Монгол Улсын Гавьяат тамирчин, мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар өнөөдөр /2025.01.13/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр 2025 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр мэргэжлийн боксын өөрийн жингийн аваргын бүс хамгаалах 12 дахь тулаанаа "АСА Арена"-д хийх юм. Тулааныг мэргэжлийн боксын шилдэг дөрвөн холбооны нэг WBA холбооны нэрэн дээр зохион байгуулах гэнэ. Тэрбээр мэргэжлийн боксын спортод 11 тулаан хийж, бүгдэд нь ялалт байгуулсан бөгөөд тэр дундаа тавд нь хүнд цохилтоор өрсөлдөгчдөө буулган авчээ. Эдгээр тулааныхаа зургааг нь АНУ-д, гурвыг нь ОХУ-д, хоёрыг нь БНХАУ-д хийсэн байна. Мэргэжлийнхээ карьерыг эхлүүлснээс хойш анх удаа тэрбээр эх орондоо хөнгөн жингийн аваргын бүсээ хамгаалах "Аваргуудын үдэш" нэртэй тулаанаа хийх гэж байна. Тулаанд шилдэг долоон тамирчин хүч үзэж, өрсөлдөх гэнэ.
Энэ тухайгаа ярихдаа "Би мэргэжлийн бокст хөл тавиад хоёр жил болж, өөрийн багаа бүрдүүлсэн. Дүү нараа дэлхийн рингэд гаргах мөрөөдөлтэй. Миний өрсөлдөгчид 20-иос дээш ялагдалтай, шилдэг дөрвөн тамирчин байна. Манай багийнхан энэ тэмцээнийг эх орондоо зохион байгуулах гэж маш их хичээсэн. Зурагтаар үздэг тулааныг эх орондоо хийхийг зорьж байна. Эх орондоо ирж, Баянгол зочид буудалд байрлан, тэмцээний бэлтгэл сургуулилалтаа хийж байна. Монголын нөхцөлд бэлтгэлээ хийхэд хүнд байна. Миний хувьд нэгдүгээр сарын 15-нд АНУ руу буцаж, ирэх сарын 15-н гэхэд эх орондоо ирсэн байна.
Би тулаанд ялбал ирэх тавдугаар сард болох Дэлхийн аваргад өрсөлдөх боломж нээгдэнэ. Хойч үе болсон залуустаа зөвөөр үлгэрлэж, замыг гаргахыг хүсч байна. Энэ тулаанд Н.Төгсцогт оролцоно.
Эх орныхоо нэрийг олон улсад гаргаж яваа тамирчин. Одоо түүнийг рингдээ эргэн ирэхэд нь ард түмэн нь хамт байгаасай. Миний урд талын тулаанд өрсөлдөнө. Эх орондоо дэмжигч ард түмнийхээ уухай түрлэгийг сонсч огшдог. Би дошин дээрээ байна. Энэ бол миний эх орон. Би хүсэл мөрөөдлийнхөө төлөө улам хичээнэ. Боксын спортод амьдралынхаа 16 жилийн зориулсан. Эх орондоо хийх тулаан маш чухал. Би заавал ялна" гэв.
Нэргүй 2 цагийн өмнө 103.168.34.42
Амжилт!!!!