Байр суурь: Үндсэн хуулийн малгай доорх эрх зүйн орчноо сайжруулах ёстой

Байр суурь: Үндсэн хуулийн малгай доорх эрх зүйн орчноо сайжруулах ёстой

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
Байр суурь: Үндсэн хуулийн малгай доорх эрх зүйн орчноо сайжруулах ёстой

Өнөөдөр шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ой тохиож байна.  Монгол Улс 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 11 цаг 35 минутад Монгол Улсын шинэ Үндсэн хуулиа баталж, 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цагт буюу морин цагаас Монгол Улсын Үндсэн хууль орон даяар мөрдөгдөж эхэлсэн түүхтэй.  Тиймээс Ньюс.мн сайт энэ удаа УИХ-ын гишүүдээс Үндсэн хуульдаа тунхагласан хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг бий болгож чадсан эсэх, бий болгохын тулд хууль тогтоогчийн хувьд юу хийж чадах, Үндсэн хуулийн дархлааг хамгаалах тал дээр ямар байр суурьтай байгааг тодруулан хүргэж байна.


ХЭН НЭГ УЛСТӨРЧ "ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧИЛНӨ" ГЭЖ СЭЛЭМ ЭРГҮҮЛЭЭД Л БАЙГАА НЬ ДАРХЛААГ НЬ СУЛРУУЛЖ БАЙНА

-УИХ-ЫН ГИШҮҮН, УИХ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН ДЭД ХОРООНЫ ДАРГА С.ЭРДЭНЭБОЛД: Монгол Улс өнгөрсөн XX зуунд дөрвөн удаа буюу 1920,1940,1960 тэгээд 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталж орчин үеийн ардчилал, эрх чөлөө, парламентын засаглал, хувийн өмч, улс төрийн болон заяагдмал эрхүүдийг баталгаажуулж өгсөн. Ялангуяа Үндсэн хуулийн 2 дугаар бүлэг бол бүхэлдээ хүний эрхтэй холбоотой, хүний одоо суурь эрхийн зарчмуудыг тусгасан. Үндсэн хуулиа шинэчлэн баталснаас 33 жилийн дараа буюу өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нөхцөл байдал том сорилттой нүүр тулсан байна гэж харж байна. Учир нь бид Үндсэн хуулийнхаа удиртгал өгүүлбэр дээр “Монголын ард түмэн бид эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгоно” гэж заасан. Харамсалтай нь, өнөөдөр хангалттай хүмүүнлэг нийгмийг бий болгож, иргэний нийгмийн үзэл санааг авч явж байна уу гэдэг асуулт байна. Улс төрийн эрх буюу иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаал цуглаан хийх гэх мэт эрхүүд нь өнөөдөр хайрцагт орсон байна. Монгол Улсын иргэн хүн үзэл бодлоо илэрхийлье гэхлээр заавал нэг залууртай зохион байгуулалттай, гэмт хэрэг хаацайлсан үйл явдал юм шиг уншигддаг, тайлбарлагддаг болсон байна. Нөгөө талаасаа иргэдийн үзэл бодлоо илэрхийлдэг хэвлэл мэдээллийн байгууллагын орон зай, тавцан маш их хумигдсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард УИХ-аас ирэх дөрвөн жилийн стратеги, төлөвлөгөө батлахдаа хүн төвтэй байхаар баталсан. Монгол Улсын эдийн засгийн байдал, нийгмийн байдал, улс төрийн байдал, оюун санаа, сэтгэлгээний байдал, энэ бүх шийдвэр гаргалтад хүн төвтэй үзлийг яаж баталгаажуулах вэ гэдэг асуудал асар чухал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг дээр хэнийг ч дур мэдэн, шүүхийн шийдвэргүйгээр баривчлах, хорих, мөшгөх, мөрдөх, эрх чөлөөнд нь халдахыг хориглоно гэж заасан.

Гэтэл өнөөдөр энэ нөхцөл байдал асар хүнд байдал очсон. Эрх мэдэлтэй хүнд таалагдсан хүмүүс хэрэг нь хаацайлагдаад явдаг, эрх мэдэлтэй хүнд таалагдаагүй хүмүүс хэрэг үүрээд явдаг болсон.

Тийм учраас Монгол Улс 2025 онд хүний эрхийн үндэсний II хөтөлбөрийг батлах ёстой, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын түвшинд хүний эрх гэдэг асуудлыг суурь асуудал болгож тавих ёстой. Хүмүүнлэг нийгэм гэдэг бол хүндээ ээлтэй нийгмийн тухай яриа. Өөрөөр хэлбэл, стандартын тухай ойлголт. Өнөөдөр иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд ноцтой заналхийлэл учруулж байгаа. Хүн амын 50-70 хувьд нь заналхийлэл учруулж байгаа зүйл бол утааны хор уршиг, аюулын асуудал байгаа. Тийм учраас ирэх сарын эхээр утааны хяналтын сонсгол хийнэ. Түүнчлэн Үзгийн үзүүрээр шийдвэр гаргаж байгаа албан тушаалтан болгон хүний эрхийн зөрчилгүй, хүний эрхэд ээлтэй, хүний эрхийн мэдрэмжтэй шийдвэр гаргах ёстой. Монгол Улсын хэмжээнд байгаа 7900 иргэдийн хурлын төлөөлөгч нарт шийдвэр гаргахдаа хүний эрхийг хангасан байх чиглэл өгсөн. Ойрын хугацаанд гэрч, хохирогчийн эрхийг хамгаалах, хохирлыг нөхөн төлүүлэх, эрүү шүүлтээс болж хохирсон иргэдийнхээ эрхийг сэргээх гэх мэт шаардлагатай байгаа эрх зүйн зохицуулалт дээр анхаарч шаардлагатай бол хуулийн төсөл санаачилж ажиллана. Монгол Улсын хөдөлмөрийн баатар гавьяат хуульч Б.Чимэд гуай нэгэнтээ Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс гэж хэлсэн байдаг. Монгол Улсын үндэсний эрх ашгийг хангаж  улсынхаа үнэ цэнтэй бүх зүйлийг сайн сайхан байлгах гэж Үндсэн хуулийг баталсан. Гол нь Үндсэн хуулийг батлаад тунхгийн шинж чанартай баримт байх уу, эс үгүй бол амьдралд хэрэгждэг бодит үйлчлэл байх уу гэдэг нь өөрөө маш том тэмцлийн асуудал байгаа.

Үндсэн хуульт ёсны цаана парламентын засаглал бий. Парламентын засаглал гэдэг бол нэг хүний дарангуйллаас ангид байх Монголын ард түмэн эр,  эрх чөлөөгөө өөрсдөө эзэн мэддэг байх тухай ойлголт юм. Тэр утгаараа болбол Үндсэн хуульдаа хол ой гар хүрэхээсээ илүүтэйгээр зарчмын чанартай Үндсэн хуулиа бэхжүүлсэн баталгаажуулсан өөрчлөлтүүдийг хийж болно.

Жишээ дутахад дурдахад 1787 онд АНУ-ын Үндсэн хууль батлагдсан байдаг юм. Тэгээд энэ 200 гаран жилийн хугацаанд үндсэн 27 нэмэлт өөрчлөлт орсон байдаг юм. Угтаа 5000-с ердөө 27 нь дэмжлэг авсан байна. Нэг улстөрч гарч ирээд "Үндсэн хуулиа өөрчилнө" гэж шүгэлдээд л, сэлэм эргүүлээд л байгаа нь Үндсэн хуулийн дархлааг сулруулж байдаг. 

ҮНДСЭН ХУУЛЬДАА ТУНХАГЛАСАН ЭРХЭМ ЗОРИЛГОДОО ХҮРЧ ЧАДААГҮЙ БАЙНА

-УИХ-ЫН ГИШҮҮН ХЗДХ-ИЙН САЙД О.АЛТАНГЭРЭЛ: Монгол Улс хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахыг 33 жилийн турш зорьсон байна. Өнөөдөр бүрэн утгаараа байгуулсан гэж хэлэхгүй ч гэсэн хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд шаардлагатай хууль зүйн хэм хэмжээнүүд, ардчилал болоод ардчиллын үр өгөөжтэй холбоотой ахиц дэвшил гарсан байна. Гэсэн хэдий ч бид эрхэм зорилгодоо хүрч чадаагүй байна. Энэ эрхэм зорилгодоо хүрэхийн тулд нэгдүгээрт, Монгол Улсын Үндсэн хуулийн төрийн үйл ажиллагааны зарчим бий. Тухайлбал, хууль дээдлэх шударга ёс төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гээд Монгол Улсын үндсэн хуульд заасан.

Тиймээс би хариуцсан салбартаа хууль дээдлэх зарчим буюу хуулиас гадуур ямар ч асуудал шийдэгддэггүй байх, бүх асуудал хуулиар зохицуулагддаг байхын төлөө, шударга ёсыг сахиулахын төлөө өөрийнхөө хувь нэмрийг оруулна.

