"НДШ нэмэгдэхгүй байхаар хуульд тусгасан"

Хуучирсан мэдээ: 2025.01.15-нд нийтлэгдсэн

"НДШ нэмэгдэхгүй байхаар хуульд тусгасан"

"НДШ нэмэгдэхгүй байхаар хуульд тусгасан"

Ажил хийж байгаа иргэд, тэр дундаа залуучуудын олонх нь нийгмийн даатгалын шимтгэл /НДШ/ төлснөөс тэр мөнгөө банкинд хадгалуулсан нь дээр гэж үздэг. НДШ-ийг хөдөлмөрлөж байгаа хүн ирээдүйдээ нөөж байгаа хөрөнгө оруулалт гэж тодорхойлдог. Гэвч Монгол Улсад үйлчилж байгаа хууль тогтоомж, тогтолцоогоор насаараа хөдөлмөрлөж, шимтгэл төлсөн хүн өтлөх насандаа амьдралын энгийн хэрэглээнд шаардагдах тэтгэврийг тогтоолгож чаддаггүй гэх шүүмжлэл бий. Энэ талаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга С.Лхагвадоржоос тодрууллаа.

НДШ ДААТГУУЛАГЧИЙН САНХҮҮГИЙН ЭРСДЭЛИЙГ ХУВААЛЦДАГ

Тэрбээр "Нийгмийн даатгалын байгууллагатай 60 мянга орчим ажил олгогч байгууллага харилцан ажиллаж байна. Үүн дотор 1,2 сая албан журмын даатгуулагч, 190 мянган сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын үйлчилгээнд хамрагддаг. Өнөөдрийн байдлаар нийгмийн даатгалын сангаас 506 мянга орчим иргэн тэтгэвэр авч байна. Мөн 200 мянга орчим даатгуулагч нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг.

Нийгмийн даатгал гэдэг нь тухайн даатгуулагчийн орлогын бууралтыг нөхөх, даатгуулагчдад учирч буй санхүүгийн эрсдэлийг хуваалцдаг систем гэж ойлгож болно.

Өөрөөр хэлбэл даатгуулагч залуу, орлоготой байх үедээ нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Харин өндөр наслах, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа алдах, ажилгүй болох зэрэг эрсдэл гарах үед тухайн даатгуулагч болоод тухайн даатгуулагчийн ар гэрийн санхүүгийн бололцоо буурдаг. Энэ үед буурсан орлогыг нь нөхөж өгөх зорилготой юм. Залуучууд харьцангуй ажилтай, орлоготой, хөдөлмөрийн чадвартай байна. Нийгмийн даатгалын харилцаанд өнөөдөр төлөөд маргааш нь шууд авдаг тохиолдол ч байна. Эсвэл бүр 10,20 жилийн дараа авдаг тэтгэврийн харилцаа ч байна. Залуу хүмүүст ихэвчлэн түр хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсний тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж авах зэрэг асуудлууд тохиолддог. Тэтгэвэр авах насанд хүрээгүй учраас залуучуудад нийгмийн даатгалын үйлчилгээ хол юм шиг санагддаг.

Өнөөдрийн байдлаар бид улсын хэмжээнд 506 мянга орчим иргэнд тэтгэвэр олгож байна.

Нийгмийн даатгалын сангаас хэн ч үйлчилгээ авдаггүй байсан бол өнөөдөр тэдгээр иргэдийн санхүүгийн эрсдэлийг нөхөх боломжгүй шүү дээ. 2024 онд Нийгмийн даатгалын ерөнхий газар 6.8 их наяд төгрөгийг тэтгэврийн сангийн санхүүжилтэд олгосон. Улсын нийт төсвийн 20 орчим хувьтай тэнцэх хөрөнгийг зөвхөн тэтгэвэрт зарцуулж байгаа. Нийгмийн даатгалд даатгуулсан бол ямар төрлийн даатгалд, ямар хугацаагаар даатгуулсан гэдгээсээ хамаараад өөртөө тохиолдсон санхүүгийн буюу нийгмийн эрсдэлээ нийгмийн даатгалын сантай хуваалцах боломжтой юм.

НДШ ХУВЬ ХЭМЖЭЭ ХУУЛЬЧЛАГДСАН БАЙДАГ

Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хуульчлагдсан байдаг. Албан журмын даатгуулагч буюу ажил хөдөлмөр эрхлээд авсан цалин хөлснөөсөө даатгуулж байгаа иргэдийн хувьд ажил олгогч 12.5 -14.5 хувийг хариуцан төлдөг. Харин даатгуулагч иргэд 11.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Нийтдээ 24-26 хувиар цалин, хөлснөөсөө бодож төлөгддөг.  Мөн сайн дурын даатгуулагчийн хувьд өөрийнхөө нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан орлогоос 13.5 хувийн шимтгэл төлнө.

Цаашид нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэхгүй байхаар хуульд тусгасан.

Гэхдээ тухайн жил бүрдүүлсэн нийгмийн даатгалын сангийн орлого, хэрэгцээт зардлыг тооцож он, оны Нийгмийн даатгалын сангийн төсвийн тухай хуулиар УИХ-аар хуульчлан батлагддаг. Улс орон болгон өөрийн нийгмийн онцлог, хөгжил, эдийн засагтай уялдуулж нийгмийн даатгалын хувь хэмжээгээ тогтоодог. 36 хувиас дээш шимтгэл төлдөг орнууд бий. Манай улсын хувьд дундаж тогтолцоонд хамаарна" гэв.

ЭНЭ ОНД ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД 22 ЖИЛ НДШ ТӨЛСӨН БАЙНА

УИХ-аас Нийгмийн даатгалын тухай хуулийг шинэчлэн баталснаар тэтгэвэр тогтоолгох нас болон НДШ төлөх хугацааг жил бүр гурван сараар нэмэгдүүлэх зохицуулалт 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжээд явж буй. Иймээс энэ онд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн эрэгтэй /60 нас/ эмэгтэй /55 нас/ хамгийн багадаа 22 жил НДШ төлсөн байх шаардлага тавигдаж буй юм. Хэрвээ энэ жил тэтгэврийн насанд хүрсэн ч НДШ төлсөн хугацаа 20 жил байгаа тохиолдолд үргэлжлүүлэн хоёр жил ажиллаж, эрэгтэй 62 насандаа, эмэгтэй 57 нас хүрч байж тэтгэвэр авах нөхцөл болзлыг хангах ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж