Хүн төрөлхтөний энх тайван, эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадмын нэгэн адил жил бүр зохион байгуулагддаг дэлхийн улс орнуудын төр хувийн хэвшлийн хамгийн том олимп бол Дэлхийн эдийн засгийн форум.
Швейцарийн Давос хотноо зохион байгуулагддаг чуулган энэ жил нэгдүгээр сарын 20-24-ний өдрүүдэд болно.
Энэ жилийн тухайд "Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа" сэдвийн дор чуулган зохион байгуулагдана. Өөрөөр хэлбэл, хурдацтай хөгжиж буй технологийн эрин үед илүү тогтвортой, хүртээмжтэй ирээдүйг бий болгоход чиглэсэн түншлэл, ойлголтыг дэмжих зорилгоор дэлхийн удирдагчид Давост чуулах юм.
Хэлэлцүүлэг дараах таван үндсэн чиглэлээр явагдана:
- Өсөлтийг дахин зураглах
- Ухаалаг эрин үеийн салбарууд
- Хүмүүн капиталд хөрөнгө оруулах
- Эх дэлхийгээ хамгаалах
- Итгэлцлийг сэргээх
Давосын чуулганд нэгдэхийн төлөө томоохон өрсөлдөөн өрнөдөг. Учир нь тэнд дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагчид, бизнесийн салбарынхан, улс орны төрийн тэргүүнүүд, ерөнхий сайд, сайд нар, суут ухаантнууд, Нобелийн шагналтнууд, иргэний нийгмийн байгууллагууд, судалгааны хүрээлэнгийн төлөөллүүд, эрдэмтэн судлаачид, гарааны бизнес эрхлэгчид, хэвлэл мэдээллийн хамгийн том төлөөлөгчид, залуу манлайлагчид, энтерпренерүүд хуран цугладаг. Эндээс харвал Давосын чуулган нь дэлхийн "томчууд"-д улс орноо сурталчлах алдаж боломгүй боломж юм.
Энэ жил л гэхэд АНУ-ын шинэхэн ерөнхийлөгч Дональд Трамп чуулганд оролцох төлөвтэй байна. Дэлхий дахин Трампийн бодлогын тэргүүлэх чиглэл, ялангуяа олон улсын харилцаа, эдийн засгийн бодлогыг ойлгохыг хүсч буй нь дамжиггүй. Трампийн тангараг өргөх ёслол, чуулган эхлэх өдөр хоёр давхцаж байгаа билээ. Тэгвэл "Мета"-ийн Марк Зукерберг, "OpenAI"-ийн Сэм Альтман зэрэг бизнесийн томоохон төлөөлөл Давосыг бус Трампийн тангараг өргөх ёслолыг сонгож буй бололтой.
Мөн Украины ерөнхийлөгч Володимир Зеленский, Европын комиссын ерөнхийлөгч Урсула вон дер Лейен, Хятадын ерөнхий сайдын орлогч Дин Шюэсян зэрэг анхаарал татсан оролцогчид ч байна.
Үндсэндээ Давосын чуулган нь дэлхийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, илүү сайн ирээдүйг бүтээхийн төлөө хамтран хэлэлцэх, санал бодлоо солилцох халуун цэг болдог. Дээр дурдсанчлан дэлхийн "томчууд" буюу шууд шийдвэр гаргах түвшнийхэн тэнд чуулах болно. Инноваци, технологийн шинэ шийдлүүдийг энд хамгийн түрүүнд танилцуулдаг. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн бодлого, уур амьсгалын өөрчлөлт, ногоон эдийн засаг зэрэг чухал сэдвүүд хамгийн түрүүнд Давост л яригдаж эхэлдэг.
Гадаад харилцаа, бизнесийн хамгийн халуун талбар болсон Дэлхийн эдийн засгийн форумд энэ жил 50 гаруй орны төрийн тэргүүн оролцохоо илэрхийлжээ. Энэ нь түүхэндээ анх удаа ийм олон төрийн тэргүүн Давосын чуулганд оролцож буй тохиолдол юм.
Монгол Улсын тухайд Давосын чуулган бол гадаад харилцаагаа бэхжүүлэх, чухал яриа хэлэлцээ хийх том талбар.
Дэлхий дахинд жил бүр Нью-Йорк шиг том хотууд сүндэрлэсээр байна. Хот байгуулалтын ирээдүйн чиг хандлага, шилдэг шийдлүүдийг Дэлхийн эдийн засгийн форумын үеэр л хэлэлцдэг аж. Монгол Улс 10 гаруй хотыг цаасан дээр хэдийнэ босгочихсон боловч бодитоор үзээд өгье гэх нь нэг ч хотгүй. Иймд бид Давосын чуулганыг зорин очиж, туршлага судлах нэн шаардлагатай.
Цаашилбал, улс орон хоорондын маргаантай байдлууд Давосын чуулганы үеэр шийдэгдэж, гар барьсан тохиолдлууд нэгээр тогтохгүй байдаг.
Онцлууштай нэгэн жишээг дурдвал, 1988 оны Грек, Туркийн хэлэлцээр байна. Тухайн үед Грек, Турк улсууд Эгийн тэнгис дэх нутаг дэвсгэрийн маргааны улмаас цэргийн мөргөлдөөний ирмэг дээр ирээд байв. Гэтэл Давосын чуулганы үеэр Грекийн ерөнхий сайд агсан Андреас Папандреу, Туркийн ерөнхий сайд агсан Тургут Өзал нар хоёр талын хэлэлцээ хийжээ. Энэхүү албан бус уулзалт нь дотоод улс төрийн дарамтаас ангид, төвийг сахисан яриа хэлэлцээний орчинг бүрдүүлж өгсөн аж. Хоёр удирдагч Давосын тунхаглал гэгдэх тохиролцоонд хүрч чадсанаар хурцадмал байдал намжиж, харилцаагаа сайжруулсан түүхтэй.
Хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд дахин тогтворгүйтэх болсон ч албан бус нөхцөлд дипломат харилцааг хэрхэн хөгжүүлж болдгийн жишээ болгон энэхүү хэлэлцээрийг байнга дурддаг. Дэлхий дахинд геополитикийн томоохон сорилтууд газар сайгүй байгаа ч гэлээ Давосын чуулган бол удирдагчдын бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэх талбар болдог аж.
1994 оны Өмнөд Африкийн эдийн засгийн хориг арга хэмжээний хэлэлцүүлэг бол дахин нэг сайн жишээ. Болсон явдлыг эргэн санавал, 1990-ээд оны үед Өмнөд Африк Нельсон Манделагийн удирдлага дор апартейд дэглэмээс гарч байв. Апартейдын үед дэлхийн олон улс Өмнөд Африкт хориг арга хэмжээ авсан байсан тул эдийн засгийн хувьд амаргүй он жилүүд үргэлжилжээ. Эдгээр хориг арга хэмжээг цуцлахад дэлхий нийтийн зөвшилцөл, итгэлцэл хэрэгтэй байв. 1994 оны Давосын уулзалтын үеэр Өмнөд Африкийн ерөнхийлөгч Нельсон Мандела дэлхийн бизнес, улс төрийн удирдагчид, тэр дундаа Өмнөд Африкийн бизнесийн магнат Харри Оппенхаймер болон барууны бусад бодлого боловсруулагчидтай уулзсан байна. Мандела Давосын чуулганыг хориг арга хэмжээг цуцлуулах, Өмнөд Африкийн шилжилтийг дэлхий дахины өмнө баталгаажуулахад ашиглаж чадсан юм.
Түүнчлэн Давосын чуулганаас авууштай чухал зүйл нь мэдээж хөрөнгө оруулалт. Ганцхан Монгол Улс гэлтгүй дэлхийн бүх улс орон эндээс хөрөнгө оруулалт татахыг хичээдэг. Дэлхий даяар өндөр хөгжсөн орнууд хүртэл хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөн, тэмцэж байна. Хэн хаанаас гар сунгах бол гээд ангайгаад суувал юу ч олж долоодоггүйн жишээг бид 2012 оноос хойш хангалттай харлаа.
Өмнө нь Монголын олон ч бизнес эрхлэгчид Давосоос туршлага судалж, мэдээлэл сонсч ирээд, өөрчлөлтийг бий болгож байсан удаатай. Энэ жилийн Давосын чуулган бол Монгол Улсын хөрөнгө оруулалт татах гол гарц, суваг, боломж юм.
Холбоотой мэдээ