Үндсэн хуулийн хамгаалалт, үзэл санаа хэрэгжихэд тохиолдож байгаа саад бэрхшээлүүд бий. Нэн ялангуяа Монгол Улсын Үндсэн хуулиар зохицуулагдсан төрийн байгуулалтын институц хоорондын асуудал олон байна. Миний хувьд Үндсэн хуулийн дархлаа гэдгийг Үндсэн хуульд хэн яаж ямар журмаар өөрчлөлт оруулах асуудал биш Үндсэн хуулийн зарчмууд нь алдагдаж байгаа эсэхээр хэмжмээр санагддаг юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд тунхагласан хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой заалт өнөөдөр бүрэн хэрэгжиж байна уу. Тухайлбал, иргэн шударгаар өмч хөрөнгө олж авах эрхтэй гэж заасан. Тэгвэл шударга бусаар олсон  өмч хөрөнгөтэй тэмцэж чадаж байна уу гэдгээс авхуулаад ер нь Үндсэн хуулийн суурь зарчим философи маань хэрэгжиж байна уу гэдэг асуудал дээр дархлааг ярих ёстой гэж боддог хүн. Үндсэн хуулийг өөрчлөх, хэдэн гишүүнээр өөрчлөх яаж өөрчлөх гэдэг бол техник шинжтэй асуудал. Гагцхүү бид Үндсэн хуулийн хүмүүнлэг иргэний, ардчилсан нийгэм байгуулах зорилтын хүрээнд Үндсэн хуульд тунхагласан зарчмууд хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэг бол Үндсэн хуулийг хамгаалах ёстой хамгийн том хана хэрэм, дархлаа юм. 

БИ ОДОО БОЛТОЛ ШУДАРГА ШҮҮХЭЭР ШҮҮЛГЭХ ЭРХЭЭ ЭДЭЛЖ ҮЗЭЭГҮЙ

-УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯР: Монгол Улс хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм чадаагүй гэж үздэг. Мэдээж ардчилсан хувьсгалаас өмнөх нийгэм, эдийн засгийн тогтолцоо, тэгээд Үндсэн хууль, түүний хэрэгжилт, тэрнээс хойших өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль ахиц давуутай зүйлүүд бий. Адаглаад л нэг үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлнэ гэх мэт… Гэтэл миний өөрийн туулж, үзсэн ажил амьдрал дээр бол Үндсэн хуульдаа хүмүүнлэг, ардчилсан нийгмийг цогцлоон бүтээнэ гэсэн боловч энэ зүйл заалт төдийлөн сайн хэрэгжээгүй. Монгол Улсын иргэний эрх Үндсэн хуулийн 16 дугаар зүйл заалтаар зохицуулагдсан байдаг. Үг, үзэл бодлоо илэрхийлэхээс өгсүүлээд амьд явах, шударга шүүхээр шүүлгүүлэх, өмгөөлөгчтэй байх, нотлох баримтаа шалгуулах гэх мэт… Гэтэл миний хувьд эдгээр эрхээ эдэлж ердөөсөө үзээгүй. Хэлмэгдээд шоронд орж байсан хүн шүү дээ.Тиймээс цаашид Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүний эрхийг дээдэлсэн барууны өндөр хөгжилтэй орнуудын Үндсэн хууль адил байх ёстой гэж үздэг. Тухайлбал хүний эрхийн асуудлыг Үндсэн хуулийн цэц тодорхой хэмжээнд авч үздэг байх. Хэрвээ үнэхээр хүний эрхийн зөрчилтэй байна гэж үзвэл  ХЭҮК дүгнэлт гаргадаг, бодит алхамууд хийдэг байх ёстой. Тухайлбал, амьдрал дээр үр дүнгээ олдог ч юм байдаггүй. Над дээр ХЭҮК-оос “Эрх нь зөрчигдсөн байна. Нэг ч мэдүүлэг тайлбар авахгүй шууд барьж хорьсон байна, өмгөөлөгчгүй, хаалттай шүүсэн байна” гэх мэт дүгнэлтүүд гаргасан. Тэр дүгнэлтийг ерөөсөө авч хэлэлцдэггүй л юм байна лээ шүү дээ. Хүмүүнлэг, ардчилсан, нийгмийг бодитойгоор цогцлооё гээд байгаа бол хүний эрхийн асуудал тодорхой зөрчигдсөн гэж ХЭҮК-оос урьдчилсан байдлаар үнэлэлт дүгнэлт гаргаад нотлох баримтуудыг цуглуулаад Үндсэн хуулийн Цэцэд өгөхөд цэц түүнийг нь авч хэлэлцдэг байвал энэ асуудал нэг алхам урагшилна. Эцэст нь Үндсэн хуулийн дархлааг хэд хэдэн өнцгөөс нь харах л хэрэгтэй. Бид Үндсэн хуулиа баталчхаад үндсэн хуулийн малгай доор байгаа хууль эрх зүйн орчнууд Үндсэн хуультайгаа хэр нийцүүлж чадсан бэ гэдэг асуудлаа эргэж харахаас өөр аргагүй болчихоод байна. Өнөөдөр бидний өдөр тутмын ажил амьдралыг зохицуулж байгаа 800 гаруй хуулийг Үндсэн хуулиас салгах аргагүй байхгүй. Гэтэл Үндсэн малгай хуулийнхаа үзэл санааг бусад салбар хуульдаа суулгаж өгөөгүй учраас адаглаад оросуудын угсарч өгсөн коммунист тогтолцооны суурин дээр цагдаагийн байгууллага явж байна шүү дээ.

ҮНДСЭН ХУУЛЬД ТУСГАСАН ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ ХОЛБООТОЙ ЗАРИМ ЗҮЙЛ ЗААЛТ АМЬДРАЛ ДЭЭР ХЭРЭГЖИЛТ СУЛ БАЙНА

УИХ-ЫН ГИШҮҮН О.САРАНЧУЛУУН: Хүний хөгжлийн индекс болон дагалдах олон индексүүдийг харахад Монгол Улсын хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг байгуулах зорилт, тунхаг маш ахицтай урагшилж байна. Гэхдээ хүний хөгжлийн индексийг бүрдүүлдэг эдийн засаг, орлогын үзүүлэлтүүд, эрүүл мэнд, боловсролын үзүүлэлтүүдийг нь харах юм бол зарим хүн амын бүлэгт тодруулах асуудлууд сайжруулах зүйлүүд бий. Гэхдээ ардчилсан, хүмүүнлэг нийгмийг цогцлоохтой хол холбоотой зарим индексүүд дээр Монгол Улс дунджаас дээгүүр түвшинд явж байгаа гэж судлаачид тэмдэглэсэн байна. ОУБ-ын тайлангуудаар ч гэсэн олон дэд үзүүлэлтүүд байгаа учраас зарим дээр нь сайжруулах хэрэгтэй гэсэн дүгнэлтүүд байдаг юм байна. Сайжруулах шаардлагатай үзүүлэлтүүдийн тухайд түрүүн дурдсанчлан боловсрол, эрүүл мэнд, иргэний оролцоотой холбоотой асуудлууд бий. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настны хувьд зарим талаараа одоо ч учир дутагдалтай байна. Хэдийгээр боловсрол, эрүүл мэндийн хувьд хүртээмж сайжирч байгаа ч гэсэн энэ нь нийтийг хамарсан үйлчилгээ болж чадахгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхүүдийг хангахтай холбоотой ажлын хэсгийн бүлэг байгуулагдсан. Тиймээс хуулийн нийцлийн судалгаануудыг хийж,  яаж сайжруулах, юун дээр анхаарч ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн дархлааг харьцангуй тогтвортой гэж судлаачид үздэг юм байна. Үндсэн хуульд хамгийн сүүлд хийсэн өөрчлөлт бол улс төрийн тогтолцоонд өөрчлөлт оруулах, парламентын хяналтыг сайжруулах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглахтай холбоотой зүйл заалтуудыг өөрчилсөн. Үндсэн хуульд тусгасан иргэний оролцоотой холбоотой зарим зүйлүүд амьдрал дээр хэрэгжилт сул байгаа гэдгийг олон улсын байгууллагуудаас дүгнэсэн.

Тиймээс Үндсэн хуулийн дархлааг сайжруулахын тулд хараат бус байдал, ил тод байдлыг сайжруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бүхэлдээ хяналтын тогтолцоог сайжруулах хэрэгтэй гэсэн үг.

Хүн амын бүлэг бүрд зориулсан хууль тогтоомж, шийдвэрүүдийн биелэлт, хэрэгжилт нь болж байгаа юм уу болохгүй байгаа юм уу гэдгийг хянадаг тогтолцоогоо сайжруулах юм бол хуулийн дархлаа сайжирна. Нөгөө талаасаа Үндсэн хуулиа хамгаалдаг байгууллагууд өөрсдөө ил тод бас хариуцлагатай, хяналтын механизм болон хариуцлагын механизм нь сайн байх ёстой. Үндсэн хуулийн дархлааг сайжруулах нь хамгаалах хамгийн чухал жор гэж үздэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 17 минутын өмнө 66.181.191.64

МАН-ынхны бодол санаа ямар байдгийн бол доо !

Avatar

ИРГЭН 2 цагийн өмнө 103.57.95.137

паа,,,,,,,,Номтойбаяр нээх Энхийн цагаан тагтаа болцон Шударга шүүхээр орж үзээгүй ч гэх шиг,,,, 2 бамбарууштай Баавгай буудаж алсан, нтр гээд нэрлээд байвал Номтойбаярын үйлдсэн Бузар булайг уудлана гэвэл Далай шиг юм болно,

Avatar

Ганаа 2 цагийн өмнө 66.181.187.109

Өөрөө худалдаад авчихдаг гэдгээ хэлээд байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж