Төрийн мэдээллийн 33 дахь тойм хэвлэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Төрийн мэдээллийн 33 дахь тойм хэвлэгдэв

Төрийн мэдээлэл” эмхтгэлийн энэ дугаарт Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ.

Энэ хуулиар цэргийн алба хаасны тэтгэвэр авагч өөрөө хүсвэл цэргийн алба хаасан болон даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоож болохоор болж байгаа юм. Түүнчлэн цэргийн албан хаагчийн цэргийн алба хаасан 1 жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллаж шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох, цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан 1 жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор тусгажээ. Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх, цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ, цэргийн албанд хэчнээн жил ажилласан албан хаагчид орон сууцны дэмжлэг үзүүлэх болоод албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цэргийн албан хаагчийн ар гэрт үзүүлэх тусламжийн талаарх мэдээллийг эмхтгэлийн хуудаснаас авах болно.

Түүнчлэн Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Энэхүү хуулийн хавсралтаас улсын төсвийн хөрөнгөөр 2010 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн тодотгосон жагсаалтыг харах боломжтой. Аймгуудад баригдах хүүхдийн ордны барилга, хүүхэд залуучуудын амралтын талбай, аймаг, сумдын Засаг даргын тамгын газрын барилгын засвар, авто зам, гүүрийн ажил, шинээр барих орон сууцны хороололд хэчнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийх талаархи мэдээллийг эмхтгэл өгөх болно.

2009-2010 оны зудын хохирлыг арилгах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг мөн нийтэллээ. Дотоод, гадаадын төсөл, хөтөлбөр болон гадаад орон, олон улсын байгууллагын  хандив, тусламж, зээлийн эх үүсвэрээр малчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, тэдэнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх, амьжиргааны эх үүсвэргүй болсон малчдыг малжуулах, орон нутагт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх, бичил уурхайд зохион байгуулалттайгаар ажиллуулах зэргээр тухайн орон нутаг бүрт тохирсон ажлын байр бий болгох арга хэмжээ авахыг Засгийн газраас холбогдох сайд нарт даалгасан байна Мөн орон нутгаас төв суурин газарт шилжиж ирсэн иргэдэд хашааны газар олгох, хөдөлмөр эрхлэх болон халамжийн чиглэлээр тодорхой дэмжлэг үзүүлэх, малгүй болсон малчин өрхийг малжуулах, бусад салбарт мэргэшүүлэн шилжүүлэх ажлыг сумдын удирдлагатай хамтран зохион байгуулах, олон мал бүхий малчдын малыг түрээсээр маллуулах, гэрээгээр мал өгөх зэргээр малгүй болсон малчдыг малжуулах ажлыг зохион байгуулахыг аймгуудын Засаг дарга нарт дээрх тогтоолоор үүрэг болгожээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтсээс дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж