"Агаарын чанараар Монгол Улс 180 орноос 170-д эрэмбэлэгдэж байна"

"Агаарын чанараар Монгол Улс 180 орноос 170-д эрэмбэлэгдэж байна"

"Агаарын чанараар Монгол Улс 180 орноос 170-д эрэмбэлэгдэж байна"

Өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр иргэн Батбаатарын Мөнгөнхишиг нийтийн өргөдөл, гомдлын систем petition.parliament.mn-д "Утааны сонсгол хийцгээе, төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж сайжруулцгаая" сэдэвт өргөдлийг үүсгэж, санаачилга гаргаж, нийт 70 мянга гаруй иргэн гарын үсгээ бүрдүүлж өгсний дагуу тодорхой зохион байгуулалтуудыг хийж, ерөнхий хяналтын сонсголыг хийхээр болсон. Өнөөдөр /2025.01.15/ ерөнхий хяналтын сонсголд чиглэсэн гурван дэд хэлэлцүүлгийн эхний хэсэг нь болж байна. 


Хэлэлцүүлгийг даргалагч УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭБОЛД:

-Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасны дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгээс агаарын бохирдол утааны асуудлаар ерөнхий сонсгол зохион байгуулах хүрээнд агаарын бохирдол, хүн амын эрүүл мэнд /амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх/ сэдэвт хэлэлцүүлэг албан ёсны протоколтой эхлэх гэж байна. УИХ-аас байгуулсан сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн дарга УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдрийн хэлэлцүүлгийг нээнэ.

ОЛОН НИЙТЭД МЭДЭЭЛЛИЙГ ЕРӨНХИЙ СОНСГОЛЫН ХОЁРХОН ӨДӨРТ ТАНИЛЦУУЛАХ БОЛОМЖГҮЙ

Утааны сонсголын ажлын хэсгийн дарга  УИХ-ын гишүүн Ж.ЧИНБҮРЭН:

-Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах хүрээнд агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, тэр дундаа эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангуулах сэдэвт хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийтийн өргөдөл гарын үсэг зурсан хүний тоо хуульд заасан хэмжээнд хүрсэн учир УИХ авч хэлэлцэж, 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулахыг нийт гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хуралдаанаар сонсголын бэлтгэл ажлыг хангуулах, зохион байгуулах ажлын хэсгийг 22 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн дарга бөгөөд сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн миний бие сонгогдсон.

Бид олон нийтэд мэдээллийг ерөнхий сонсголын ердөө хоёрхон өдөрт мэдээлэх боломж хязгаарлагдмал тул аль болох олон нийтийн санаа бодлыг тусгах, эрдэмтдийн үгийг тусгах зорилгоор дэд хэлэлцүүлгүүдийг хийхээр болсон.

Эхний хэлэлцүүлэгт, агаарын бохирдол ба эрүүл мэнд. Хоёрдугаар хэлэлцүүлэг ирэх долоо хоногийн Лхагва гаригт "стандарт хяналт" буюу түлш, зуух, тэдгээртэй холбоотой технологийн асуудлуудыг сонсоно. Гурав дахь хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 29-ний өдөр хуулийн орчин, тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, түүнд зарцуулсан санхүүжилт, үр дүн, хяналт гэсэн сэдэв байгаа.

Өнөөдрийн дэд хэлэлцүүлгийн ахлагчаар УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд ажиллаж байна. Энэхүү хэлэлцүүлгийн үеэр бид олон мэдээллийг нотлох баримттай, судалгаа шинжилгээтэй нийтэд танилцуулна.

"22 ГИШҮҮН, ТӨРИЙН БОЛОН СУДЛААЧДЫН 44 ТӨЛӨӨЛӨЛ, 38 ИРГЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОЖ БАЙНА"

Хэлэлцүүлгийг даргалагч УИХ-ын гишүүн С.ЭРДЭНЭБОЛД:

-Хэлэлцүүлэгт оролцож байгаа УИХ-ын гишүүдийг танилцуулъя.

