүй мөртлөө хүнээ танихгүй, улстөржиж орж ирж чадвартай залуусыг сонгуулахгүй байхад нөлөөлж байгаа нь харамсалтай байна. Саяны СЗХ-ны хяналтын зөвлөлийн гишүүн бол хуульд заасан квотоор орж ирэх байсан. Улстөржүүлж байгаад харамсч байна. Энэ бүрэлдэхүүнд амжилт хүсье. Хамгийн чухал нь Хяналтын хороо хараат бус, нөлөөнд автахгүй байх ёстой. Хувьцаат компаниудын санхүүгийн тайланд анхаарахгүй бол хуурамч тайлан гаргадаг. Маш сайн дүн шинжилгээ хийж, журмыг нь чангатгах шаардлагатай.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:
-МАН, АН, ХҮН нам ажлын хэсэг байгуулж, албан тушаалаа хуваарилдаг юм шиг байна. Улс орны хувьд тулгамдсан асуудал олон байгаа. Улс төрийн намууд нэн яаралтай гэдгээр хэлэлцүүлж томилдог. Энэ асуудлаа дуусгаад эх орныхоо тулгамдсан асуудалд анхаарвал яасан юм бэ. Нууцаар санал өгөхөөр нэг нэгнийхээ саналыг унагаачихдаг юм байна. СЗХ бол улсын хэмжээний санхүүгийн асуудал, мөнгө хүүлэлтийг зогсоох ёстой. Том жижиг худалдан авалтыг иргэд банк бус, аппликейшнээс авч байгаа бол 12 арилжааны банкны босго нь өндөр байдаг. Энэ асуудлыг хэрхэн өөрчлөх вэ?
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Нэр дэвшигчийн сонсгол нээлттэй явагдсан. Энд улс төрийн нам хамтарсан хамтраагүй огт холбоогүй. Бүгдээрээ хариуцлагатай хандаж, улс төрийн өнцгөөр мушгидгаа болих хэрэгтэй. Нээлттэй сонсгол явуулж, нийт 40 гаруй хүн бүртгүүлэн хоёр байнгын хороонд ажлын хэсэг гарч, томилгооны сонсголыг зохион байгуулсан. УИХ-ын нийт гишүүдэд нээлттэй мэдээлэл өгсөн. Хуулиа дутуу судалж, мэдээлэл дутуу авснаас мушгин гуйвуулж байгаагаас залуусын урам зоригийг мохоож байна. Сая Сангийн сайдын санал болгосон нэр дэвшигчийг улс төртэй хутгаж байна. Цаашдаа төрд ажиллаж байгаа чадварлаг боловсон хүчний урам зоригийг мохоож болохгүй. Энэ хүмүүс айхтар өндөр цалингүй юм билээ. Нөгөө талдаа ямар нэгэн байдлаар цөөнхийн эрх ашгийг хангахын төлөө ажиллаж болохгүй. Ажлын хэсэгт Д.Пүрэвдаваа гишүүнийг оруулж ажиллуулна.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:
-Нэр дэвшигчдийг нээлттэй зарласан нэрийн дор хэр олон нийтэд мэдээлэл хүргэсэн бэ. Сонсголын тав хоногийн хугацаанд УИХ-ын цахим хуудсаас гадна МҮОНРТ, UBN.MN, Шогч.мн, Соронзньюс.мн, Си.мн, Улстөрч.мн, МҮОНР, ТВ25 телевизээр 14 хоногийн давтамжтай хүргэсэн гэжээ. Энд оролцох мэргэжлийн хүмүүсийг бүртгэхдээ мэргэжлийн баймаар байна.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
-Би бүх танилцуулгыг харсан. Хяналтын зөвлөлийн даргад нэр дэвшигч М.Буяндэлгэр нь газар зохион байгуулагчаар бакалавр, магистраа хамгаалсан энэ чиглэлээр 23 жил ажилласан байна. Хөрөнгийн биржээр газрыг худалдаалах ажлыг зохион байгуулах гэж байгаа юм бэ. Бусад нь бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр төгссөн хүмүүс байна лээ. Нэг ч хуульч, аудитор байхгүй. Зөрчлийг хянана шүү дээ. СЗХ-ны дараагийн чиг хандлага, хөгжлийг олж харахгүй байна. Орон тооны бус гишүүдийн цалин бага юм байна. Та бүхэн яаж амьдрах юм бэ. Орлогоо хаанаас олох вэ?
Нэр дэвшигч М.Буяндэлгэр:
-Би гурван мэргэжил эзэмшсэн. Эхнийх нь газар зохион байгуулагч, дараагийнх нь санхүүгийн шинжээч, бас хуульч мэргэжилтэй. Гэхдээ намтар дээр инженерийн чиглэлээр олон жил ажилласан учраас байнгын хороон дээр энэ талаарх асуултыг асуусан. Санхүүгийн чиглэлээр бас ажилласан туршлагатай. СЗХ-ын Хяналтын зөвлөлийн хийх ажил УИХ-аас баталсан бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, УИХ-ын гишүүдийг үнэн зөв мэдээллээр хангаж ажиллана.
Нэр дэвшигч О.Оч:
-Би санхүүгийн байгууллагад ажиллаж байсан. Хугацаандаа шинэлэг зах зээлийг хөгжүүлэх төсөл хөтөлбөрийг санаачлан ажиллаж байсан учраас нээлттэй зарын дагуу нэрээ дэвшүүлсэн. Санхүүгийн зах зээлд оролцогчдын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.
Нэр дэвшигч Б.Энхбаяр:
-Миний хувьд 10 жил СЗХ-ны санхүүгийн зохицуулах байгууллага, банкны салбарт ажилласан туршлагатай. Аль аль байгууллагад ажилласан учраас шуурхай, уян хатан үйл ажиллагаа болгох чиглэлд анхаарах итгэл үнэмшилтэйгээр нэрээ дэвшүүлсэн. Эрх үүрэг нь зөвхөн СЗХ-ны гаргасан тогтоол шийдвэртэй холбоотой асуудал, хэрэглэгчдийн санал гомдлыг хэлэлцэх боловч, өөрийн санаачлагаар санхүүгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж харж байна.
Нэр дэвшигч Ч.Сайнбилэг:
-Миний хувьд банкны салбарт анхан шатнаас нь эхлээд санхүү эрхэлсэн орлогч хүртэл нийт 20 орчим жил ажилласан. Тэр дундаа хөрөнгө зохицуулалтын газар олон жил ажилласан. Би хадгаламжийн даатгалын корпорацид гурван жил ажиллахдаа Анод, Зоос банк дампуурсны дараа хадгаламж эзэмшигчдийн итгэл алдагдах үед хууль батлагдаж, энэ тогтолцоог нэвтрүүлэхэд ажилласан. Олон нийтийн санхүүгийн мэдлэгийг сайжруулах ажилд бас анхаарч ажиллаж байсан. Хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэхэд санал санаачлага гаргаж ажиллах болно.
Нэр дэвшигч С.Халиунаа:
-Би хуульч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагаар магистраа хамгаалсан. Мөн АПУ компани, Ард санхүүгийн нэгдэлд ажиллаж байсан. Алсын хараатайгаар ажиллах хүсэлтэй байгаа. Зөвхөн банк бус санхүүгийн байгууллагын зээлийн асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Монголд Хувь хүний дампуурлын тухай хуулийг авч хэлэлцээгүй байна. Нийт 210 мянган ААН-үүдээс 50 мянгыг нь татан буулгасан. ББСБ-ууд иргэдийн хэрэглээний зээлийг хангаж байна. Чанаргүй зээлийн олголт буурах болно.
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, санал хураалтаар М.Буяндэлгэрийг Хяналтын зөвлөлийн даргаа томилохыг 55.6 хувь буюу 50 гишүүн дэмжлээ. О.Очийг гишүүнээр томилохыг 62.6 хувиар, Б.Энхбаярыг 65.6 хувиар, Ч.Сайнбилэгийг 56.7 хувиар, С.Халиунааг 60 хувиар дэмжиж томиллоо. Бүрэн эрхийн хугацаа дууссан Р.Ринчинбазарыг СЗХ-ын Хяналтын зөвлөлийн даргаас, Б.Амарсанаа, Д.Цэрэнбадам нарыг гишүүнээс чөлөөлөх саналыг 65.6 хувиар дэмжигдэж, УИХ-ын тогтоол батлагдлаа.
СЗХ-ны орон тооны бус гишүүнд 3 нэр дэвшигчээс 2-ыг нь томилов
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал хэлэлцэж байна. Нэр дэвшигчдийн талаар гаргасан Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл танилцууллаа. Тэрбээр СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Саруул, Л.Сонор, Ш.Хандсүрэн нарыг нэр дэвшүүлсэн талаар танилцуулав.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд учирдаг саад бэрхшээлийг арилгах тал дээр ямар бодолтой явдаг вэ. Улсын санхүүгийн тогтолцоог тогтвортой болгохын тулд ямар өөрчлөлт хийх шаардлагатай вэ. Даатгал, уламжлалт банкнаас гадна өөр шинэ салбаруудад зохицуулалт хийхэд ямар бодолтой явдаг вэ. Энэ зах зээлийн хяналтыг хэрхэн хийх ёстой вэ?
Нэр дэвшигч Л.Сонор:
-Яг одоо Монголд хэрэгжиж байгаа хууль журмын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих Зээлийн батлан даалтын сангийн тогтолцоо ажиллаж байгаа. Энэ тогтолцоо бүрдээд 10 гаруй жил болж байна. Барьцаа хөрөнгийн шаардлага хангалтгүй байдаг. Батлан даалтад гаргаж, ЖДҮЭХ-дэд санхүүгийн боломж нээх зохицуулалттай. Урт хугацааны механизм бол хөрөнгийн зах зээл байдаг. Банкны хувьд богино хугацаанд санхүүжүүлдэг бол хөрөнгийн зах зээлд бонд, үнэт цаас хэлбэрээр уян хатан байдлыг сайжруулж, индексүүд дээр сайжруулах боломж бий.
Нэр дэвшигч Б.Саруул:
-Ил тод байдлыг дэмжиж, төрийн үйлчилгээ хүнд сурталгүй байх ёстой. Тогтвортой байдлын зөвлөлийн дагуу СЗХ гишүүнээр оролцдог. Одоо 80 хувь банк давамгайлсан, 15 хувийг хөрөнгийн зах зээл эзэлж байна. Үүнийг нэмэгдүүлж, томоохон төрийн өмчит компаниудыг нээлттэй болгох тал дээр анхаарах шаардлага байгаа. Ингэхдээ хөрөнгө оруулагчдыг татаж, дэмжих нь зүйтэй. Улсынхаа зээлжих зэрэглэлд анхаарах шаардлагатай. Үүнийгээ батжуулж, нэмэгдүүлэхэд хамтран ажиллах нь чухал. Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийхээ багасгаж, их хэмжээний хөрөнгө эргэлдэж буй аж ахуйн нэгжүүдэд хяналтыг давтамжтайгаар хийх журам гарч, нэг чигт хараад явж байгаа.
Нэр дэвшигч Ш.Хандсүрэн:
-Хяналт шалгалтын ажиллагааг тодорхой болгох шаардлагатай. Зөвшөөрөл, мөнгөний эх үүсвэрийн тухай яригдсангүй. Чухал асуудал бол хөрөнгө оруулагчдын мөнгөн хөрөнгийн эх үүсвэр хууль ёсоор олсон орлого байх тухай хуулийн зохицуулалттай. Энийг тодорхой болгосноор цахимжуулах асуудлыг бүрэн шийдэх боломжтой гэж харж байна. Хүүгийн асуудал яригддаг. ББСБ зах зээлээс мөнгө татахдаа өндөр хүүтэй эх үүсвэр татдаг. Хяналт шалгалтын аргаар энийг зохицуулах боломжтой.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Нийтийн албанд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу банк бус, даатгалын бизнес эрхэлдэг УИХ-ын гишүүд энэ томилгоон дээр өөрсдөө сайн дураараа санал өгөхгүй байхыг хүсч байна. Яагаад гэхээр өөрөө тэр салбарт бизнес хийж байж өөрийн хамаатнаа томилж байгаа ийм тохиолдол болж байна.
СЗХ дээр байгаа жижиг хувьцаа эзэмшигчдийн гомдлыг хэрхэн шийддэг вэ. СЗХ-ны хууль журмыг хэрэгжүүлдэггүй компаниуд байгаа. Үүнийг яаж шийдвэрлэх вэ. Мөн 555 ББСБ үйл ажиллагаа явуулж, 5.2 их наяд төгрөгийн зээл иргэдэд олгосон байна. Мөн койны хохирлын асуудал одоо хүртэл шийдэгдээгүй. Татвар төлөх үү?
Нэр дэвшигч Л.Сонор:
-Сүүлийн 30 жил жижиг хувьцаа эзэмшигчидтэй холбоотой асуудал үүсч байна. Шүүхээр маргаан үүсдэг. 2024 онд батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу сайжруулах хэрэгтэй байгаа. Тусгайлсан хуулийн зохицуулалтыг нарийвчлах ажилд анхаарна. Мөн энэ асуудалд технологийн дэвшлийг нэвтрүүлэх боломжтой. Жишээлбэл, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан жижиг хувьцаа эзэмшигчид жил бүрийн хувьцаа эзэмшигчдийн хуралдаа саналаа хэлж, технологи ашиглах нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй.
Банкны салбарын хэрэглээний зээлүүдэд тодорхой хязгаарлалт хийсэн боловч өнгөрсөн жилүүдэд энэ төрлийн зээл нэмэгдэх асуудал байсан.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Ийм л болчихоод байна. Асууна, олигтой хариулт хэлж чаддаггүй. Тодорхой асуулт асуусан. Малчид яагаад өндөр хүүтэй зээл авсан юм бэ. Үндсэн хуульдаа мал төрийн хамгаалалтад байна гэсэн. Орон тооны бус гишүүд нь баахан төрийн албанд ажилласнаа гайхуулаад байх юм. Хувийн хэвшил гэж байхгүй юм уу. Тэнд очиж ажиллачихаад хувийн хэвшлийнхнийг дарамталж, хаадаг. Хувийн хэвшилд ажиллах орон зай алга.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Санал нэг байна. Банкны хүү, ББСБ-аас олгож байгаа зээлийн хүү иргэдийн орлого, бизнест нийцэхгүй өндөр байгаа. УИХ-аас хууль эрх зүйн орчинд сайжруулалт хийх замаар зээлийн хүүг бууруулах алхмуудыг хийнэ. Үүнд шинээр сонгогдож байгаа СЗХ-ны дарга, орон тооны бус гишүүд, хяналтын зөвлөл, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүд, орон тооны болон орон тооны бус гишүүд идэвхийлэн ажиллах ёстой. Учир нь өмнөх гишүүдийн хугацаа дуусч, хэд хэдэн жил болсон мөртлөө өөрчилж шинэчлээгүй.
Сонгогдсон орон тооны бус гишүүд ажил хариуцаж байгаа эсэх нь тодорхойгүй байдаг учраас шинэ томилгоог цогцоор нь хийж байгаа юм. Идэвхтэй ажиллаж, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх ёстой. Иргэдийн эрх ашгийг маш ихээр зөрчиж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлд анхаарна. Яагаад бизнесийн зээл 18 хувь, хэрэглээний зээл 24 хувьтай байгаа юм бэ. Арилжааны банкууд богино хугацаатай, өндөр хүүтэй зээлд анхаарч байгаа асуудалд УИХ онцгой анхаарч ажиллана.
УИХ-ын гишүүд асуулт дууслаа. Байнгын хорооны саналаар СЗХ-ны орон тооны бус гишүүнийг томилох санал хураалтыг хүн нэг бүрээр явуулж, Б.Саруулыг 55 гишүүн буюу 51.1 хувиар, Л.Саруулыг 39 гишүүн буюу 43.3 хувиар дэмжсэнгүй.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Санал өгч чадсангүй, дахин санал хурааж өгөөч.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Тамгын газраас санал хураалт дээр горимын санал гаргах боломжтой юу?
УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Ч.Ариунхур:
-Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын гишүүн горимын санал гаргаж болно. Нууц санал хураалтаа өөрөө нотлох үүрэг хүлээнэ.
Б.Жавхлан сайдын горимын саналыг 41.2 хувиар дэмжсэнгүй. Нэр дэвшигч Ш.Хандсүрэнг орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжих нууц санал хураалтаар 55 гишүүн буюу 61.1 хувиар дэмжигдлээ. Үргэлжлүүлэн СЗХ-ны орон тооны бус гишүүн Б.Батхишиг, Н.Мандуул, Б.Баярдаваа нарыг үүрэгт ажлаас чөлөөлөх нууц санал хураалт явуулж, 55 гишүүн буюу 61.1 хувь нь дэмжлээ. УИХ-ын тогтоол батлагдсанд тооцлоо.
"Нэг байгууллагадаа олон жил ажиллана гэдэг том шалгуур биш"
Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ. Нэр дэвшигчийн талаар гаргасан Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Мандхай танилцуулж, танилцуулгыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уншиж танилцууллаа.
