Их Британи, Хятад улс худалдаа, хөрөнгө оруулалтын салбараа өргөжүүлэхээр тохиролцов. АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп энэ сарын сүүлээр ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэн ирэх болсон тул Хятад, Их Британи санаа зовж буйгаа илэрхийлж, арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Их Британийн сангийн сайд Рэйчел Ривз, Хятадын ерөнхий сайдын орлогч Хэ Лин нар Бямба гаригт Бээжинд уулзсан байна.
Ривз сүүлийн зургаан жилийн хугацаанд Их Британи, Хятадын хооронд анх удаа эдийн засаг, санхүүгийн дээд хэмжээний хэлэлцээ хийхээр санхүүгийн төлөөлөгчдийн хамт Хятадад очсон байна. Талууд санхүүгийн үйлчилгээ, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон гэж Британийн засгийн газар мэдэгдэв. "Дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын прагматик хамтын ажиллагаа нь хөдөлмөрч хүмүүсийн сайн сайхны төлөө эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд тусалж чадна гэдгийг гэрээнүүд харуулж байна” гэж Ривз онцолсон юм.
Цэвэр эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг өргөн хүрээний салбарт талууд хамтран ажиллах боломжтой бөгөөд стратегийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхийг Хятадын тал хүсэж байна. Өмнө нь Шинжаан-Уйгарын өөртөө засах орны хүний эрхийн байдал, Хонконгийн үг хэлэх эрх чөлөө зэрэг асуудлаар хоёр орны харилцаа хурцадсан байв. Харин Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер эдийн засгийн өсөлтийг нэн тэргүүнд тавьж байгаа тул Хятадтай прагматик харилцаатай байх болно гэдгээ мэдэгдэв. Энэ мэт үйл явдлаас харбал Хятад улс удааширч буй эдийн засгаа бэхжүүлэхийн тулд Европын томоохон орнуудтай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байна. Дашрамд дурдахад, Трамп Их Британи, Хятадад ногдуулах гаалийн татвараа нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. АНУ бол хоёр орны худалдааны хамгийн чухал түнш байсан юм.
3,569.17




















































Холбоотой мэдээ