  1. Ж.Бат-Эрдэнэ
  2. Б.Бат-Эрдэнэ
  3. П.Батчимэг
  4. Г.Ганбаатар
  5. М.Ганхөлөг
  6. С.Замира
  7. С.Лүндэг
  8. М.Мандхай
  9. Л.Мөнхбаясгалан
  10. З.Мэндсайхан
  11. Б.Найдалаа
  12. А.Ундраа
  13. Б.Уянга
  14. Ж.Чинбүрэн
  15. Ж.Золжаргал
  16. О.Саранчулуун
  17. А.Ганбаатар
  18. Х.Баасанжаргал
  19. Б.Баярбаатар
  20. Ц.Баатархүү
  21. С.Эрдэнэболд
  22. Д.Цогтбаатар гэсэн нийт 22 гишүүн хэлэлцүүлэгт оролцож байна.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт төрийн байгууллагын холбогдох бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшин, мөн судлаачдын 44 төлөөлөл оролцож байгаа юм. Бид нээлттэйгээр өнгөрсөн долоо хоногт иргэдийн бүртгэл явуулж, нийт 43 иргэн оролцох хүсэлт ирүүлж, 38 нь оролцох боломжтойгоо илэрхийлж, ирээд байна.

Дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу хэл яриа, сонсголын бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй байлгах зорилгоор олон нийтийн телевизээр дохионы хэлмэрчтэй сонсголыг мөн дамжуулж байгаа. Байнгын хорооны тогтоолоор ерөнхий сонсголын товыг 2025 оны хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулахаар тогтсон. Түүнчлэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т байнгын хороо сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг байгуулж болно гэж заасны дагуу УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.

Агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоогийн авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийи үр дүн, цаашдын төлөвлөгөөний асуудлаар эхний илтгэлийг танилцуулна.

"ӨНДӨР ШИРХЭГТЭЙ ТООСОНЦРЫН ХЭМЖЭЭ 2021-2022 ОНД МАШ БАГАССАН Ч ДАХИН ӨССӨН"

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.ОЧИРБАТ:

-Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар ерөнхий мэдээллийг тоон баримттай та бүхэнд хүргэе. хүний эрүүл мэндэд орчны эрүүл мэнд нөлөөтэй. Энэ ойлголтод уур амьсгалын өөрчлөлт, хөрсний бохирдол, янз бүрийн хаягдал зэрэг хамаарч байна. Задалж үзвэл, агаарын бохирдлын тухайд:

  • Уушгины хатгалгаа 18.03 хувь,
  • Уушгины архаг бөглөрөлт өвчин 13.29 хувь,
  • Тархины судасны өвчин 30.98 хувь,
  • Зүрхний ишемит өвчин 31.45 хувь

Уур амьсгалын өөрчлөлт:

  • Цаг уурын гэнэтийн үзэгдлүүд,
  • Хэт халсны улмаас хүн амын өвчлөл, нас баралт нэмэгдэх,
  • Хүнсний аюулгүй байдал алдагдах,
  • Шинэ болон сэргэн тархах халдварт өвчин дэгдэхэд нөлөөлж байна.

Хөрсний бохирдлыг авч үзвэл:

  • Хот суурин газрын гэр хорооллын 80 хувь нь стандартын шаардлага хангахгүй нүхэн жорлонтой бөгөөд энэ нь гэдэсний халдварт өвчний тархалтад нөлөөлж байна.

Ундны усны чанар, аюулгүй байдал:

  • 2002-2019 онд дэгдэлт 11,
  • тохиолдлын тоо 939,
  • эмнэлэгт хэвтэлт 106 бүртгэгдсэн.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт бид аль болох асуудлыг багцалж авч мэдээлэхийг зорьж байна. Хүний эрүүл мэндэд химийн бодисын үзүүлэх нөлөөлөл нь жилд дунджаар химийн бодисын шалтгаант хордлого, гэмтлийн улмаас 6879 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилт 2030-д бид нийт 17 дэд зорилтыг тавьсан. 

Өвчлөл нас баралтад нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлсийг судалгаан дээр тулгуурлаж харуулж байна.