Т.Жамбаажамцыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалд томилохоор нэр дэвшүүлж байна. Тэрбээр 1982 онд Баянхонгор аймагт төрсөн. Ам бүл зургаа. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг.
Тэрбээр, 2006 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2017 онд Санхүү, эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.
Нэр дэвшигч 2006 оноос Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээр ажиллаж эхлээд тус байгууллагад нийтдээ 16 жил ажилласан байна.
Тодруулбал, 2006-2007 онд Хяналт шалгалтын газрын мэргэжилтэн, 2007-2009 онд Үнэт цаасны газарт мэргэжилтэн, 2009-2011 онд Үнэт цаасны газрын хянан шалгагч; 2011-2013 онд Үнэт цаасны газрын ахлах хянан шалгагч; 2013-2014 онд Хөрөнгийн зах зээлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга; 2014-2015 онд Үнэт цаасны газрын дарга; 2015-2016 онд Хяналт шалгалтын газрын орлогч дарга; 2016 оноос одоог хүртэл Ажлын албаны даргын албан тушаалыг хашиж байгаа аж.
Япон, Англи, Малайз, Энэтхэг, Египет, Солонгос, Хятад, Америк зэрэг улсад санхүүгийн хөрөнгийн зах зээлийн чиглэлээр богино болон дунд хугацааны сургалтад хамрагдсан. 2010-2012 онд Нью-Йорк хөрөнгийн бирж, Лондоны хөрөнгийн бирж, Хонгконгийн хөрөнгийн бирж, АНУ-ын Хөрөнгө оруулалтын банк, Үнэт цаасны хороонд дадлагажигчаар суралцсан байна. 2011 онд БНСУ-ын Хөрөнгө оруулалтын банк болох “Leading Investment & Securities”-т гурван сарын хугацаанд дадлагажиж тус тус мэргэжил дээшлүүлсэн байна.
УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
-Нэр дэвшигчийг дэмжиж байна. Санхүүгийн зохицуулах хороонд маш олон жил ажилласан туршлагатай хүн. Жолоочийн албан журмын хариуцлагын асуудал юу болж өнгөрөв. 2011 онд УИХ-аар Албан журмын даатгалын хууль батлагдсан. Би тухайн үед даатгалын компанид ажиллаж, жолоочийн даатгал хийдэг байлаа. 2011 оноос хойш 14 жилийн дараа 2024 оны аравдугаар сард итгэлцүүрээ шинэчилжээ. Тогтоолоор бүрэн эрхийн дагуу. Гэтэл нийгэмд даатгал 700 мянган төгрөг болсон гэсэн мэдээлэл цацагдсан. Төр засаг руу дайрах асуудал гарлаа. Үнэхээр даатгал 700 мянган төгрөг болсон юм уу. Тухайн үед итгэлцүүрээ гаргачихаад итгэлцүүрээ хоёроор нэмэгдүүлж, жолоочоо хариуцлагажуулах үүднээс осол хийсэн бол даатгалын хураамжаа 40 хувиар нэмж, хариуцлагатай жолоочын хураамж буурна гэж ойлгосон.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Дэмжиж байна. Нэг байгууллагадаа олон жил ажиллана гэдэг том шалгуур биш. Хоёулаа олон төсөл дээр ажиллаж байсан учраас зарчмаа барьдаг гэдгийг мэднэ. СЗХ их хойрго учраас шийдэмгий байгаарай гэж хэлье. Энэ зах зээл дээр өрсөлдөөн явж баймаар байна. Гэтэл ББСБ-ын дүрмийн санг өсгөөд байхаар цөөн тооны хүмүүс зах зээл дээр үлдэж байна. Манайд хэрэглээний зах зээлийг л дэмжиж байгаа. Гадаад худалдааны тэнцэл дээр асар их хувь нэмэр оруулж байгаа. Зарим хуулиуд зохицуулалтын хувьд хоцрогдсон. Тиймээс технологид суурилж, иргэдийн эрхийг тэнцвэртэй хангахад анхаараарай. Болж өгвөл дүрэм журмаа хуульчлаарай. Зах зээлийг тогтворгүй болж, иргэд хохирдог. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалаарай. Оюуны өмчийн эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэ цэнтэй болгоход манлайлж ажиллаарай.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:
-СЗХ бол улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь зохицуулдаг болсон байгаа шүү. Арилжааны банкууд хүртэл энд хамрагддаг болсон. Дэмжиж байна. Гэхдээ гурван зүйлд анхаараарай. Төрийн өмчит компаниудыг нээлттэй болгон гэхээр хувьцааг нь Хөрөнгийн бирж дээр гаргах асуудлыг ярьдаг. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нь нэн тэргүүний ажил. Хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авья гэвэл жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах ёстой. Койны асуудал байна. Цар тахлаар эрчээ авч, би нэг биш удаа очиж уулзсан. Асуудал хүндэрсний дараа бүртгэл хийж эхэлсэн. Асуудлын араас хоцорч, иргэд хохирч байна. Та бүхэн онцгой анхаарч ажиллаарай. Зөвшөөрлийн тухай хууль батлагдаад хоёр жил болж байна. Нийт танай салбарт 33 тусгай, 25 энгийн зөвшөөрөл гээд хамгийн олон зөвшөөрөл шаарддаг. Энэ тоог багасгах тал дээр анхаараарай.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
-Дэмжиж байна. СЗХ-нд 19 жил тасралтгүй ажилласан байна. Банк бус санхүүгийн байгууллага, койнтой холбоотой асуудал гээд олон асуудлын араас явдаг. Шинэчлэлийг зоригтой хийгээрэй. Иргэн бүр санхүүгийн харилцаа явуулж байгаа. Залуу хүн учраас туршлага дээрээ тулгуурлаад сайн ажиллаарай.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Мөрийтэй тоглоомын асуудал дээр хэрхэн анхаарах вэ. Эс үйлдэхүй хийж, асуудлыг хүндрүүлдэг гэж хардаг. Орон нутгийн иргэдийн санхүүгийн боловсрол дээр анхаарч, энэ зах зээлд татах ямар ажлыг хийх вэ. Ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг шинэ хуулиар зохицуулах боломж байна уу?
Нэр дэвшигч Т.Жамбаажамц:
-СЗХ-ны хувьд Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг хамгаалах хуулийн хүрээнд ажилтан, албан хаагчид үйл ажиллагаагаа явуулдаг. Тодорхой хязгаарлалтын хүрээнд мэдээ тайлангаа өгдөг. Авлига албан тушаалын зөрчлөөс ангид байх бодлогыг хуулийн дагуу хэрэгжүүлж ажиллана. Санхүүгийн салбар нээлттэй ил тод, хариуцлагатайбайдаг онцлог салбар. Хэрэв би энэ албан тушаалд томилогдвол энэ чиглэлээр манлайлан ажиллана.
Цахим луйвар, залилангийн асуудал. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг 4-5 дахин нэмэгдсэн байна. Энэх бүхэн иргэдийн санхүүгийн боловсролтой шууд холбоотой. Тэгэхээр СЗХ 30 хуулийн хүрээнд хяналт тавьж ажилладаг байгууллага. Энд цахим луйвар байдаггүй. Хялбар аргаар мөнгө олох гэсэн сонирхол дээр дөрөөлж цахим гэмт хэрэг үйлдэгддэг. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хамтын харилцааг хуулиар зохицуулсан бол хандивт суурилсан, зээлд суурилсан төрөл зохицуулалтгүй байгаа. Энэ асуудалд анхаарч, хуулийн төсөл боловсруулах чиглэлд манлайлж ажиллана.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:
-Есөн жил тасралтгүй дарга хийсэн хүн байна. Ажлын албаны дарга хариуцлагатай алба. Жинхэнэ дарга болоход танд ямар эрх мэдэл дутав. Хадгаламж зээлийн хоршоо, ломбард, ББСБ-ыг тоог буурна гэсэн байна. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө тусгасан. СЗХ маш муу ажиллаж, ил тод байж чаддаггүй гэж хардаг.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Салбартаа олон жил ажиллаж, туршлагатай албан хаагч учраас энэ албан тушаалд нэр дэвшсэн. Өөрөөс нь би санал сонсоогүй. Шинэ тутам хөгжиж байгаа салбар учраас хууль эрх зүйн орчныг нь сайжруулах шаардлага байгаа. Гаднаас шинэ хүн томилж, хугацаа алдахгүйгээр энэ хүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Би дараа нь хүлээн авч, үндсэн чиглэл өгнө гэж бодож байна. ББСБ-ын эрх зүйн зохицуулалт маш сул байна. Арилжааны банкнаас илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл олгодог байдал нь өндөр хүүгээр мөнгө хүүлэх боломжийг бий болгож байна.СЗХ-ны хариуцдаг даатгалын тогтолцоо байна. Даатгалын байгууллагуудаар хяналтын чиг үүргийг гүйцэтгүүлдэг болохгүй бол төр өнөөдөр иргэн аж ахуйн нэгжээ хянах боломжгүй байна. Үндсэн мэргэжил нь хуульч хүн байна лээ. Ийм зорилгоор энэ хүнийг нэр дэвшүүлсэн.
УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа:
-Өөрөө хариултаа өгсөн дээр байх.
Нэр дэвшигч Т.Жамбаажамц:
-СЗХ-ны үйл ажиллагааг тодорхой салбарын зохицуулалтаар хэрэгждэг. Хөрөнгийн зах зээл, даатгалын салбар бол санхүүгийн зах зээлийн тулгын гурван чулуу. Энэ гурвын хоёрт нь том эрх зүйн шинэчлэлийг хийж, цахим хөрөнгийн арилжаа хийнэ. Олон нийт энэ зах зээл рүү орох боломжоор хангана.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Залуу хүн ажлаа хийж, үр дүнд хүрэх нь чухал. СЗХ-ны төсөв 2024 онд 14 тэрбум төгрөг, 2025 онд 21 тэрбум төгрөг байна. Ямар нэгэн асуудал гарахад төсвийн дутагдал гарахгүй байх. Зориг дутаж болохгүй. Пүүсийн мөнгө угаалт сонгодог утгаараа одоо хэрэгжиж байна. Аппликейшны зээлгүй хүн алга. Нийт 6 орчим их наяд төгрөгийн асуудал яригдаж байна. Өмнөх дарга нарын сүлжээ гарч ирэх байх. Олон нийтэд ил мэдээлээд яваарай. Боловсон хүчний асуудлыг шилэн болгоорой. Удам дамжсан хүмүүс ажиллаж байгаа. Д.Амарбаясгалан даргатай уулзаагүй, томилбол эрх зүйн шинэчлэлийг хийнэ гэлээ. Даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. 207 дугаар байрны оршин суугчид даатгалаас нэг ч төгрөг аваагүй, гэм буруутнаа хүлээж сууна.
Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилох санал хураалт явуулж, 60 УИХ-ын гишүүн буюу 66.7 хувь нь дэмжлээ. СЗХ-ын дарга Д.Баярсайханыг үүрэгт ажлаас чөлөөлөх санал хураалтыг явуулж, 59 гишүүн буюу 65.6 хувь дэмжлээ. УИХ-ын тогтоол баталсанд тооцлоо.
Хуралдаанаар 19 асуудлыг хэлэлцэнэ
Чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах 19 асуудлыг хэлэлцэнэ.
- “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2024.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Санхүүгийн зохицуулах хорооны дарга, зарим гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
- Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
- Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны зарим гишүүн, Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
- Үндэсний статистикийн хорооны Зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудал
- Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг
- Монголын Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2024 оны гүйцэтгэл, 2025 оны төсвийн тухай УИХ-ын тогтоолын төсөл
- УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цагалбар батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл
- УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төсөл
- Баталсан хууль тогтоомжийн эцсийн найруулгыг сонсоно.
Нэргүй 2025-01-16 197.211.63.43
Харуулах боломжгүй.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2025-01-16 103.212.117.239
…ЮМНЫ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ НИЙСЛЭЛД АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА. 6 ДУГААР ХОРООЛОЛД БАЙРЛАДАГ ШУУДАНГИЙН 38 ДУГААР САЛБАРТ ХЭВЛЭЛИЙН ХАЙРЦАГНЫ ҮНЭ ӨНГӨРСӨН ЖИЛ 13000 ТӨГРӨГ БАЙСАН БОЛ ЭНЭ ОНД 105000 ТӨГРӨГ БОЛЖЭЭ. 8 ДАХИН НЭМЭГДЖЭЭ.ШУДАРГА ӨРСӨЛДӨӨНИЙГ ХЯНАН ЗОХИЦУУЛАХ ГАЗАР БАЙГАА ЮУ
Нэргүй 2025-01-16 203.91.115.48
Тэр ч бүр бага хэрэг болох байх аа. Бүр нэрээ ч алдаагүй аятайхан биччихэж чаддаггүй Ховдын тавиулууд зөндөө байна цаана чинь.