УИХ-ын дэд дарга орон нутагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

УИХ-ын дэд дарга орон нутагт ажиллаж байна

УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Зоригт нар энэ сарын 2-ноос эхлэн Өвөрхангай аймагт ажиллаж  байна. Тэд Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сумын дөрөвдүгээр сургуульд зочилж,  интернет танхимын нээлтэд оролцлоо. Мөн аймаг, сумын удирдлагуудтай уулзаж, цаг үеийн байдал, төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилттэй танилцсаны зэрэгцээ ард иргэдтэй уулзалт зохион байгуулж, УИХ-ын 2010 оны хаврын ээлжит чуулганаар хийж гүйцэтгэсэн ажил, баталсан хууль, тогтоолыг танилцуулсан юм.
УИХ-ын дэд дарга Г.Батхүү уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “УИХ-ын хаврын чуулганаар улс орны хөгжлийг түргэтгэх олон чухал шийдвэрийг гаргасан. Тухайлбал, Засгийн газарт Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхийг олголоо. Тавантолгой, Оюутолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ. Уул уурхайгаас гарах нүүрс, зэсийг дотооддоо боловсруулснаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно. Түүхий эдээ боловсруулахын тулд Сайншандад аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар боллоо. Уул уурхайгаас гарч байгаа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлоход далайд гарцгүй орны хувьд төмөр замаар тээвэрлэхээс аргагүй. Тиймээс УИХ-ын хаврын чуулганаар Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргасан. Эхний ээлжинд Тавантолгойгоос- Сайншанд-Замын-Үүд хүртэлх 1100 км төмөр зам тавигдана” гэсэн юм.

Дээрх арга хэмжээний дараа гишүүд Зэвсэгт хүчний 256 дугаар ангиар зочилж цэргийн ангийн бие бүрэлдэхүүнтэй уулзаж УИХ-аас энэ хавар Үндэсний аюулгүй байдлын бодлогыг шинэчлэн баталсан тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай, Энхийг дэмжих үйл ажиллагаанд оролцох тухай зэрэг олон чухал хуулиудыг батлан гаргасан тухай тайлбарлаж нэг өдрийг цэрэг байлдагчтай уулзаж өнгөрөөсөн юм.

Харин есдүгээр сарын 3-ны өдөр тэд Өвөрхангай аймгийн Өлзийт суманд очиж сумын удирдлагуудтай уулзлаа. Сумын удирдлагууд энэ жил хадлан сайн хураасан, мал сайн таргалсан сайхан жил болж байна хэмээн бэлэгшээлтэй үгээр угтан авлаа. Үүний дараа орон нутгийн өвөлжилтийн байдал, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсч, санал бодлоо солилцов.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж