Хуралдаанд Засгийн газрын 14 гишүүн, нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл болон “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд оролцлоо.
Өнөөдрийн хуралдаанаар түгжрэл, утаа, агаарын бохирдол бууруулах чиглэлээр нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.
Улаанбаатар хотод 2025-2028 онд нийслэлийн тулгамдсан асуудлуудын суурь шалтгааныг өөрчлөх 22 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ онд Улаанбаатар метро, Улаанбаатар трамвай, Туулын хурдны зам, Шинэ тойрог зам зэрэг төслийн ТЭЗҮ, сонгон шалгаруулалт хийгдэж, бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Тухайлбал, Улаанбаатар метроны сонгон шалгаруулалт гуравдугаар сард, бүтээн байгуулалт есдүгээр сард эхэлнэ. Улаанбаатар трамвай төслийн тендерийг зургадугаар сард зарлана. Трамвайн нэгдүгээр шугамыг 2028 оноос өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Туулын хурдны зам болон тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчим 2008, 2009 оны үед очих тооцоолол гарчээ.
Нийслэлд ногоон бүс байгуулах, халаалтын зуух болон ДЦС-уудын яндангийн шүүлтүүрийг шинэчлэх, автомашинаас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байна.
Тухайлбал, Москва хороолол, Баянхошуу, Хөтөл, III, IV хороолол, Эх нялхсын арын дэнж орчим, Хайлааст, Дэнжийн мянга, 32-ын тойрог, Мамба дацан, Дарь эх орчмыг ногоон бүс болгосноор агаарын бохирдол 15 хувь буурна гэж үзжээ.
Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жигнэсэн нүүрс, сайжруулсан түлш, хөх нүүрс, хийн түлш, грийн көүл гэхчлэн өөр өөр нэр томъёо ашиглахгүй байх, нэгдсэн нэг нэршил ашиглаж хэвшихийг албаны хүмүүст сануулав. Мөн нийслэлд хэрэгжүүлэх төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, үр дүнг нарийн тодорхойлж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан танилцуулахыг үүрэг болголоо.
Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штаб бямба гаригт хуралдаад тардаг биш байнгын ажиллагаатай байх ёстойг Засгийн газрын тэргүүн онцлоод ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, “20 минутын хот” Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нарт штабын уялдаа холбоо, чиг үүргийг сайжруулахыг даалгалаа.


Засгийн газрын зүгээс агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай гэрээ байгуулан угааж, баяжуулсан завсрын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрсийг 2025 оны гуравдугаар сараас нийлүүлэх бодлого барьж буй.
Мөн Улаанбаатар хотын агаарын бохирдолд сөрөг нөлөө үзүүлж түүхий нүүрс түлж байгаа уурын болон усан халаалтын нийт 276 зууханд технологийн шинэчлэл хийж хатуу түлшнээс хийн түлшинд шилжүүлэх, төвлөрсөн дулаан хангамжид холбох, тоног төхөөрөмжийг сайжруулах арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. Түүхий нүүрс түлж байгаа зуухуудад шинэчлэл хийж түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласнаар агаарын бохирдлыг 13 хувиар бууруулна. Тухайлбал, 2025 онд дээрх зуухын 30 хувийг хийн түлшид шилжүүлэхээр ажиллаж байна.
Нийслэлийн агаарын бохирдлын зургаан хувийг ДЦС-уудын яндангаас гарч байгаа утаа эзлэх болсон. “Амгалан” дулааны станцаас бусад цахилгаан станцуудын зуух нь бүгд 1961-1990 онд суурилагдсан бөгөөд утааны шүүлтүүрүүд нь хуучирсан. Ялангуяа, ДЦС-3 ТӨХК-ийн нойтон үнс баригчтай зуухуудын үйл ажиллагаанд технологийн шинэчлэл хийх, ДЦС-2, ДЦС-3-ын шүүлтүүрийг цахилгаанд шилжүүлэх, солих санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.
Агаарын бохирдлын 30-аас доошгүй хувийг автомашинаас үүдэлтэй бохирдол эзэлж байна. Нийслэлд 804,656 автомашин бүртгэлтэй байгаагаас 74.2 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай. Автомашин 0-5 км/цаг хурдтай явахад түүнээс ялгарах утаанд хорт бодисын хэмжээ энгийн үеэс 2-3 дахин их байдаг. Улаанбаатар хотод 1278 автобус бүртгэлтэй, өдөрт 1128 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд ажилладаг. Эдгээр автобусны 84 хувь нь Евро-5 стандартын шатахуун ашигладаг. 2025 оны аравдугаар сарын 01-ний дотор нийтийн тээврийн автобусыг хийн түлш рүү шилжүүлснээр агаарын бохирдлыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.
Мөн шинээр боловсруулсан Нийслэлийн агаарын бохирдлын хуулийн төслөөр холбогдох зохицуулалтуудыг хийхээр төлөвлөөд буй.
3,569.17















































