"Хурд" хамтлагийн "Бүсгүй" дуунаас сэдэвлэсэн уран сайхны киноны талаар өнөөдөр /2025.01.15/ мэдээлэл хийлээ.
“Хурд” хамтлагийн ахлагч Д.Ганбаяр:
-Манай хамтлагийн хувьд түүхэн тэмдэглэхээр баяртай өдөр тохиож байна. Кино урлаг үнэхээр гайхамшигтай бөгөөд хүнд ажил байдаг юм байна. "Бүсгүй" уран сайхны кино маань нэгэн түүх болж байна. Бид 30 жилийнхээ ойгоор өөрсдийнхөө амьдралаасаа сэдэвлэсэн уран сайхны киног хийж бүтээхээр сэтгэл шулуудан, кино уран бүтээлчидтэй хамтран ажиллалаа. Мэдээж үзэгч бүхэн бидний бүтээлийг таалан сууж үзэхийг урьж байна. Дэлгэцийн бүтээлд нийт 1000 гаруй хүн оролцож, тоглосон. Тэр бүх хүмүүстээ маш их баярлалаа.
Гавьяат жүжигчин, “Хурд” хамтлагийн продюсер Д.Отгонбаяр:
-Та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлж байна. Бид дэлгэцийн уран бүтээлээрээ дамжуулан нийгэм цаг үедээ эерэг хандлага төрүүлэхийг хүсч, зорьсон. Уг уран бүтээл "Хурд" хамтлагийн 32 дахь жил дээр дэлгэцийн бүтээл маань нээлтээ хийх гэж байна. Энэ бүтээл олон сайхан хүний хүч хөдөлмөр шингэсэн. Бид "Бүсгүй" уран сайхны киног болзооны кино гэж нэрлэсэн. Тун удахгүй бүх кино театруудаар гарч, үзэгчдийн хүртээл болно. Уран сайхны кинонд "Хурд" хамтлагийн анхны "Хар салхи" тоглолтын хэсгээс гадна эх орон, гэр бүл, аз жаргал, хайр дурлалыг кинондоо багтаахыг хүссэн. Кино зохиолыг хоёр жилийн хугацаанд бичсэн.
Бид нийгэмдээ хүлээсэн үүргээ хүлээж, залуу шинэ уран бүтээлчдэдээ үлгэр дууриалал болохуйц хамтлагийн стандартыг тогтоож байгаадаа баяртай байна.
Монголын рок попын хөгжмийн ертөнцийн олон сайхан хамтлаг, дуучид уран сайхны киногоо хийгээсэй. "Хурд" хамтлаг түүхэн замналаараа анхны киногоо хийж байна. Бид ирээдүйд хийх олон ажлыг төлөвлөсөн. Бид 10 жилийн өмнө 20 жилийн ойгоороо АНУ-д алтан пянзаа хэвлүүлэн, тоглолтоо хийсэн. Тэр тоглолтын орлогоосоо хөдөө орон нутаг дахь сумын эмнэлгийн нярайн тасагт тоног төхөөрөмж бэлэглэсэн. Одоо 24 дэх сумын эмнэлэгтээ нярайн тоног төхөөрөмжөө бэлэглээд явж байна. Бид "Бүсгүй" уран сайхны киноны орлогоосоо энэ төслийг үргэлжлүүлж, хөдөө орон нутгийн эмнэлгүүдийн нярайн тасагт төхөөрөмж бэлэглэнэ. Бид ингэж л бусдад үлгэр дууриалал үзүүлж, байгаа бүхнээ хуваалцах ёстой гэсэн юм.
"Бүсгүй" уран сайхны кино нь 133 минут үргэлжлэх бөгөөд драм төрлийн уран бүтээл. Дэлгэцийн бүтээлээр "Хурд" хамтлагийн бидний мэдэхгүй түүхийн хуваалцах болно.
Уран сайхны киноны уран бүтээлчид:
- Ерөнхий продюсер Д.Отгонбаяр
- Зохиолч А.Миеэгомбо, Л.Галмандах
- Ерөнхий найруулагч Л.Базарсад
- Ерөнхий зураглаач Г.Гүенбаатар
- Ерөнхий зураач Н.Болор-Эрдэнэ
- Хөгжмийн зохиолч С.Алтанзавъяа
- Жүжигчин Г.Ариунболор
- Жүжигчин С.Ариунбямба
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
хүннү 3 цагийн өмнө 202.55.188.43
Хурдын кино гэхээр аугаа л юм байгаа гэсэн хүлээлттэй байна. Ариунбямбатай яриад ч яахав монголы нэгэн үеийн домог болсон жүжигчин. Харин Ариунболор гэдэг жүжигчин ямаршүү байх юм бол? бас л бөөн хүлээлт. Харин киноныхоо хөгжмийг Чинбаагаар хийлгэхгүй дээ гэсэн бодол төрлөө.
Нэргүй 3 цагийн өмнө 202.131.234.123
aaaa medgui ee. chuluu hoolgoj baij medne shuu. orlogo oloh geed l