Японы баруун өмнөд хэсэгт Даваа гаригт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. "Kyodo news" агентлагт мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас хүн бэртэж гэмтсэн тохиолдол одоогоор гараагүй байна. Мөн Мияазаки болон Кочи мужуудын орчимд жижиг хэмжээний цунами ажиглагджээ.
Цаашид өндөр эрсдэлтэй эсэхийг тус улсын Цаг уурын агентлаг шалгасны эцэст Даваа гаригийг 21:19 цагт дүгнэлтээ гаргасан. Дүгнэлтэд дурдсанаар энэ удаагийн газар хөдлөлт нь Номхон далайн эргийн Нанкай хотгор болон түүний ойролцоох бүс нутагт хүчтэй газар хөдлөлт дагуулах эрсдэл бага гэжээ. Чичирхийлэл нь Нанкай хотгорын газар хөдлөлтийн голомтын баруун зах орчимд байсан ч тусгай сэрэмжлүүлэг өгөхүйц байгаагүй аж.
Газар хөдлөлтийн хүчийг анх 6.4 магнитуд гэж мэдээлсэн ч удалгүй 6.9 болгож өөрчилжээ. Гэхдээ дараа нь дахин 6.6 болгож шинэчилсэн байна.
Японд газар хөдлөлтийн хүчийг долоо хүртэлх тоогоор хэмждэг. Даваа гаригийн газар хөдлөлтийн хүчдэл нь тав арай хүрээгүй. Энэ тохиолдолд хүмүүс унаж ойчихгүйн тулд ямар нэг зүйлээс барих шаардлагатай байдаг.
Мияазаки мужийн зарим хэсэгт 20 орчим см өндөр цунами ажиглагдсан бол Кочи мужид 10 орчим см байжээ. Эцэст нь Цаг уурын агентлаг цунамийн бүх зөвлөмжөө цуцалжээ. Газар хөдлөлтийн үеэр Кюүшүгийн түргэн галт тэрэгний үйлчилгээ зарим хэсэгтээ тасалджээ. Харин Эхимэ муж дахь Иката цөмийн цахилгаан станц, Кагошима муж дахь Сэндай цөмийн цахилгаан станцад хэвийн бус байдал илрээгүй аж.
Зочин 10 цагийн өмнө 202.21.103.139
модон хэллэгтэй орчуулга бна даа