Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 1000 төгрөг, дотуур байрны хоолны зардлыг 2000 төгрөгөөр нэмсэн. Ингэснээр сургууль, цэцэрлэгийн хоолны зардал 2500, дотуур байрны хоолны зардал 6000 төгрөг болсон. Хэдий хоолны зардлыг 1000-2000 төгрөгөөр нэмсэн ч сургууль, цэцэрлэгт тогоочоор ажиллах хүн алга.
Учир нь хүүхдийн хоолны тогоочийн цалин хамгийн бага буюу 900 мянгаас 1.2 сая төгрөг.
Монгол Улс 2006 оноос ерөнхий боловсролын сургуулиудад "Үдийн цай" хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. "Үдийн цай"-г сурагчдад шаардлагатай шим тэжээлтэй болгох зорилгоор 2019 онд Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталж, 2021 оноос үдийн цайг хоол болгож өргөжүүлсэн. "Үдийн хоол" хөтөлбөрийг хэрэгжүүлээд гурван жил өнгөрсөн ч асуудал шийдэгдсэнгүй. Хонх нь дуугарахаар дамар нь таг гэгчээр төсвийг нь 500, 1000 төгрөгөөр нэмэхээр гал тогоонд нь ажиллах хүн олддоггүй. Зарим улс, нийслэлийн сургууль тогоочгүй гэх шалтгаанаар худалдааны ууттай боорцгоор сурагчдаа хооллож байна. Энэ талаарх эцэг эхчүүдийн гомдол ч тасардаггүй.
Багш нарын хувьд орон нутгийн сургуульд багшилж, таван жилийн нэмэгдэл авдаг. Харин орон нутгийн сургуулийн ажилтан энэ нэмэгдлийг авдаггүй байжээ. Тиймээс салбар яамнаас энэ асуудалд анхаарч, 2024 оноос эхлэн орон нутгийн сургууль, цэцэрлэгт ажиллаж буй тогооч, хоолзүйч таван жилийн нэмэгдэл, 44 хоногийн амралтын мөнгө авдаг болсон байна. Ингэснээр орон нутгийн боловсролын салбарт ажиллах тогооч, хоолзүйчийн тоо харьцангуй нэмэгдсэн гэдгийг албаныхан мэдээлсэн юм.
Боловсролын яам, КОЙКА олон улсын байгууллага хамтран Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн орчныг сайжруулж, чадавхийг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа аж. Төслийн хүрээнд Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээл, сургалт арга зүйн үндэсний төвийг 2024 оны тавдугаар сард байгуулжээ. Энэ төв сургууль, цэцэрлэгийн тогооч нарыг чадавхжуулах сургалтыг тогтмол явуулдаг бөгөөд 2024 онд энэ төвд нийслэлийн сургууль, цэцэрлэгийн 60 орчим тогоочийг сургалтад хамруулжээ.
Хүүхдийн хоолны тогоочийг мэргэшүүлэх хөтөлбөр 120 цагийн буюу 10 хоногийн хугацаатай.
Нэг тогооч 240 мянган төгрөгийн төлбөртэй бөгөөд энэ зардлыг тухайн сургуулийн удирдлага төлдөг байна. Тус төвөөс хоёр жилийн хугацаанд улсын хэмжээнд 1800 орчим тогоочийг хүүхдийн хоолны тогоочоор мэргэшүүлнэ гэдгийг мэргэжилтэн нь мэдээлсэн юм. Говьсүмбэр аймгийн Политекник коллежийн тогооч Б.Уламбаярын хувьд хүүхдийн хоолны салбарт есөн жил ажиллаж байгаа аж. Тэрбээр "Манай коллежийн гал тогоо өдрийн дөрвөн хоол хийдэг. Өмнө нь хоолны зардал 4500 төгрөг байсан бол одоо энэ мөнгө 6000 төгрөг болсон. Ингэснээр хоол хүнсний орц нэмэгдэж, хоолны цэсээ хүнсний ногоо, жимс жимсгэнээр баяжуулах боломжтой болж байна. Бид хүүхдийн тоогоор хоолны материалаа татан авдаг учраас орц, илчлэгээ өөрсдөө тооцдог" гэв.
Харин Х.Алтанцэцэг нийслэл дэх "Цэлмэг дижитал" хувийн сургуульд ахлах тогоочоор ажилладаг. Тэрбээр мэргэжлээрээ 22 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд сүүлийн хоёр жил сургуулийн гал тогоонд ажиллаж байгаагаа хэлсэн юм. "Хувийн сургуулийн сурагчид улсаас нэг хүүхдэд ногдох хоолны хувьсах зардал авдаггүй. Тийм учраас эцэг, эхчүүд өөрсдөө хүүхдийнхээ хоолны мөнгийг төлдөг.
Зарим сургууль хоолны зардлаа сургалтын төлбөртөө тооцож авдаг. Манай сургуулийн хувьд сурагчдадаа өглөөний цай, өдрийн иж бүрдэл хоолоор үйлчилдэг. Нэг хүүхдийн хоолны зардалд 8000 төгрөг байдаг учраас эцэг эхчүүд болон сурагчид үдийн хоолондоо сэтгэл хангалуун байдаг" гэдгийг тэрбээр хэлж байлаа.
Туслах тогооч "Миний хувьд орон нутгаас хотод ирж, ажиллаж байна. Хотод ирээд "Чухал амжилт" сургалтын төвд хоёр сар суралцсан. Одоо нийслэлийн 24 дүгээр сургуулийн гал тогоонд хүүхдийн хоолны туслах тогоочоор таван сар ажиллаж байна. Улсын ерөнхий боловсролын сургуулиудын үдийн хоолны зардал 1500 төгрөг байсан бол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 2500 төгрөг болж нэмэгдсэн.
Сурагчдын амралттай байгаа учраас сургалтад сууж өөрийнхөө ур чадварыг сайжруулж байна. Улсын сургуулийн үдийн хоол хийхэд төсөв мөнгөөс шууд хамааралтай байдаг. Зарим эцэг эх хоолны чанарыг шүүмжилнэ. Сурагчид хоол идэхгүй асгах тохиолдол ч гарна. Тиймээс хоолны шим тэжээлдээ анхаарч ажиллахыг хичээдэг" талаар туслах тогооч Б.Оюунмандах хэлж байв.
Сурагчид өдрийн хамгийн идэвхтэй үедээ мэдлэг авахаар сургуульдаа олон цагийг өнгөрүүлж байгаа. Гэвч өдрийн хоолондоо цадахгүй байх, өлдөх зэрэг асуудал үүсдэг болохыг сургуулиудын эмч, хоолзүйчид хэлдэг.
Хоол зүйч С.Нямцэцэг "Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын үдийн хоолны нэг хүүхдэд ногдох зардал 1500 төгрөг байсан бол 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 2500 төгрөг болж нэмэгдсэн. Хүнсний зургаан бүлгийн хүнсээр хоол хийж байж шим тэжээлийг нь хүүхдэд бүрэн олгоно. Энэ тэнцвэртэй байдал алдагдсан нь төсөв мөнгөтэй холбоотой. Мөнгөн дүн нэмэгдэхээр хүүхдүүд шим тэжээлтэй хоол идэх нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Жимс жимсгэнэ үдийн хоолондоо нэмэх боломжтой болж байна" гэдгийг хэлж байв.
НЭМҮТ-өөс таван жил тутам хоол тэжээлийн үндэсний судалгааг хийдэг. Энэ зургадугаар судалгааг хийж, үр дүнг 2025 оны нэгдүгээр сардаа багтаан, тайлагнах гэнэ. Үндэсний тавдугаар судалгаагаар Монгол Улсын 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай байна. Илүүдэл жин ба таргалалтын тархалт 2010 оны түвшингээс эрс нэмэгдэж, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай байна гэх дүн гарчээ.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлчилгээнд 343,289 сурагч хамрагдаж, дотуур байранд 38,871 хүүхэд амьдарч байгаа аж.
Боловсролын яамнаас Японы олон улсын байгууллага ЖАЙКА-тай хамтран хийсэн судалгаанаас хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 3-4 дахин, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, ясны нягт бага, Д амин дэмийн дутал 80 хувь гэсэн дүн гарсан нь хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийг нэмэгдүүлж, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангах шаардлагатайг харуулсан. Иймд 2025 онд 221 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан талаар салбарын сайд мэдээлж байсан юм.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Нэргүй 34 минутын өмнө 66.181.177.17
Татвар төлөгчдийн мөнгөөр халамж өгөөд угжаад байхаар хэн ажил хийх юм бэ???
Нэргүй 15 минутын өмнө 202.126.91.93
HOOLOO BOLI
Нэргүй 55 минутын өмнө 202.126.88.177
Миний сурагч үеийн хоол. өглөө хар цай боорцог өдөр боорцог хар цай орой гурилтай хоол гүйцээ. Хааяа талх масло элсэн чихэр. Вареньтай талх бол тансаглал л байлаа гэж. Тарган хүүхэд гэж байдаггүй байлаа.
Нэргүй 29 минутын өмнө 66.181.177.17
Биднийг 10 жилд сурч байхад (1962-1972) сургууль дээр цайны газар байтугай уух ус ч байдаггүй байсан. Яаж болдог байсан юм? Өглөө хар цай, бборцог идээд л гүйгээд гарна, хичээл 13-14 цагт тарна, гэртээ ирээд өнөөх л хар цай, хар талх, боорцогоо иднэ. Тэглээ гээд бид бие муутай болоогүй л юм даа. Харин ч бүгд туранхай, эрүүл байж? Хичээлдээ зөвхөн явган явна, унаагаар хүргүүлнэ гэдэг ойлголт ч байхгүй!!
Нэргүй 1 цагийн өмнө 103.57.94.43
Ажиллах хүчний хуулийг л батлах байсан юм. Барилга дээр ажиллах хүн, офисст суух хүн бүр олдохоо больлоо!!! Ирж ажил хийж бга юмнууд нь хулгайч, худалч, архичин юмнууд л Монголд үлдэж
Zochin 2 цагийн өмнө 103.80.211.183
Өрөвдмөөр ч юм даа