“Үндэсний номын сан шинээр нээгдсэнээс хойш байнга ирж ном уншиж, судалгаа хийж байна. Би өөрөө уртын дуучин Ж.Дорждагва агсны талаар судалгаа хийдэг юм. Тэр хүний тухай ном зохиол уншиж, судалгаагаа энд ирж хийдэг. Мөн сонин, дэлхийн театрын түүх, Монгол Улсын соёлын хөгжил зэрэг сонирхолтой судалгааны ном, зохиолыг унших дуртай” гэж ярих түүнийг Ц.Наранчимэг гэдэг. Тэрбээр, тэтгэвэртээ суусан ч гэрт утас ухаад дэмий суухыг урьтал болгохыг хүсээгүй учир ийнхүү номын санд тогтмол ирж цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийг эрмэлздэг аж. Тэрбээр хэлэхдээ, ахмад настнууд өөрийгөө хөгшин гэж хаялгүй байнга хөгжүүлж байх хэрэгтэй.
Бидний насны хүмүүс ид насандаа ажлаа хийж байгаад тэтгэвэртээ гарсны дараа ганцаардах, сэтгэл гутралд орох зэрэг асуудлууд тулгардаг. Тиймээс номын санд ирж ном уншиж суух нь их таатай байна. “Уншихаа боливол сэтгэхээ болино” гэдэг.
Тэгэхээр ийм сайхан номын сан нээгээд өгчихсөн байхад бид ашиглах хэрэгтэй шүү дээ. Хоёр давхарт нь гэр бүлд зориулсан танхим бий. Ер нь нь бүх насныханд, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн ном, сонин, бүтээлүүд өргөн сонголттой байдаг юм байна. Залуучууд өнгөрсөн үеийнхээ түүх, соёлыг уншиж мэдэх нь чухал. Ингэхийн тулд ном унших хэрэгтэй” гэсэн юм.
ХҮН ӨӨРӨӨРӨӨ ҮР, ХҮҮХДЭДЭЭ ҮЛГЭР ДУУРАЙЛ ҮЗҮҮЛЭХ ЁСТОЙ
Түүний хувьд долоо хоногт гурван удаа буюу Даваа, Лхагва, Баасан гаригт номын санд тогтмол ирдэг байна. Ингэхдээ Баасан гаригт 3-13 насны дөрвөн ач, зээтэйгээ хамт ирдэг аж. Ач зээ нь өөр өөрийн насны ангилалд тохирсон үлгэрийн болон уран зохиолын ном уншдаг юм байна. “Манай ач, зээ нар намайг гэртээ судалгаагаа хийх гээд ном уншаад суухаар дагаад хичээлээ хийгээд сууцгаачихдаг.
Хүн өөрөөрөө үр, хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлэх ёстой. Өөрөө зурагт, гар утас үзэж суучхаад хүүхдээ “хөөе” чи номоо уншаач гээд суугаад байж болохгүй шүү дээ.
Ном бол ертөнцийг харах цонх гэдэг. Мэдээж техник технологи хөгжсөн ч гэлээ номоос авах, сурах зүйл олон. Тэнд өөрийн хүссэн дүрийг бүтээж амьдралд учирч болох сайн, муу хүнтэй эхлээд учирч болдог. Манай хүүхдүүд орой болгон радиогоор үлгэрийн цаг сонсож унтдаг. Үлгэр сонссоноор хүүхэд сонсож сурах чадвар нь сайжирдаг. Хоёрдугаарт хүүхэд тайвширдаг. Монголын үндэсний номын санд үлгэр уншиж өгдөг юм билээ. Хотод хүүхдийн цагийг боловсон өнгөрөөх газар хомс байдаг учраас энд ирвэл олон сайхан зүйлсийг хүүхэд мэдрэх боломжтой” гэж ярив.
ГЭР БҮЛИЙН ТАНХИМ ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙ ТАНХИМУУДЫН НЭГ
Монголын Үндэсний номын сан нь 16 уншлагын танхимтай. Тухайлбал, Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд төдийлөн өөртөө цаг зав гаргаж уншиж, хөгжих боломж хомс байдаг. Тэгвэл тус номын сан гэр бүлийн гишүүн бүрд зориулсан төрөлжсөн танхимыг бий болгосон. Энэ нь гэр бүлийн харилцаа, үнэ цэнийг нэмэгдүүлэх, ном, соёлоор дамжуулан хүүхдийн хүмүүжил төлөвшилд үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор хүүхэд эцэг эхийн хамт эрдэм номд суралцах, гэр бүл хамтдаа хөгжих бололцоог олгох зорилготой гэр бүлийн танхимтай.
Гэр бүлийн танхим хамгийн эрэлттэй танхимуудын нэг аж. Тодруулбал, өдөрт 70-80 гэр бүл тогтмол ирдэг байна.
Мөн тус танхимд долоо хоног бүрийн Бямба, Ням гаригт үлгэрийн цаг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ажээ. Мөн Даваа, Лхагва, Баасан гаригт 15:00 цагаас хойш үйлдүүлэгчдэдээ үлгэр уншиж өгдөг юм байна.
Энэ танхим нь 2000 гаруй нас насны ангилалд зориулсан номын сонголттой. “Сүүлийн үед буюу сургууль амарсан энэ үед аавууд ихэвчлэн хүүхдүүдээ дагуулж ирж байна. Ажлын өдрүүдэд өвөө, эмээ нар нь хүүхдүүдээ дагуулж ирдэг. 1-5 дугаар ангийн сурагчид их ирдэг. Тэдний хувьд цуврал комик номыг их сонгож уншиж байна. Бидний зүгээс хүүхдүүдэд, өөрийнхөө сонгосон номыг уншиж дууссан бол хичээлээс гадуур сонгож унших номыг санал болгодог. Нярай хүүхдээ дагуулж ирдэг байнгын уншигчид бий ” гэж Гэр бүлийн танхимын номын санч Ц.Оюунномин хэлэв.
