Хятадын өмнөд нутгийн Гуанжоу боомт хотын зарим хэсэгт оёдлын машины чимээ байнга сонсогддог. Энэ бол түргэн загварын хувцсаар дэлхий дахиныг хангаж буй "Шейн тосгон" гэгч юм. Дэлхийн 150 орчим орны хэрэглэгчид 5000 гаруй үйлдвэр төвлөрсөн энэхүү тосгоноос хувцасны шүүгээгээ дүүргэж байна. Эдгээр үйлдвэрийн олонх нь "Шейн" (Shein) брэндийнх юм.
"Шейн тосгон"-д ажилчид бүтэн сарын турш 31 өдөр амралтгүй ажилладаг. Заримдаа сард ганц л өдөр амардаг аж.
"ВВС" агентлаг 10 гаруй үйлдвэрээр зочилж, дөрвөн эзэн, 20 гаруй ажилчинтай ярилцжээ. Үүний эцэст үйлдвэрүүд Хятадын хөдөлмөрийн хуулийг зөрчиж буйг олж мэджээ. Ажилтнууд долоо хоногт 75 орчим цагийг оёдлын машины ард өнгөрөөж байна.
Энэхүү баримт нь ердөө хагас аравны дотор дэлхийн аварга болсон "Шейн" брэндэд асуудал үүсгэв. Тус брэнд өдгөө хувийн эзэмшлийнх ч гэлээ 2023 онд 66 тэрбум ам.доллараар үнэлэгджээ. Цаашид Лондонгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах ч боломжтой гэж үзэж байна.
Гэвч брэндийн хурдацтай өсөлт, амжилтыг албадан хөдөлмөр эрхлэлт, зохисгүй нөхцөлтэй холбон тайлбарлах нь бий. Хятад дахь үйлдвэрт хүүхдүүд ажиллаж байгааг тус брэнд өнгөрсөн онд хүлээн зөвшөөрсөн аж. Компанийн зүгээс өөрсдийгөө өмгөөлсөн мэдэгдэл хийхдээ "Манай ханган нийлүүлэлтийн сүлжээ бүх ажилчинд шударга, хүндэтгэлтэй хандахыг эрмэлзэж байна. Бид цалингийн хамгийн дээд стандартыг тогтоохыг хичээж байна. Цаашилбал, ёс зүйн дүрмийг дагаж мөрдөхийн тулд аудиторуудтай хамтран ажилладаг" гэжээ.
Тус брэндийн амжилтын нууц нь хямд үнэтэй хувцсыг цахим дэлгүүрээр дамжуулж хэдэн зуун мянгаар нь борлуулах, томоохон хямдрал зарлах зэрэг юм. Брэндийн орлого сүүлийн жилүүдэд өссөөр, "H&M", "Zara", "Primark"-ыг ардаа орхижээ.
"Шейн тосгон" дахь үйлдвэрүүдийг харвал оёдлын машин, ороомог даавуу, даавууны хаягдал зэрэг нь хаалгаар гарах шахам дүүрэн байдаг. Боож багласан хувцаснууд зогсоо зайгүй хүргэлтэд гарч үйлдвэр хоногийн 24 цаг завгүй. Оройн 22:00 цаг өнгөрсөн ч оёдлын машины дуу зогссонгүй. Нэрээ нууцалсан нэгэн ажилтны хэлснээр тэд өдөрт 10-12 цаг ажилладаг. Ням гаригт үүнээсээ гурван цагаар бага ажилладаг аж.
Байнгын ажилтнаас гадна гэрээт ажилтан богино хугацаагаар ажиллах нь элбэг. Жиансигаас ирсэн цагаач ажилчин ярихдаа "Бид маш бага орлоготой. Гэтэл амьжиргааны өртөг ямар байгаа билээ. Хөдөлмөрийн хөлс маань оёх зүйлийн хүнд, хялбараас хамаардаг. Подволк гэх мэт энгийн зүйл бол нэг ширхэг нь 1-2 юаниар үнэлэгдэнэ. Би нэг цагийн дотор 10 орчим подволк гараас гаргадаг" гэжээ.
Гудамж дахь зарлалын самбарт ажлын зараас гадна оёдлын заавар маягийн зүйл наасан байдаг. Энэ нь шийдвэр гаргахад маш чухал алхам болдог аж. Оёдлын загварыг хараад хүмүүс нэг цагт хэдэн ширхэгийг оёж чадахаа тооцоолдог.
