Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах Израиль болон Хамас хоорондын хэлэлцээрийн нөхцөл эцсийн шатандаа ороод буйг Палестины эх сурвалж мэдээлжээ. Энэ хүрээнд Израиль болон Хамасын албаныхан Даваа гаригт яриа хэлэлцээ хийсэн байна. Тэд техникийн нарийн ширийн зүйлсийг тохироход багагүй хугацаа зарцуулсан гэдгийг Палестины эх сурвалж мэдээлэв. Гэрээ 42 хоног үргэлжилнэ. Хоёр, гурав дахь шатны ажиллагаа хэлэлцээрийн 16 дахь өдрөөс эхэлнэ.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден тэргүүтэй бусад эх сурвалж ч бас хэлэлцээр үр дүнд хүрэхийн ирмэгт ирээд буйг өмнө нь мэдэгдсэн билээ. Тэрбээр хэлэлцээрийг үр дүнд хүргэх ажлын хүрээнд Ням гаригт Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньхутай, Даваа гаригт зуучлагч Катарын шейх Тамим бин Хамад Аль-Тани нартай тус тус уулзаж ярилцжээ.
Байдены сүүлийн долоо хоног эхэлсэн учир энэ өдрүүдэд багтаад хэлэлцээр хэрэгжих магадлалтай байна.
Хэлэлцээр хэрэгжиж эхлэх эхний өдөр Хамас барьцааны гурван хүнийг суллах ба үүний дараагаас хүн амын суурьшлын бүсээс цэргээ гаргаж эхлэнэ гэж талууд тохирчээ. Цаашилбал, долоо хоногийн дараа Хамас дөрвөн барьцааны хүнийг суллаж, Израиль өмнөд нутгийн дүрвэгсдэд хойд зүгт буцах зөвшөөрөл олгоно. Гэхдээ дүрвэгсэд эргийн замаар явганаар буцах аж. Мөн Израилийн цэргүүд Филадельфийн коридорт үлдэх, зүүн болон хойд хилийн дагуу 800 метрийн хамгаалалтын бүсийг хадгалах заалтуудыг гэрээнд багтаажээ.
Хамас барьцааны нийт 34 хүнийг суллах бол Израиль 15 ба түүнээс дээш жил ял эдэлж байгаа 190 орчим палестин хоригдлыг суллахаар тохиролцсон байна.
Холбоотой мэдээ