АНУ-ын Ардчилсан нам сонгуулийн ялагдлынхаа дараа намын улс төрийн нэр нүүрийг сэргээх, хүчирхэг шинэ удирдагчаа хайж байна. Тодруулбал, ерөнхийлөгч Жо Байден энэ удаагийн сонгуульд ялагдаж, түүний баг орон нутгийн сенатын сонгуульд мөн адил ямар ч амжилт үзүүлээгүй.
Ардчилсан намын дарга нь Ардчилсан намын Үндэсний хороог (DNC) тэргүүлдэг хүн юм. Одоогоор "DNC"-ийн даргаар 2021 онд сонгогдсон Жэйме Харрисон ажиллаж байна.
Улмаар Ардчилсан Үндэсний Хорооны (DNC) гишүүд дараагийн даргын төлөөх өрсөлдөөндөө орж эхэллээ. Миннесотагийн Ардчилсан намын дарга Кен Мартин, Висконсин мужийн Ардчилсан намын дарга Бен Виклер, Мэрилэнд мужийн амбан захирагч асан Мартин О’Мэлли зэрэг найман нэр дэвшигч өрсөлдөж байна. Өөр хэд хэдэн нэр дэвшигч байгаа ч эдгээр нэр дэвшигчийн хэн нь ч ялалтаа зарлах хэмжээний дэмжлэг аваагүй байгаа аж.
Ирэх сарын 1-нд тус нам шинэ даргаа сонгох бөгөөд сонгох шалгуур нь өнгөрсөн сонгуулиар татгалзсан сонгогчдыг намдаа хэрхэн эргүүлэн татах, сонгуулийн сурталчилгааны хөрөнгийг хэрхэн оновчтой ашиглах зэрэг гол асуудлуудад чиглэж байна.
Зарим нэр дэвшигчид урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд анхаарлаа төвлөрүүлж байхад зарим нь нам хэрхэн үйл ажиллагаа явуулж, мөнгө зарцуулж байгааг засахыг зорьж байна.
Миннесотагийн Ардчилсан намын дарга Кен Мартин одоогийн байдлаар хамгийн өндөр боломжит хувилбар байгаа аж. Виклер ялангуяа Висконсин мужид хандив цуглуулах амжилтаараа алдартай боловч зарим хүмүүс түүнийг хандивлагчидтай хэтэрхий холбоотой байна гэж санаа зовдог.
О’Мэлли болон бусад нэр дэвшигчдэд боломж байсаар байна, учир нь "DNC"-ийн олон гишүүд хэнд ч бүрэн дэмжинэ гэх амлалт өгөөгүй байна. Эцсийн санал хураалтаас өмнө мэтгэлцээн, форум зохион байгуулагдах тул өрсөлдөөн нээлттэй явагдах аж.
Холбоотой мэдээ