Швейцарийн өмгөөллийн “Public Eye” группийн тайлагнаснаар илүү цагаар ажиллаагүй тохиолдолд үндсэн цалин нь 2400 юань байдаг аж. Гэтэл Азийн бага цалингийн холбооноос амьжиргааны доод түвшинд шаардлагатай цалинг 6512 юань байх ёстой гэж заажээ. Илүү цагаар ажиллах нь "Шейн тосгон"-д ер бусын зүйл байхаа больсон ч гэлээ хууль бус юм. Мөн хүний үндсэн эрхийг зөрчсөн мөлжлөгийн нэг хэлбэр болно.
Хятадын хөдөлмөрийн хуулинд зааснаар ажил олгогчид ажилчдаа долоо хоногт ядаж нэг өдөр амраах ёстой. Мөн долоо хоногийн дундаж ажлын цаг нь 44 цагаас хэтрэхгүй байх ёстой. Хэрэв ажил олгогч энэ цагийг сунгахыг хүсвэл цаана нь ямар нэг онцгой шалтгаан байх ёстой юм.
Үйлдвэрүүд хууль зөрчиж байгаа ч гэлээ энд хэдэн 10 жилээр ажилласан хүн олон. Тухайлбал, 40 гаруй жил "Шейн тосгон"-д ажилласан нэгэн эмэгтэйн хэлснээр өдөр бүр л түүний хувьд эгэл жирийн санагдах болсон гэжээ .
"Шейн" брэндийн төв оффис Сингапурт байдаг ч бүтээгдэхүүнийхээ дийлэнх хувийг Хятадад үйлдвэрлэдэг байхыг үгүйсгэхгүй. Тэдний амжилт АНУ-ын анхаарлыг татаж, Хятадын үйлдвэрлэгчдээс улам болгоомжлоход хүргэж байна. Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт брэндийн нэр хүндтэй салшгүй холбоотой учир хүүхэд хөдөлмөр эрхэлж буйг олж мэдвэл мэдээлэхийг шаардсан зарлалын самбар ч гаргажээ. Хэрвээ "Шейн" брэнд амжилттай "IPO" гаргаж чадвал зохих ёсоор хүлээн зөвшөөрөгдөх юм.
"Шейн" брэндэд тулгардаг бас нэгэн томоохон сорилт бол Хятадын Шинжаанаас хөвөнгөө авдаг гэх буруутгал. Шинжааны хөвөн нэгэн цагт дэлхийд шилдэгт тооцогддог байв. Гэвч уйгурчуудын албадан хөдөлмөр эрхлэлтийн тухай мэдээлэл цацагдсанаар худалдан авагчид бойкот зарлах болсон. Брэндүүд үйлдвэрийн жагсаалтаа гаргаж, нийлүүлэлтийн сүлжээгээ ил тод болгох нь шүүмжлэлийг тойрон гарах цор ганц арга юм.
Нэгэн үйлдвэрийн эзний хэлснээр "Шейн" брэндэд давуу болон сул талын аль аль нь бий. Сайн тал гэвэл брэндийн захиалгын хэмжээ асар их. Логистикийн зөвлөх үйлчилгээний "ShipMatrix" компанийн мэдээлснээр тус компани өдөрт дунджаар нэг сая орчим багц илгээдэг. Сул тал гэвэл ашиг нь бага. Тиймээс үйлдвэрийн эзэд зардлаа танахын тулд ажилчдын цалинг багасгадаг.
"Шейн"-ийн ханган нийлүүлэгч Гуо Цин Э хэлэхдээ "Тэд бол загварын салбарын тулгуур багана. Бид анхны өдрөөсөө л хамтран ажиллаж эхэлсэн. Би бол тэдний өсөлтийн гэрч. Үнэнийг хэлэхэд Шейн бол Хятадын гайхалтай компани. Илүү хүчирхэг болно гэдэгт нь би итгэж байна. Учир нь тэд төлбөрөө цаг тухайд нь төлдөг, тэд хамгийн найдвартай" гэжээ.
Ажлын цаг урт, цалин бага ч гэлээ хийж буй ажлаа өөр нүдээр хардаг хүмүүс бий. Тухайлбал, 33 настай нэгэн ахлах ажилтан "Энэ бол хятад хүмүүсийн дэлхийд оруулж чадах хувь нэмэр. Ажлын цаг урт гэдгийг бид хүлээн зөвшөөрнө. Гэсэн ч бид хоорондоо таатай сайхан харилцаатай байдаг. Яг л нэг гэр бүл шиг" гэжээ.
Нэргүй 1 цагийн өмнө 202.70.43.34
ХЯТАД НЭЭРЭЭ АГУУ УЛС ШҮҮ
Нэргүй 2 цагийн өмнө 103.57.93.35
хямд үнэ, томоохон хямдрал шүү дээ