Гэр бүлээрээ ирж өөр өөрийн насны онцлог, хүсэл сонирхолд нийцсэн ном, зохиолыг сонгон авч уншдаг байна. Тус өрөө нь хүүхдүүд өөрөө номоо сонгож авах боломжийг бүрдүүлж ил тавиурт номуудыг байрлуулж өгчээ. Мөн хүүхдүүд тоглох оньсон тоглоом болон модон тоглоомуудыг дэлгэжээ. Хүүхдүүд хүсвэл хичээлээ хийх, зураг зурах боломжтой ширээ сандлыг байрлуулсан аж.
Хүүхэд саатуулах өрөөг нээж бага насны хүүхэдтэй ээжүүд хүссэн ном, зохиолоо уншиж, өөртөө цаг зарцуулах боломжтой. Хүүхэд саатуулах өрөөнд ихэвчлэн 2-5 насны хүүхдүүд байх аж. Тэр утгаараа энэ өрөөний хэрэглэлүүд бага насны хүүхдийн гар хөлийг гэмтээхээргүй эрүүл аюулгүй, тоглоом хэрэгслийг байрлуулжээ.
Гэвч энэ нь хүүхэд харах үйлчилгээ биш учир 1-2 цаг орчим л харах боломжтой гэдгийг номын сангийн ажилтан хэлж байсан юм.
Хүн бүр боловсролыг тэгш хүртэх эрхтэй. Гэсэн хэдий ч энэ боломж хүн болгонд хүртээмжтэй биш. Хүн болгон номыг нүдээрээ уншдаггүй. Гараараа мэдэрч, жирийн хүний хардгаас хэд дахин томруулж унших шаардлагатай олон мянган хүн бий. Тэгвэл тус номын сан энэ асуудлыг шийдэж брайль болон сонсдог ном боловсруулах өрөөтэй юм.
Тус өрөөнд харааны бэрхшээлтэй иргэн өөртөө тохируулан томруулж унших боломжтой дэлгэцийг байрлуулж өгчээ.
Дэлгэцээс гадна гэрэлтэй томруулдаг шил, дуу хураах төхөөрөмж, брайль үсгийн гар зэргийг байрлуулж өгсөн нь онцлог хэрэгцээт иргэд өөрийн хүссэн ном зохиолоо уншиж, бичих боломжийг нээж өгсөн байгаа гэдгээрээ онцлог ажээ. Мөн шаардлагатай үед ашиглах онцлог хэрэгцээт иргэдэд зориулсан тэргэнцрийг бэлджээ.
Нийтийн уншлагын танхим үйлчлүүлэгчийн тав тухыг хангасан олон онцлог шийдлийг бий болгожээ. Хүссэн ном зохиолоо сонгон авч ширээнд сууж, хүсвэл буйдан дээр тухлан суугаад номоо уншиж, хичээлээ хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Мөн зөөврийн мини буйданг байрлуулснаар үйлчлүүлэгч өөрийн хүссэн булан тохойд тавьж өөрт аль тухтай байдлаар сууж номоо уншиж, хичээл болон ажлаа хийх боломжтой ажээ. Тогтмол хэвлэлийн уншлагын танхим, бие даан хөгжих танхим, ЮНЕСКО уншлагын танхим, бүтээлч уншлагын танхим, багаар ажиллах танхим, цахим уншлагын танхим, соён гэгээрлийн танхим зэрэг 16 танхимтай. Тус номын сан нь 534 мянга гаруй ном товхимлоос сонгон унших унших боломжийг бүрдүүлжээ.
НОМ УНШААД БАЙХААР ИЛҮҮ ХУРДАН УНШДАГ БОЛЖ БАЙНА
А.Цэцээхэй долоон настай. Эгчтэйгээ хамт номын санд ирж ном уншиж хичээлээ хийж, зураг зурдаг. Түүний хувьд өдөрт хоёр ном уншдаг. Сүүлийн гурван өдөр, Тонтгор хүү шатрын хааны оронд, Есүгэн, Хунгийн сүрэг зэрэг номуудыг уншжээ. Тэрбээр “Есүгэн гэдэг номд сайхан сэтгэл, эелдэг байхын тухай сургамжилдаг. Ном уншихад эрдэм сурдаг нь гоё санагддаг. Одоо би дүүдээ хайртай гэдэг номыг уншиж байна” гэж хэвлүүхэн ярина. Ном уншаад байхаар илүү хурдан уншдаг болж байна. Бас сайн сургамж өгдөг. Найзуудаа бие биедээ тусалж байгаарай гэж захив.
Шинэ номын нээгдсэнээс хойш 2023 оны үзүүлэлтэй харьцуулахад уншигчийн тоо 2.5 дахин нэмэгдсэн байна. Тухайлбал, жилд дунджаар 5400-5500 шинэ уншигч бүртгүүлдэг байсан бол өнгөрсөн жил 11367 шинэ уншигч бүртгүүлжээ. Байнгын 12 мянга гаруй уншигчтай болсон бол ирж үйлчлүүлж байгаа иргэдийн тоо 43 мянга хүрсэн байна.
Монголын үндэсний номын сан нь амралтын өдөр 17:00 цаг хүртэл, ажлын өдөр 20:00 цаг хүртэл ажилладаг юм байна. Номын сангийн үйлчлүүлэгчийн карт нээлгэхэд том хүн 6,000 төгрөг, хүүхэд 3,000 төгрөг гэдэг аж.
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