Спортын салбарын ХҮЧИРХИЙЛЭЛ гаарлаа!

Хуучирсан мэдээ: 2025.01.15-нд нийтлэгдсэн

Спортын салбарын ХҮЧИРХИЙЛЭЛ гаарлаа!

Спортын салбарын ХҮЧИРХИЙЛЭЛ гаарлаа!

Шавь нь дасгалжуулагчаа, багш нь шавиа, тамирчид бие биенээ хүчирхийлж, зодож, бэлгийн дарамт үзүүлдэг байдал спортын салбарт ужгирлаа. Олон нийтийн сүлжээнд эхнээсээ бичлэг нь цацагдан, иргэдийн шүүмжлэлтэй тулж байна. Ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн тамирчдын ёс зүйгүй үйлдэл, хэлсэн үг спортын салбарынхны нэр хүндийг гутааж байгаа нь харамсалтай. Хэдхэн хоногийн өмнө жүдо бөхийн залуу тамирчин Ж.Энхтөрийн ёс зүйгүй үг, үйлдэл олны дургүйцлийг хүргэсэн бол өчигдөр олимпийн зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэгийн шавиа зодсон бичлэг цацагдав.

Тамирчны алдар хямдхан олддоггүй. Тэр утгаараа тамирчин хүн амжилтад хүрэхийн тулд хөлс хүч, нойр хоол, бэртэл гэмтлийг даван туулахаас гадна сэтгэл зүйн маш өндөр бэлтгэлтэй байхыг шаарддаг.

Тамирчны сэтгэл санаа тавгүй, ямар нэг асуудалд зовниж түгшсэн, айж сандарсан бол амжилт гаргаж чадахгүй. Сэтгэл зүй гэгч маш чухал гэдгийг спортын сэтгэл судлаачид онцолдог. Гэтэл хамгийн ойр дотно ажиллах ёстой багш, дасгалжуулагч нь хүчирхийлэл үйлдэж байгаа нь спортын салбарт хүчирхийлэл хэрээс хэтэрсний нэг илрэл гэж олон нийт үзэж буйг үгүйсгэх аргагүй. Эцэг эхчүүд хүүхдээ эрүүл чийрэг бие бялдартай болгохын зэрэгцээ сайн хүмүүжил олгохын тулд спортоор хичээллүүлэхийг илүүд үздэг. Гэвч сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж, хүчирхийллийн хохирогч болох тохиолдол цөөнгүй гарчээ. Харамсалтай нь, энэ бүхэн ил биш нууцлаг явсаар иржээ.

Энэ асуудлыг анх удаа олон нийтэд ил болгосон “Спортын салбар дахь жендэр ба эмэгтэй тамирчдын эрх” судалгааг 2019 онд Эмэгтэй удирдагч сангаас хийжээ. Тухайн үед бокс, жүдо, буудлага зэрэг спортын Үндэсний шигшээ багийн эмэгтэй тамирчдыг судалгаандаа хамруулсан байна. Энэ талаар тус сангийн тэргүүн М.Болормаа ярихдаа "Сангаас 2019 онд анхны судалгааг хийж, тамирчин болон дасгалжуулагч нийлсэн 59 хүн хамрагдсан. Үүнээс есөн хүнтэй нь ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд судалгаанд 27 эмэгтэй тамирчин, нэг дасгалжуулагч, 29 удирдах албан тушаалтан оролцсон.

Судалгааны дүнгээс үзэхэд, спортын салбарт ажлын байрны бэлгийн дарамт нуугдмал байгаа бөгөөд энэ нь эмэгтэй тамирчдын сэтгэл санаа, бэлтгэл сургуулилалт, амжилтад сөргөөр нөлөөлдөг гэх дүгнэлт гарсан.

Спортын салбарт ажлын байрны бэлгийн дарамт, жендерт суурилсан хүчирхийллийн талаарх судалгааг цаашдаа өргөн хүрээнд хийх хэрэгтэй юм байна гэж дүгнэсэн. Энэ бүхнийг салбарын бодлого, дүрэм журамдаа тусгах шаардлагатай гэж үзсэн. Мөн судалгаа хийсний дараа спортын салбарын бүх холбоодын түвшинд жендерийн үзэл баримтлалын хууль, бодлого, хөтөлбөрт тусгах ажлыг системтэй эхлүүлэхэд дэмжлэг их хэрэгтэй байна, үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэслэн цаашид хамтран ажиллах стратеги боловсруулах, тамирчдын жендерийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөрийг тусгайлан боловсруулах, удирдлага албан тушаалд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, лобби болон нөлөөллийг бий болгох, эмэгтэй дасгалжуулагч бэлтгэхэд анхаарал хандуулах хэрэгтэй байна гэж дүгнэсэн. Мөн эмэгтэй тамирчдын хувцас солих өрөө, усанд ордог өрөө гэх мэт ажлын нөхцөл байдлыг сайжруулах шаардлагатай байсан. Учир нь эмэгтэй тамирчдын ярьсан кейс дээр гэхэд, олон улсын тэмцээнд оролцохын тулд жингээ үзүүлэхэд тэр хэсэгт дандаа эрэгтэй хүмүүс байдаг гэдгийг хэлж байсан. Тэр хүмүүс нь инээлдэж шоолох тохиолдол гарна. Зарим нь жиндээ хүрэхийн тулд үсээ тайруулж, дотуур хувцсаа хүртэл тайлдаг тухай ярьсан. Ер нь жүдо, чөлөөт бөх гэх мэт ойртож бэлтгэл хийдэг спортод эмэгтэй дасгалжуулагчдыг бэлдэх хэрэгтэйг хэлж байсан" гэв.

Энэ судалгааны үр дүнгээр эмэгтэй тамирчдын бэлтгэл сургуулилалтаа хийх орчинд анхаарч, дасгалжуулагч болон тамирчдын хооронд байгуулдаг гэрээнд энэ талаарх заалтуудыг тусгаж өгсөн байна.

Сүүлд 2021 онд Олимпийн аварга Н.Түвшинбаярын хэрэг гарсан бол мөн 2021 онд Монголын 15 хүртэлх насны охидын багийн менежер асан Б.Учралсайхан Өмнөд Солонгост болсон зүүн Азийн хөлбөмбөгийн наадмын үеэр багийнхандаа бэлгийн дарамт үзүүлж, биед нь халдсан нь тогтоогдож,  FIFA-гаас шийтгэл хүртсэн. Харин Б.Учралсайхан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэдгээ үгүйсгэсэн байдаг. FIFA-гаас Б.Учралсайханд 10 жилийн хориг оногдуулсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж