УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.01.14/ хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны даргад нэр дэвшигчээр томилгооны сонсгол зохион байгуулж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус хорооны даргад олон улсын эрх зүйч мэргэжилтэй Т.Жамбаажамц нэр дэвшүүлсэн юм байна. Тэрбээр 1982 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн. МУИС-ийн Хууль зүйн сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр, СЭЗИС-ийг бизнесийн удирдлагын магистраар тус, тус төгссөн.
- 2007-2009 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын мэргэжилтэн,
- 2009-2011 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын хянан шалгагч,
- 2011-2013 онд СЗХ-ны ахлах хянан шалгагч,
- 2013-2014 онд СЗХ-ны Хөрөнгийн зах зээлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга,
- 2014-2015 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга,
- 2015-2016 онд СЗХ-ны Хяналт шалгалтын газрын орлогоч дарга,
- 2016 оны наймдугаар сараас одоог хүртэл СЗХ-ны Ажлын албаны даргаар ажиллаж байна.
Байнгын хорооны гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
– Таныг УИХ-ын дарга оруулж ирж байгаа. УИХ-ын даргатай ямар холбоотой вэ. Таних уу, хэзээ танилцсан бэ. Монголд ил болдоггүй нууц гэж байдаггүй, анхнаасаа үнэнээ хэлээд явах хэрэгтэй. Мерит зарчим яриад байгаа мөртлөө нэг дарга нь хүн оруулж ирээд олонхи намын бүлэг нь намын бодлогоо барина гээд явдаг. Ийм улс төрийн томилгоонуудаас болоод төрийн бүх асуудал эхэлдэг. Хөрөнгийн зах зээл, гадаад хөрөнгө оруулалтыг сайжруулна гэлээ. муу байгаа шалтгааныг юу гэж оношилж байна вэ?

СЗХ-ны даргад нэр дэвшигч Т.Жамбаажамц:
-Холбоотой гэдгийг нь танил тал найз нөхдийн холбоотой юу гэж асуугаад байх шиг байна. УИХ-ын дарга СЗХ ны даргыг нэр дэвшүүлэх хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд миний нэрийг дэвшүүлсэн гэж ойлгосон. УИХ-ын даргатай ямар ч холбоогүй, танил тал биш. Өнөөдрийг хүртэл УИХ-ын даргатай уулзаж үзээгүй байгаа. УИХ ын дарга нэр дэвших бололцоотой улсуудын судалгааг хийж байгаад намайг нэр дэвшүүлсэн юм байна гэж ойлгосон. Ний нуугүй хэлэхэд УИХ-ын даргыг огт танихгүй, нэр дэвшүүлснийг орой нь л мэдсэн. Нэр дэвших бололцоотой, туршлагатай хүмүүсээс судалгаа хийж байгаад миний нэрийг дэвшүүлсэн гэж ойлгосон.
Хөрөнгийн зах зээл муу байгаагийн шатгааныг юу гэж дүгнэж байна вэ гэж асуулаа.
1990 онд өөрчлөлт шинэчлэлт болоод тухайн үед 475 улсын үйлдвэрийн газар байсныг хувьчилсан. Хувчлахдаа иргэдэд 10 мянган төгрөгийн ваучер тараасан. 3000 төгрөгийн ягаан тасалбар, 7000 төгрөгийн цэнхэр тасалбар олгосон. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээлийг өмч хувьчлах бодлогын хэрэгсэл болгож, үүсгэн байгуулсан. 1991 онд Монголын хөрөнгийн бирж байгуулагдсан.
IPO буюу олон нийтээс хөрөнгө татдаг, олон нийтийн компани болдог процесс анх Монголд 2006 онд хийгдсэн. Түүнээс хойш 19 жил болж байна.
Гэтэл баруунд буюу Америк, Англид хөрөнгийн зах зээл дээр анхны нээлттэй хувьцаат компани 400 жилийн өмнө үүссэн, 200 жилийн өмнө IPO хийдэг процесс нь төгсөрсөн.
Зах зээлийн хувьд ингэж хоцорч явж байгааг хүлээн зөвшөөрөх ёстой. 2006 онд СЗХ , мөн Үнэт цаасны хороо байгуулагдсанаар хөрөнгийн зах зээлийг олон нийтийн болгох чиглэлээр шат дараатай ажлууд хийгдсэн. УИХ, Засгийн газар энэ салбарыг онцгой дэмжиж ажиллаж байгаа. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь төрийн үүрэг. Иргэдийг хуримтлалтай болгох, байгалийн баялгийг ард түмэнд хүргэх, нөөцийг зөв зохистой хуваарилах ажил хөрөнгийн зах зээлээр дамжиж хийгдэнэ. Хөрнгийн зах зээлийг хөгжүүлэхгүй байгаа нь асар том эрсдэл гэж би үздэг. Хөрөнгийн зх зээлийг хөгжүүлэх чиглэлээр УИХ-аас шат дараатай маш олон ажлыг хийсэн. 2024 оны УИХ-ын хаврын чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар том реформын шинжтэй өөрчлөлт хийсэн. Өмнө нь гадаадын хөрөнгө оруулагч нар дотоодын хөрөнгийн зах зээлд орж ирэхэд татварын өндөр ачаалал үүсдэг байсан. Капитал гень такс гэж нэрлэдэг такс өндөр тооцогддог байсан. УИХ -аас багасгаж, дотоодын хөрөнгө оруулагчтай адилхан болгож өгсөн, татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн үе шаттай урамшууллын бодлого хэрэгжүүлж өгсөн.
Банкны хуулийн шинэчлэлийн хүрээнд системийн нөлөө бүхий банкууд олон нийтийн болсон. 78 мянган хүн банкны хувь эзэмшигч болсон. Энэ зах зээл дээрээс 470 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн нь тодорхой хэмжээний ахиц дэвшил. Цааш нь дараагийн төвшинд нь хүргэх шаардлагатай.
Дотоодын хөрөнгө оруулалтын сангуудыг чадавхижуулах, мэргэжлийн хөрөнгө оруулагч шиг төрөлжүүлмээр байна. УИХ-аас тэтгэврийн даатгалын томоохон реформ хийж өгвөл хөрөнгийн зах зээлд маш их хэрэгтэй байна. Томоохон хуримтлал үүссэн хөрөнгө оруулалтыг мэргэжлийн хөрөнгө оруулагчаар оруулж ирмээр байна.
Манайх банк давамгайлсан зах зээлтэй. Хөрөнгийн зах зээл дээр сүүлийн хоёр жилд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ -ийн 17 хувь хүртэл өссөн. Арилжааны хэмжээ их наядаар хэмжигддэг. Их наяд гаруй төгрөгийн хувьцаа, бонд, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, нэмээд хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасууд, хамтын хөрөнгө оруулалтын сангууд .
20 жилийн хугацаанд ярьсан биржийн бус зах зээл 2021 онд мэргэжлийн холбоодтойгоо хамтраад ажиллаад эхэлсэн.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Хөрөнгийн биржээр дамжаад хэдэн банк бусууд эх үүсвэр босгож байгаа. 17-20 хувиар босгож байгаа. Авсан зээлээ хэрэглээний зах зээл рүү зурагт, хөргөгч лизингддэг зах зээл рүү олгож байгаа. Монголын хөрөнгийн бирж дээр нэг хоёр компани бизнесийн хөрөнгө босгож, бизнес явуулж байна. Ихэвчлэн банк бусууд хэрэглээний зээл, аппликейшний зээл авч ард түмнээс мөнгө угааж байна.
Харилцаа холбооны компаниуд үндсэн бизнесээ хийгээд ашигтай ажиллаж байгаа ч доороо охин компани байгуулчихсан, утсаа зардаг, бусад төхөөрөмжөө зардаг системийг халъя гэж 2006 оноос хойш энэ байгууллагад ажилласан, 2013 оноос энэ байгууллагад дарга хийсэн хүн энэ чиглэлээр яагаад ажиллаагүй юм бэ.
Төрийн банкны хувьцаа авсан жижиг хувьцаа эзэмшигч иргэд хувьцаагаа зараад нэмэр алга. Төрийн банкны хувьцаа хамгийн их уналттай, хувьцаагаа зарахад алдагдал хүлээж байна.
Энэ хүмүүсийн эрх ашгийг хамгаалъя гэж өнгөрсөн хугацаанд яагаад ажиллаагүй юм . Үл хөдлөх хөрөнгийн даатгалтай холбоотой асуудал ярихад газ тээвэрлэж явсан машин дэлбэрснээс нэг орон сууц шатчихсан. Орон сууцны иргэд нь даатгалтай хэрнээ нэг ч хүн даатгалаас нөхөн төлбөр аваад орон сууцанд орж чадаагүй. Даатгалын бүтээгдэхүүн хэрэглээд байгаа хүмүүстээ хүрч ажиллаж чадаж байгаа юм уу.
Төрийн банкин дээр захирал байсан хүн танай дээр ямар шаардлага тавьдаг юм, нэг даатгалын компани нээгээд Төрийн банкны бүх даатгалыг нөг нөхөр ганцаараа аваад сууж байгаа. Бусад даатгалын компанитай өрсөлдүүлж чадсан уу. Чадаагүй болохор нэг нөхөр сул хураамжийн орлого олоод сууж байна.
Мөнгө угаахын эсрэг тэмцэж чадаж байгаа юу. Нүүрсний хулгай гэдэг юм гараад Монгол дотроо мөнгө угаагаад байна. Дотоодынхоо мөнгө угаахтай тэмцэж чадахгүй байж юун гадаадын мөнгө угаахтай тэмцэх?
СЗХ-ны даргад нэр дэвшигч Т.Жамбаажамц:
-Банкууд IPO хийсэн. Системийн нөлөө бүхий таван банкнаас гадна Богд банк IPO хийж олон нийтийн болсон. Хувьцааны үнэ нь харилцан адилгүй ялгаатай байгаа. Анх гаргасан үнэтэйгээ харьцуулахад, Төрийн банк 590 төгрөгөөр хувцаагаа гаргасан, өнөөдрийн байдлаар 500 төгрөг буюу 15 хувийн уналттай байгаа. Нийтдээ 7300 орчим хөрөнгө оруулагч нарт санал болгосон.
ХААН банк 29345 хувьцаа эзэмшигчид санал болгосон. Анх 959 төгрөгөөр санал болгосон одоо 1162 төгрөг буюу 21 хувийн өсөлттэй. Хас банк 5 хувиа санал болгосон, анхны үнэ нь 672 төгрөг, одоо 814 төгрөг буюу 20 хувийн өсөлттэй. Голомт банк 21281 хувьцаа эзэмшигч орж ирсэн. Анх 1282 төгрөгөөр санал болгосон өнөөдөр 1262 төгрөг буюу -2 хувийн уналттай байна.
Анхдагч зах зээл дуусаад хоёрдогч зах зээл дээр манайх жижиг хувьцаа эзэмшигчтэй учраас өсөлт бууралттай үргэлжилж байна. Зөвхөн банк бусын бонд гарч байгаа гэж хэллээ, үүнтэй санал нийлэхгүй. Хөрөнгийн зах зээл дээр олон нийтийн болж байгаа компани олон бий. Уул уурхай, барилгын, үндэсний үйлдвэрлэгч, банк санхүү даатгал, үнэт цаасны андройдын зэргийн компаниуд бүгд л гаргаж байгаа. Хөрөнгийн зах зээл дээр арилжаалагддаг дөрвөн төрлийн нийтлэг бүтээгдэхүүн байгаа. Үүн дээр өнгөрсөн жил 10 орчим хувь дээр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг санхүүгийн бүтээгдэхүүн гарсан. Тэдгээр нь банк бус санхүүгийн байгууллага зээлээ үнэт цаасжуулаад олон нийтэд хөрөнгийн биржээр арилжаалж байгаа. Ийм хэлбэр байгаа. Өөрөөр хэлбэл, олгогдсон сайн чанарын зээлээ үнэт цаасжуулаад хоёр дахь зах зээл дээр дахин санхүүжилт босгож байгаа. Гол бүтээгдэхүүн гаргадаг аж ахуй нэгжүүд нь зээл олгогддог институт, түрээсийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд, зээлийн карт гаргадаг инстиуци гээд санхүүгийн компаниуд энэ төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой байдаг учраас энэ бүтээгдэхүүн Хөрөнгийн бирж дээр хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гэдэг бүтээгдэхүүн гарч байгаа. Тэрнээс зөвхөн банк бус санхүүгийн байгууллага хувьцаа гаргаж байгаа бонд гаргаж байгаа зүйл байхгүй.
Нөгөө талаас бондын зах зээлд компанийн бондын зах зээл өсөлттэй байгаа. Сүүлийн хоёр жилд нийт арилжааны 60 орчим хувьд нь компанийн бонд арилжаалагдаж байгаа. Энэ сайн үзүүлэлт. Бондын зах зээл хөгжих нь үндэсний компаниуд санхүүжилтийн тусдаа эх үүсвэртэй болж тэр хэмжээгээр зээлийн өртөг буурч байгаа сайн талтай.
Мөнгө угаахын эсрэг, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг чухал асуудал хөндлөө. Мөнгө угаахын эсрэг тэмцэх чиглэлд СЗХ өөрийн зохицуулалтын хүрээнд санхүүгийн салбар дээрх мөнгөний гарал үүслийг онцгой шалгадаг. Ямар хууль ёсны орлогоос орлогоо бүрдүүлдэг вэ гэдгийг шалгадаг. Банк бус санхүүгийн байгууллага дээр нүүрстэй холбоотой мөнгө эргэлдээд байна уу гэж асуулаа. 2024 онд банк бус санхүүгийн байгууллага дээр 885 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр орж ирсэн. Үүний 27.8 тэрбум нь үл хөдлөх хөрөнгө борлуулсан орлого. Татвар төлсөн орлого. Хуримтлагдсан ашиг 39 орчим хувь. Хувьцаа эзэмшигчийг оруулсан хөрөнгө бол 300 орчим тэрбум буюу 26.9 хувь эзэлж байна. Үл хөдлөх хөрөнгө борлуулсан, тухайн компанийн хуримтлагдсан ашиг зэрэг орлогуудаар нийтдээ банк бус санхүүгийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, дүнгээр оруулдаг. СЗХ мөнгөн хөрөнгийн гарал үүслийг маш сайн шалгадаг. Түрүүн гишүүд хэлээд байсан, зөвшөөрөл олгох, хяналт тавихдаа хөшүүн хойрго байна гээд. Манайх мөнгөн хөрөнгийн гарал үүсэл хууль ёсны болох эсэх дээр нэлээн шалгадаг, бусад байгууллагаас лавлагаа авч ажилладаг гэлээ.
Байнгын хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны даргад нэр дэвшигчээр санал хураах ажиллагааг маргааш нууцаар явуулах юм байна.
Г.ХОРОЛ
3,569.17






















































Холбоотой мэдээ