2019-2021 онд жишээ авч үзье. Нийслэлд өмнө нь түүхий нүүрс, мод бусад түлшийг хэрэглэж байсан. Түүхий нүүрснээс шахмал түлш рүү шилжсэн үзүүлэлтийг харахад түүхэн шилжилт байсан. Статистик мэдээллээс өвчлөл хэрхэн буурсан болохыг харж болно. 2021 оноос хойш өвчлөлийн тоо дахин өсч эхэлсэн. Энэ нь утааны бохирдол өссөнтэй холбоотой. Гэхдээ түлш үйлдвэрлэлд горимын алдаа гарсан эсэхийг мэдэхгүй байна.

NO2 болон SO2-г харьцуулсан судалгааг хоёр дахь графикт харуулж байна. Энэ судалгаа бол 2024 оных. Судлаач Г.Жаргалсайхан, Д.Даваалхам нарын судалгаанаас эх сурвалж болгон авсан болно. Түүхий нүүрсний хэрэглээнээс дөнгөж гарах үед нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ багасч, эрүүл мэндийн өвчлөлүүд буурсан. Гэвч хэрэглээнээс хамаарч угаарын хий, агаарын бохирдол нэмэгдэж өвчлөл ч өссөн байгаа юм.

Дараагийн зүйл бол дотоод орчны бохирдол.

Дээрх судалгааны дүнгээс харвал өдрийн аль аль цагт агаарын чанар тэр дундаа дотоод орчны агаарын чанарын стандарт ямар байгааг харуулж байна. Уламжлалт гэрт бол агаарын бохирдлын гадаад хоруу чанар маш өндөр нөлөөлж, дотоод орчныг бохирдуулж байгааг харж болно.

Тэгвэл бүх бодлогод эрүүл мэндийг хэрхэн тусгаж байгаа вэ? гэвэл:

  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль: төрөл, орчны эрүүл мэнд
  • Эрүүл мэндийн салбарын 2022-2025 оны стратеги төлөвлөгөө
  • Орчны эрүүл мэнд хөтөлбөрийг 2021-2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө. Үүнд агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг тандан судлах.
  • Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх, үнэлгээ хийх байгууллагыг сонгон шалгаруулах журам
  • Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх, үнэлгээ хийх байгууллагыг сонгон шалгаруулах журам
  • Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний аргачлалын журам
  • Эрүүл мэндийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан тушаал "Хүрээлэн буй орчин эрүүл мэнд" зургаан ажлын хэсэг.

Нийгмийн эрүүл мэндийн бодлого ба урьдчилан сэргийлэлт хүрээнд нийтийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих чиглэлээр Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг үндэсний бодлогын хэмжээнд өндөрт өргөн тавьж байгаа. Энэ хууль батлагдан гарснаар бид агаар, хөрс, орчны бохирдол бидний амьдарч байгаа орчин нөлөөлөх нөлөөллийг бууруулахад чиглэх том зохицуулалт болно гэж бодож байгаа. Тиймээс бид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийг шинэ бүтцээр ЭМЯ-нд хуулийн дагуу байгуулахаар ажиллаж байна. Эндээс олон асуудал шийдэгдэж гарч ирнэ гэж үзэж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн бодлогын анхдагч урьдчилан сэргийлэлтэд:

Бүлэг хүн ам, хувь хүн рүү чиглэсэн. Өвчин үүсэхээс сэргийлэх. Эрсдэлт хүчин зүйлд өртөлтийг багасгах буюу

  • ПЭВ 13 болон томуугийн вакцин
  • Эхийн сүүгээр хооллолт
  • Хүнсний нэмэлт тэжээл С, Е витамин
  • Олон нийтийн оролцоо мэдлэгийг дээшлүүлэх.

Хоёрдогч урьдчилан сэргийлэлтэд:

  • Өвчнийг эрт илрүүлэх. Зорилтот бүлэг буюу шинж тэмдэг илрээгүй эрүүл гэж харагдаж байгаа хэдий ч өвчний эмнэлзүйн урьдал үе шатанд байгаа хүмүүс.

Гуравдагч урьдчилан сэргийлэлтэд:

  • Шинж тэмдэг илэрсэн өвчтөнг хүндрэхээс нь сэргийлэх. Тухайлбал, сэргээн засах, хөдөлмөр засал.

Энэ бүхний дараагаар эрүүл мэндийг дэмжих хамгаалахад нийгэм, хүрээлэн буй орчинд чиглэсэн нийт хүн амд учирч болох эрсдэлт хүчин зүйл үүсэхээс сэргийлж байна. Тэгвэл богино хугацаанд авах арга хэмжээ ямар байх вэ? Сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллагуудын дотоод орчныг сайжруулах агаар цэвэршүүлэгч, цонхны агаар шүүгч, агааржуулалтын системийг шинэчлэх шаардлага үүсч байна. Мөн эрсдэлт бүлгийн хүн ам буюу бага насны хүүхдүүд, жирэмсэн ээжүүд ахмад настнуудад чиглэсэн арга хэмжээг авах. Эрүүл мэндийн салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоо, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй.

Иргэн хүн эрүүл мэндээ хамгаалахад өөрөө оролцдог байх ёстой. Тиймээс олон нийтийг бид эрүүл амьдралын хэв маягтай, агаарын бохирдолтой энэ үед маск тогтмол зүүх зэрэг зөвлөмж мэдээллийг тогтмол өгч ажиллаж байна.

Монголт Улсын хот суурин газрын агаарын бохирдлын эх үүсвэр тооллого, эх үүсвэрийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийн үр дүн цаашдын бодлого сэдвээр дараагийн илтгэлийг танилцууллаа. 

"УЛААНБААТАР ХОТЫН АГААРЫН ЧАНАРЫГ ӨДӨР БҮР ТАСРАЛТГҮЙ ХЭМЖИЖ БАЙНА"

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны төрийн нарийн бичгийн дарга Э.БАТТУЛГА:

-Эхний слайдад бид агаарын чанарын хэмжилтийг харуулж байна. Улаанбаатар хотын агаарын чанарыг халаалтын улирлаар буюу сүүлийн долоон жилийн 4-10 дугаар сарын агаарын дундаж хэмжүүрээр харьцуулан гаргасан байгаа.

Үүний дараа хүхэрлэг хийн дундаж агууламжийг харуулж байна. Нийслэлийн агаарын чанарын хэмжилтийг 2018-2024 онтой харьцуулахад SO2 буюу хүхрийн давхар исэл буурсан. NO2 азотын давхар исэл ихэссэн байна.

Харин орон нутгийн агаарын чанарын үзүүлэлтүүдээс харахад Алтай, Арвайхээр, Даланзадгад хотуудад хүхэрлэг хийн дундаж агууламж 4-26 микрограмм метр кубын хооронд хэлбэлзэж, стандартад хүлцэх хэмжээнээс 1.1-1.3 дахин их байна. Азотын давхар ислийн тухайд Эрдэнэт хотын жилийн дундаж агууламж 10-103 микрограмм метр кубын хооронд хэлбэлзэж байгаа. Стандартад хүлцэх хэмжээнээс 1.2-1.5 дахин их байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд агаарын чанарын хяналт шинжилгээг одоогийн байдлаар Орхон аймагт хоёр, Улаанбаатарт 19 цэгт зургаан үзүүлэлтээр автоматаар тасралтгүйгээр хэмжиж байгаа бол аймгийн төвүүдэд нэг стандарт, арга зүйгээр механикаар хэмжиж байгаа.

Орон нутагт зөвхөн хүхэрлэг хий, азотын давхар ислин хэмжилтийг дөрвөн цаг тутамд хийж байгаа. 2025 онд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас олон улсын буцалтгүй тусламжаар 21 аймгийн төвд орчин үеийн автомат харуул шинээ суурилуулах ажлыг эхлүүлж байгаа. Ингэснээр үндэсний хэмжээнд агаарын чанарыг зургаан үзүүлэлтээр хэмжих, хянах, үнэлэх, техникийн боломж бүрдэнэ.

Нийслэлийн иргэдийн мэдэх эрхийг хангах, агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор хэмжилтийн цаг тутмын мэдээллийг мэдээлэхээс гадна, 48 цаг тутамд загварчлалын аргаар тооцоолж agaar.mn сайтын цахим хуудаст байрлуулж байгаа. Түүнчлэн БОУАӨ-ийн сайдын 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар техникийн шаардлага, стандарт болон агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журмыг шинэчлэх ажлын хэсэг байгуулаад ажиллаж байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлуудыг товч танилцуулъя.

