НАТО-ийн тэргүүн Марк Рутте эвслийн гишүүн орнуудад хандаж батлан хамгаалахын зардлаа нэмэгдүүл, эсвэл орос хэл сурахдаа бэлд гэсэн уриалгыг хүргүүлэв. Тэрбээр Даваа гаригт Францын Страсбург дахь Европын парламентад үг хэлэхдээ аюулгүй байдлаа хангахын тулд зардалдаа анхаарал хандуулах шаардлагатайг онцолсон юм.
"Бид одоохондоо аюулгүй л байна. Гэхдээ дөрөв, таван жилийн дараа ийм байхгүй. Батлан хамгаалахын зардлаа нэмэхгүй бол орос хэлний дамжаанд сурах юм уу Шинэ Зеланд руу явсан нь дээр. Би Европын аюулгүй байдалд маш их санаа зовж байна. Бид дайтаагүй боловч энх тайван байдалтай ч бас биш байна. Тэгэхээр бид батлан хамгаалахдаа илүү их хөрөнгө оруулж, боломж бололцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн үг. Энэ бол хойшлуулшгүй асуудал. Иргэний болон бусад чухал дэд бүтцээ бид сайжруулах хэрэгтэй" гэж Рутте хэллээ.
Орос, Украины дайн үргэлжлэхийн зэрэгцээ АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп Европын аюулгүй байдалд анхаарал тавих эсэх нь эргэлзээтэй байна.
ОХУ энэ дайнд ялах юм бол дараагийн бай нь НАТО-ийн орон байх болно гэдгийг Европын цэрэг, аюулгүй байдлын албан тушаалтнууд анхааруулсаар ирсэн. Үргэлжилж буй дайнтай холбоотойгоор НАТО-ийн хэд хэдэн орон батлан хамгаалахын төсөвөө нэмэгдүүлсэн. Тодруулбал, одоогийн байдлаар 32 улсын 23 нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хоёр хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулж байна.
Дональд Трамп НАТО-ийн орнуудыг өөрсдийнхөө аюулгүй байдалд хангалттай мөнгө зарцуулахгүй байна гэж шүүмжилдэг. Тэрбээр дээрх хоёр хувийг даруй таван хувь болгож нэмэгдүүлэхийг уриалдаг билээ. АНУ-ын тухайд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 3.38 хувийг батлан хамгаалах салбартаа зарцуулж байна. Мөн Оростой ойр орших зүүн Европын орнууд үүнтэй төстэй хувийг зарцуулдаг. Тухайлбал, Эстони 3.43, Латви 3.15 хувийг тус тус зарцуулж байна. Цэргийн хүчин чадлаараа Европтоо тэргүүлэгсдийн нэг Польш улсын тухайд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4.1 хувийг батлан хамгаалахад зарцуулдаг.
Харин Германы канцлер Олаф Шольц тэргүүтэй зарим удирдагч Трампийн нэрлэсэн таван хувийг хэт өндөр байна гэдэг. Марк Руттегийн хувьд Трамптай адил таван хувийн зорилт дэвшүүлээгүй ч дор хаяж 3.7 хувь байх ёстой гэж үзэж байна.
3,569.17





















































Холбоотой мэдээ