Алдарт дистопи роман "1984"-ийн зохиолч Жорж Оруэллын 75 жилийн ойд зориулж, "Том ах чамайг харж байна" гэсэн бичээс бүхий дурсгалын зоос гаргажээ. Хоёр фунт стерлингийн уг зоос нь нүд мэт харагдах боловч үнэндээ камерын линзийг дүрсэлсэн байна. Зоосны ирмэг хэсэгт "1984" романы өөр нэгэн алдартай эшлэл болох "Үнэн, худал зэрэгцэн оршино" гэх утгатай үгийг бичжээ.
Зоосны зургийг Хенри Грэй зурсан бөгөөд загвараа гаргахдаа тоталитар дэглэмийг гол сэдэв болгосон байна.
Тэрбээр хэлэхдээ "Гэрт хаа сайгүй байдаг утас, камер зэргээр дамжуулаад таныг сонсч, судалж байгааг та мэднэ. 1984 гэдэг нь энэ юм. Тийм учраас зоосон дээрх нүд бол бодит нүд биш. Дуран шиг болгох үүднээс сормуус гэх мэт зүйл нэмээгүй. Яг л камерын линз таныг анивчилгүйгээр байнга ширтэж байна гэсэн үг" гэжээ.
Алдарт зохиолч Жорж Оруэлл "1984" роман хэвлэгдсэнээс хойш хэдхэн сарын дараа буюу 1950 оны нэгдүгээр сарын 21-нд 46 насандаа Лондон хотын эмнэлэгт нас баржээ.
"Том ах чамайг харж байна" зоос өнөөдрөөс /2025.01.15/ эхлэн нэг ширхэг нь 17.50 фунт стерлингийн үнээр худалдаанд гарч эхэллээ. Жорж Оруэллээс гадна Уильям Шекспир, Жэйн Остин, Ж.Р.Р. Толкиен зэрэг уран зохиолын салбарын алдартнууд ч бас хоёр фунт стерлингийн зоосонд дүрээ мөнхөлжээ.
Хотын уугуул иргэн 3 цагийн өмнө 66.181.178.19
Англи, Америкт одоо ч бүх хүнийг сонсож, харж байгаа.