Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д өчигдөр /2025.01.12/ бэртэж гэмтсэн гэх 383 хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авчээ. Үүний 137 нь бага насны хүүхэд байна. Энэ мэтчилэн тус эмнэлгээс өдөрт 350-450 орчим хүн яаралтай тусламж, үйлчилгээ авдаг байна. Тухайлбал, нэг өдөрт 305 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсны 105 нь бага насны хүүхэд байгаа юм. Ерөнхий боловсролын сургууль амарсан энэ үед хүүхдийг насанд хүрээгүй ах эгчээр нь харуулах, харгалзах хүнгүй үлдээснээс үүдэж хүүхэд гэмтэж бэртэх тохиолдол нэмэгдэж байгааг ГССҮТ-өөс мэдээлэв.
Гэмтэл согог судлалын үндэсний төвд сүүлийн гурван жилийн хугацаанд 157 мянган хүүхэд осол, гэмтэлд өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.
Тэдний 53 хувь нь буюу 83 мянга нь гэртээ байхдаа осолд өртсөн гэсэн судалгаа байна. Мөн өнгөрсөн оны эхний хагас жилд 3592 хүүхэд гэртээ байхдаа түлэгдэж гэмтжээ.
Тиймээс сурагчдын амралт үргэлжилж буй энэ үед хүүхдийг ахуйн осол бэртлээс урьдчилан сэргийлэхийг эмч мэргэжилтнүүд сэрэмжлүүлэв. Тухайлбал, халуун хоол цайг хүүхэд хүрэхээргүй газар тавих мөн зуухны тагийг түгжээтэй байлгах, хурц иртэй зүйлсийг хүүхдээс хол байлгахыг ГССҮТ-өөс анхааруулав.
Холбоотой мэдээ