Хууль эрх зүйн шинэчлэл:

-Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах тухай хууль,

-Агаарын чанарын, дотоод орчны агаарын чанарын, сайжруулсан хатуу түлшний болон бусад стандарт,

-Яндангүй бүс, бүсэд мөрдөх журам.

Технологийн шилжилт:

-21 аймгийн төвд орчин үеийн агаарын чанарын автомат харуул,

-Алсын зайн угаарын хий мэдрэгч,

-Бага нүүрс төрөгч бүхий ногоон эх үүсвэрүүд,

-"Евро 5" стандартын шатахууны импорт хэрэглээ.

Санхүүжилтийн эх үүсвэр:

-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9,

-Гадаад эх үүсвэрүүд.

Агаарын бохирдол, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгаа сэдвээр дараагийн илтгэлийг танилцуулж байна.

"ҮНДСЭН ХУУЛЬД ИРГЭН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХТЭЙ ГЭЖ ЗААСАН"

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.СҮНЖИД:

-Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг Монгол Улс Үндсэн хуульд тусгасан. Үндсэн хуульд:

  • "…Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй" Зургадугаар зүйлийн 2 дугаар заалт.
  • "Монгол улсын иргэн амьд явах эрхтэй" 16 дугаар зүйлийн 1 дэх заалт
  • "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй" 16 дугаар зүйлийн 2 дахь заалт

Үүнийг дагаад мэдээж салбар хуулиндаа бид оруулж, баталгаажуулж өгсөн. Нийт 33 хууль, 200 засаг захиргаан актад үүнийг баталгаажуулсан. Ямар түвшинд индексийг олон улсад авч үздэг гэхээр хоёр хэсэгт хувааж үздэг. Нэгдүгээрт, үндсэн элементүүд болох аюулгүй, тогтвортой уур амьсгал, цэвэр агаар, эрүүл биологийн төрөл зүйл, экосистем, цэвэр хүрэлцээтэй усны ариун цэврийн байгууламжийн хүртээмж, эрүүл аргаар үйлдвэрлэж боловсруулсан хоол хүнс, амьдрах, ажиллах, суралцах, тоглох, хор хөнөөлгүй орчин. Хоёрдугаарт, үйл ажиллагааны элементүүд болох мэдээлэл олж авах, шийдвэр гаргахад оролцох эрх, шударгаар шүүлгэх эрх зэрэг хамаарна.

Хүрээлэн буй орчны үзүүлэлтийн индексээр Монгол Улс 29.6 оноогоор дэлхийн 180 орноос 155 дугаарт, Ази номхон далайн 25 орноос 19 дүгээр байранд эрэмбэлэгдсэн.

Агаарын чанарын үзүүлэлтээр бүр 180 орноос 170-д эрэмбэлэгдсэн. Энэ бол агаарын чанар маш муу байна гэсэн үг. Олон улсын индексийг харвал сүүлийн байруудад байгаа орнууд дайнтай, хямралтай, зөрчилтэй байгаа улсууд байна. Гэтэл Монгол улсын агаарын чанарын түвшин тэдгээр улсуудтай адил байна.

Хүний эрхийн үндэсний комиссоос үндэсний хэмжээний индекстэй болъё гэж санаачилсан. Энэ саналаа Үндэсний статистикийн хороонд хүргүүлсэн. Үүнд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн үзүүлэлтийн нэг нь орчны бохирдлын улмаас өвчилсөн болон нас барсан хүний тоо. Мөн ахуйн, гамшгийн гээд үзүүлэлтүүдийг оруулахаар санал болгосон. Хууль тогтоомжийн давхардал, хийдлийн шинжилгээг Байгаль орчин, аялал жуулчлалын яам байх үедээ хийсэн байна. Хүн төвтэй, хүнд ээлтэй орчныг хамгаалж чадаж байна уу гэхээр давхардал хийдэл зөрчил их байна. Хүний эрхийн үндэсний комиссоос авч хэрэгжүүлсэн бусад арга хэмжээнүүдийг мөн дурдах нь зүйтэй болов уу.

  1. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын 2024 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 37 дугаар тогтоолд дөрвөн тогтоолоор Засгийн газарт үүрэг өгсөн.
  2. Монгол Улсын Ерөнхий сайдад 2024 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр таван заалт бүхий 01/03 дугаар ХЭҮК-ын зөвлөмж хүргүүлсэн.
  3. УИХ-ын тогтоолд тусгагдаагүй асуудлаар ХЭҮК-ын гишүүний зөвлөмжийг тус тус хүргүүлсэн.

Үүний дараагийн илтгэлүүдийг товч дурдвал:

1. Монгол Улсад гадаад, дотоод орчны агаарын бохирдол, хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа тухай тодорхой судалгаанууд хийгдсэн. Мөн олон улсын тоймууд бий. Үүнтэй холбоотойгоор Анагаах ухааны судлаач А.Энхжаргал танилцуулга хийлээ.

2. Агаарын бохирдол хавдар үүсгэгч болох нь судвээр Хавдар судлалын үндэсний төвийн цээжний хөндийн мэс заслын тасгийн эрхлэгч Б.Ганзориг танилцуулга хийлээ. 

ОРОЛЦОГЧИД ТӨЛӨӨЛӨГЧДӨӨС АСУУЛТ АСУУЖ, ХАРИУЛТ АВАВ

"Пипл ин Нийд" олон улсын байгууллагын төлөөлөгч Б.Мөнгөнхишиг "цахим өргөдлийг санаачилсан иргэний хувьд энд төлөөлөл болоод ирсэн байна. Мөн надтай хамт цахим өргөдөл бичиж, санаачилсан судлаачдын төлөөлөл ирсэн байгаа. Бидний зүгээс илтгэл тавьсан асуудлуудаас гадна Нийслэлийн байгаль орчны газар эсвэл орлогч даргаас мөн Цаг уур орчны шинжилгээний газруудаас асуумаар байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр гэж байдаг. Энэ хөтөлбөрийн үндэслэл хэсэгт агаарын бохирдлын 80 хувь гэр хорооллоос үүдэлтэй гэж тодорхойлсон. Гэтэл сүүлийн үед нийслэлээс гарч байгаа хөтөлбөрүүдээс харахад агаары бохирдлын нийт 56 хувь гэсэн тоо гарч ирж байна. Харин ЦУОШГ-аас гаргасан судалгаагаар 70-80 хувь гээд байгаа. Тэгэхээр саяны тоо баримт зөв эсэхийг судалгаанд үндэслэж тайлбарлаж өгнө үү?" гэв.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин "Үндэсний хөтөлбөр батлагдсан. Хөтөлбөрийн дагуу арга хэмжээнүүдийг хийгээд явж байна. Бид 2022-2024 онд ЖАЙКА байгууллагаас хийсэн судалгааг үндэслэж, ажлуудаа төлөвлөж, хийгээд үргэлжлүүлж байна. Тухайн судалгаанд гэр хорооллын 198 мянга 840 айл өрх хамрагдаж, тухайн хамрагдсан айл өрх нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын 55.6 хувийг эзэлж байна гэдэг статистикийг гаргасан. Автомашин бол яг өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 804 мянга гаруй хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд энэ нь нийт агаарын бохирдлын 28.9 хувийг эзэлж байна гэж үзсэн. Үлдсэн 15.5 хувийг дулааны цахилгаан станцууд болон бусад эх үүсвэрүүд бүрдүүлж байна гэх судалгаа гарсан. Энэ судалгааг 2022 онд хийж, нийслэл тус судалгааг үндэслэл болгож Улаанбаатар хотын авч хэрэгжүүлж байгаа богино, дунд, алсын харааны бодлогуудыг хэрэгжүүлээд явж байна" гэлээ.

Хашаандаа сайхан амьдаръя төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Түмэнбаяр "утаанаас болж гурван том асуудал үүсч байна. Нэгдүгээрт, эрүүл мэнд. Хоёрдугаарт, эдийн засаг, гуравдугаарт, нийгмийн асуудал. Тэгэхээр судалгаануудыг маш нарийн болгомоор байна. Уушгины хорт хавдарт тамхи, агаарын бохирдлын аль нь хэчнээн хувь нөлөөлж байгааг нотлох хэрэгтэй. Мөн эхийн эндэгдэл гэж ярьж байна. Үүнийг бас нарийвчилж гаргасан зүйл байна. Сар, улирал тутамд харилцан ялгаатай байгааг нотолсон судалгаа байна уу?"гэж асуулаа.

Утааны сонсголын ажлын хэсгийн дарга  УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Нийгмийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтын асуудлыг зайлшгүй хөндөх шаардлагатай. Судлаачид нотолгоогоор эрүүл мэндэд агаарын бохирдол хэрхэн нөлөөлж байгааг танилцуулж байна. Өнөөдөр бид нотолгоог сонсч байна. Судлаачид олон олон тойм судалгаануудыг хэлж байна. Хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа олон хүчин зүйлээс хамгийн өндөр үзүүлэлтийг агаарын бохирдол эзэлж байна. Тэр дундаа дөнгөж төрж байгаа урагт нөлөөлж байна гэж байна шүү дээ.

Дотоод орчны агаарын бохирдлыг багасгахад ургийн жин 80 граммаар нэмэгдэж байна гэж байна. Энэ бол нотолгоо. Тиймээс бид богино хугацаанд агаарын бохирдлыг бууруулж чадаагүй юм чинь бодит ямар гаргалаа байгааг хэлэлцэх хэрэгтэй. Монгол Улсад өвчлөлийг судалдаг төв дутагдалтай.

Тэгэхээр стратегийн чухал ач холбогдолтой судалгаануудад төсөв гаргах хэрэгтэй байна. Эрүүл мэндийн яам бодлогоор үүнийг тусгаж өгөх нь зөв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

С.Ундармаа нэрээр нэвтэрсэн. Профайлаа засах . Гарах? Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХЭЗЭЭЭЭ 10 минутын өмнө 202.70.43.34

МОНГОЛЧУУД ЦААШИД ХЭДЭН ЖИЛ АГААРЫН ЧАНАР МУУ БНА ЯРЬЖ СУУЦГАХ ЮИ БОЛДОО….????? ХЭЗЭЭ НИЙТЭЭРЭЭ БОСООД АЖИЛЛАЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ АМЬДРАЛ АХУЙГАА ӨӨД ТАТАХ ВЭ ??????

Avatar

Нэргүй 9 минутын өмнө 202.70.43.34

ЗҮГЭЭР Л БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ БНА ГЭЭЛ СӨРӨГ ЮМС ЯРИАД Л СУУГААД БАЙХЫН…ДЭЭР ДООРГҮЙ АСУУДЛАА ШИЙДВЭРЛЭХ ПОТЕНЦИАЛ АЛГОО ҮНЭНДЭЭЭ…………

Avatar

Нэргүй 28 минутын өмнө 202.126.90.101

Судлаачид гаргасан тоо , баыгаль орчны шинжилгээ 2 чинь зөрөөд бгаа юм биш үү?

Avatar

Нэргүй 34 минутын өмнө 66.181.191.119

Сүнжид гэж үнэн дүлий авгай, хүний эрхээр хохирчихоод байна гэхэд шал тоохгүй явж байгаамдаа

Avatar

Нэргүй 39 минутын өмнө 202.9.41.110

Гал түлдэг яндан байсан цагт утаа байсаар л байна. Гэр хорооллыг үндсэндээ байхгүй болгох хэрэгтэй. Орос манай нутгаар газ дамжуулах хоолой барьсан бол бид газаар дулааны асуудлаа шийдэж мод, нүүрс түлэхгүй байх байлаа. Гэтэл үүнийг манай зарим хүмүүс улс төржүүлж улмаар Оросын дургүйг хүргэснээс болж Орос татгалзсан. Ардчилал ярьдаг зарим хүмүүс үүнд нь баярлаж байх шиг байна лээ. Уул нь монголд их ашигтай байсан юмдаа. Эх орныхоо эрх ашгаа 1-рт тавьж баймаар байна шүү

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.91.202

Одоо ингэж ярьж болохгүй э

Түлш стандартад тэнцэж бна гээд бсан одоо болохоор худлаа мэдээ тарааж бсан бна уу?

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 92.63.205.190

улсын нийслэл гэсэн тодотголоор цаашид гэр хороололд амьдрах эрх олгохгүй байх, одоо байгаа гэр хорооллоо орон сууцжуулах арга хэмжээ авья өө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж