"News" агентлаг өнгөрч буй долоо хоногт уригдсан зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна.
Улс төр судлаач Д.Оргилтой ярилцлаа.
-Та өнгөрсөн онд Монгол Улсын улс төрийн ертөнцөд өрнөсөн чухал үйл явдлуудын талаар тоймлон дурдвал юу онцлон нэрлэх вэ?
-Өнгөрсөн 2024 он бол сонгуулийн супер циклийн жил байлаа. Дэлхий даяар 74 улсад үндэсний сонгууль болж, 1.6 тэрбум хүн саналаа өгчээ. Монголд ч мөн адил эрх зүйн шинэ орчинд УИХ-ын сонгууль болж 126 гишүүнийг сонгосон нь хамгийн чухал үйл явдал.
-Таны хэлсэнчлэн Монгол Улсын парламент анх удаагаа 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонголоо. Анх холимог тогтолцоотой болохыг зорьж байсан зорилгодоо хүрсэн гэж дүгнэж байна уу?
-Бид 2022-2023 онд Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга гээд томоохон эрх зүйн шинэчлэлийг хийсэн, үүнийгээ тогтолцооны өөрчлөлт гэж нэрлэдэг. УИХ-ын 126 гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш хагас жилийн хугацаа өнгөрч байна. Хагас жил гэдэг бол томоохон тогтолцооны өөрчлөлтийн үр дүнг хайхад богино хугацаа.
-Холимог тогтолцооноос үүдэн парламентын гишүүдийн чадавхийн асуудал эргээд нийгэмд шүүмжлэл дагуулах боллоо. Ер нь хууль тогтоох дээд байгууллагад ажиллах хүнд тодорхой хэмжээний нэмэлт шалгуур тавих ёстой болов уу?
-Парламент бол ард түмний төлөөллийн байгууллага. Ард түмний сонголтын толин тусгал. Үндсэн хууль, бусад хуульд сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулж өгсөн. 25 нас хүрсэн, ял шийтгэлгүй, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, хугацаа хэтэрсэн өргүй гэх мэт хуулийн шалгуур бий. Харин ч хэт их шалгуур байгаа нь сонгох, сонгогдох эрхэд халдаж байна гэж олон улсын экспертүүд үздэг. Нэмэлт хуулийн шалгуур байх ёсгүй гэж боддог. Харин сонгогчид өөрсдийгөө төлөөлөх төлөөлөгчийг сонгохдоо нухацтай хандаж, тавихыг хүссэн бүх шалгуураар шүүж байж хувь хүний сонголтоо хийх ёстой болов уу. Миний хувьд шинэ гишүүд чадавх султай гэж огт бодохгүй байна. Харин ч чадварлаг хүмүүс олноор сонгогдсон гэж бодож байгаа. Бид гишүүдийн чадавхад эргэлзэхийн оронд УИХ-ын үйл ажиллагааг нээлттэй, хяналттай болгохыг шаардах нь илүү чухал гэж бодож байна.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2774631/ энэ линк рүү нэвтэрч унших боломжтой.
"Дөнгөж сэргэж буй бизнесийн салбарын өсөлт дахин удаашрах эрсдэлтэй"
Үнийн өсөлт, эдийн засгийн энэ оны төлвийн талаар эдийн засагч Б.Сосорбарамтай ярилцлаа.
-Эрчим хүчний үнээс хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад ихээр өссөн. Энэ өсөлт цаашид үргэлжилбэл нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Өмнөх жилүүдэд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тээвэр логистикийн хүндрэл, геополитикийн тодорхой бус байдал зэргээс шалтгаалан гадаад буюу нийлүүлэлтийн гаралтай шокууд Монгол Улсын инфляцид нөлөөлж байсан. Энэ удаагийн инфляцийн нэмэгдэл нь дотоод шалтгаантай буюу жил дамнасан төсвийн тэлэлт, цалингийн өсөлт, хоёр шатны сонгууль, ногдол ашиг тараалт зэрэгтэй холбоотой байгаа нь харагдаж байна. Дээр нь өнгөрсөн жилийн сүүлээс цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өвөлжилт хүндэрч улмаар махны үнэ өссөн. Мөн эрчим хүчний үнийг 30 орчим хувиар нэмсэн, хувийн хэвшлийн цалин нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан инфляци илүү хурдацтайгаар нэмэгдэх шалтгаан болсон гэж ойлгож болно.
Энэ оны хувьд төсөв түүхэн хэмжээнд тэлсэн, цалин тэтгэвэр нэмэгдэж байгаагаас гадна томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр хүлээгдэж байгаа нь инфляцийн дарамтыг улам бүр нэмэгдүүлэх хүлээлтийг үүсгэж байна.
Олон улсын байгууллагууд, дотоодын байгууллагууд ч 2025 онд эдийн засгийн өсөлттэй байх талаар таамаглаж байгаа. Гэвч эрэлтийн гаралтай инфляци өндөр байх хүлээлт нь Төв банкны бодлогын хүү буурахгүй байх. Ингэснээр бизнесийн байгууллагууд зээл авах, зээлийн дахин санхүүжилт хийх зардлыг нэмэгдүүлж эргээд дөнгөж сэргэж буй бизнесийн салбаруудын өсөлт удаашрах, бизнесийнхээ үйл ажиллаг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болох зэрэг тодорхой бус байдал улам нэмэгдэнэ гэсэн үг. Үүнээс шалтгаалж эдийн засаг тогтвортой өсөх боломж буурах эрсдэл өндөр.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2774621/ линк рүү нэвтэрч унших боломжтой.
Г.Ариунболор: Бид гол дүр болох хувьтай байж
"Дүр, жүжигчин хоёр амин сүнсээрээ холбогдоно гэж байдаг. Ямар ч гоё зохиол байсан тэр дүр минийх биш л бол тэр дүртэйгээ холбогддоггүй. Миний дүр биш гэдгийг өөрөө мэдэрдэг. Надад "Бүсгүй" киноны дүр шууд буусан. Яг л онгод орно гэдэг шиг сүнсэн биеэрээ холбогдож, үнэхээрийн өөрийгөө төсөөлөн дүрдээ асуудалгүй орсон" хэмээн өгүүлэх энэ бүсгүй бол "Хурд" хамтлагийн "Бүсгүй" уран сайхны киноны гол дүр. Жүжигчин Г.Ариунболор Герман улсад ажиллаж, амьдардаг бөгөөд эх орондоо уран бүтээлийн ажлаар ирээд байгаа аж. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
-Та "Хурд" хамтлагийн ямар дуунд илүү дуртай вэ?
-Аав, ээж хоёр маань "Хурд"хамтлагийг фэн. Тиймээс хүүхэд байхаасаа л "Хурд" хамтлагийг крашилдаг байлаа. Цогоо ахын дуулсан бүх дуунд дуртай.
Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай….. Хүний нутагт, энэ дууг нь сонсохоор аавыгаа их санана. "Хурд"-ын дуу эх орон, ээж аав, найз нөхдөө санасан сэтгэлийн тайтгарал болдог. "Хурд"-ад дургүй, "Хурд"-ын дууг сонсож байгаагүй монгол хүн гэж байхгүй байх.
-"Бүсгүй"… гоё дуу шүү. Хэр баргийн бүсгүй энэ дууны дүрд тэнцэхгүй юм шиг санагддаг?
-"Хурд"-ынхан энэ дуугаа кино урлагт мөнхөлсөнд баяртай байгаа. Бас надад санал тавьсанд маш их талархаж байна. "Бүсгүй" дууных нь дүрд тоглоно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй.
Манай киноны продюсер Д.Отгонбаяр ах маань надад кинонд тоглох санал тавьсан. Энэ бол уран сайхны кино гэхээсээ илүү түүх. Монголын хөгжмийн урлагт хит болсон нэгэн дууны, хамтлагийн түүх. Америк мөрөөдөл гэж ярьдаг шүү дээ. "Таваг угаагчаас саятан болно" гэдэг шиг энэ бол жинхэнэ монгол мөрөөдөл.
Төрсөн ах дүү нарын хамтлаг өнөөдөр Монголын хөгжмийн урлагт домог болж чадсан. Энэ өөрөө гайхалтай учраас надад маш сайхан санагдаж байгаа.
Миний хувьд саналыг эерэгээр хүлээн авсан. Би өөрөө зохиол бичдэг хүний хувьд шалгуур өндөртэй ханддаг. Ямар ч байсан "Хурд" хамтлагийнхаа киноны зохиолыг уншсан. "Хохирогч" киноноос хойш монгол кинонд тоглолгүй гурван жил болсон байна. Энэ хугацаанд маш олон зохиол ирсэн ч тэр дундаас хамгийн сайн зохиол нь байсан. Уран бүтээлчид сайн мэдэх байх. Дүр, жүжигчин хоёр амин сүнсээрээ холбогдоно гэж байдаг. Ямар ч гоё зохиол байсан тэр дүр минийх биш л бол тэр дүртэйгээ холбогддоггүй. Миний дүр биш гэдгийг өөрөө мэдэрдэг. Надад "Бүсгүй" киноны дүр шууд буусан. Яг л онгод орно гэдэг шиг сүнсэн биеэрээ холбогдож, үнэхээрийн өөрийгөө төсөөлөн дүрдээ асуудалгүй орсон.
Дэлгэрэннгүй ярилцлагыг https://news.mn/r/2774926/ энэ линк рүү нэвтэрч унших боломжтой.
Р.Эрдэнэбүрэн: Ид ачааллын үед нийслэлийн замыг төлбөртэй болгоно
Олон нийтийн сүлжээнд төлбөртэй бүсийг нийслэлд тусгайлан заах тал дээр маргаан өрнөөд буй. Энэ талаар "20 минутын хот" Үндэний хорооны дарга, сайд Р.Эрдэнэбүрэнгээс тодрууллаа.
–Та Улаанбаатар хотыг 20 минутын хот болгох том амбиц өвөртлөөд Засгийн газарт орсон. Сайд болоод хагас жил болчихлоо. Мэдээж ажилтайгаа танилцсан байх, Улаанбаатарыг 20 минутын хот болгох итгэл хэр байна?
-Дэлхийн том хотууд бүгд түгжрэлийн зовлонг амссан. Хүйтэн хотууд бүгд утаа угаарын дундуур явсан. Өндөр өртөгтэй зам гүүр, дэд бүтцүүд барьсан. Ард иргэдээ бухимдал стресст оруулсан. Одоо тэд бүгд хөгжлийн энэ замаа эргэн харж, эргэцүүлэн бодож эхлээд байна. Ялангуяа цар тахлын дэглэмийн дараагаас “X-минутын xот” гэдэг концепц тренд болж, хүнд зориулсан xот төлөвлөлт хийж эxэлцгээе гэдэг дээр санал нэгдэж, xөгжлийн бодлого, xот төлөвлөлтөө xүнд ээлтэй байxад чиглүүлж эxэлж байгаа юм билээ. Монгол Улс ч мөн энэ чиглэлд хот төлөвлөлтөө чиглүүлье, өнгөрсөн xугацаанд нийслэлд xийсэн төлөвлөлтийн алдаагаа шинээр бий болгоx xотууд дээр давтаxгүй байя гэдэг үүднээс хотоо хүнд ээлтэйгээр зохион байгуулъя, 20-минутын дотор иргэн xүн алxаад xүрчиxдэг ажилтай, сургууль, эмнэлэгтэй, төрийн нэг цэгийн үйлчилгээтэй, кофешоп, хоолны газартай, зугаалаx парктай тийм орчинг цогцоор нь төлөвлөдөг болъё гэж зорьж байгаа. Ерөнхий сайд өөрөө нийслэлийн асуудал дээр манлайлал үзүүлж, 2025 оныг “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, дэд бүтцийн том төслүүдээ хурдлуулах зорилгоор шуурхай штаб байгуулан, өөрөө удирдаад ажиллаж байна.
Шуурхай штабынхан Бямба гариг бүр хуралдаж, олон салбарын уялдаа холбоог хангуулан, зохион байгуулалтаа эрчимжүүлэн ажиллаж байгаа.
Та бүхэн мэдэж байгаа байх. 2025 оны зургадугаар сарын 1-нээс Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн үйлчлэл эхэлнэ. Энэ хуулиар улсын чанартай зургаан хот, орон нутгийн чанартай 35 хот, дөрвөн дагуул хот тус тус байгуулахаар болж байгаа. Шинээр байгуулах эдгээр хотуудаа ч бас бид анхнаас нь хүнд ээлтэйгээр зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна.
Өнгөрсөн 30 жилд монголчууд зөвхөн нийслэлдээ буюу нэг газраа хэт төвлөрсөн буруу төлөвлөлт хийж ирсний үр дагавраар өнөөдрийн Улаанбаатар хот иргэдэд аюултай, эрүүл бус орчин болж хувирсан.
Үүнийг засч залруулан, олон төвтэй, иргэдэд нийгмийн үйлчилгээг нь ойртуулсан, цоо шинэ төлөвлөлтийн аргаар шинээр байгуулагдах хотуудыг зохион байгуулах болно. Тун удахгүй манай хорооны гишүүн УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаар ахлуулсан ажлын хэсэг 20 минутын хотын үзэл баримтлалын төслийг олон нийтэд танилцуулна.
Дэлгэрэнгүй ярилцлагыг https://news.mn/r/2775545/ линк рүү нэвтэрч унших боломжтой.
Нэргүй 2 цагийн өмнө 66.181.178.49
Эрчим хүчний үнийг чөлөөлснөөр бизнес хумигдах магадлалтай байж болноо. Тэрнийг үййүсгэхгүй. Гэхдээ ингэж эрчим хүчний үнээ нэмэхгүй бол цахилгаан, дулаан нь байхгүй болж энэ улс чинь бүхлээрээ дампуурчих магадлалтай гэдгийг хүмүүс битгий мартаасай. Та хүйтэн байшинд 7 хонож чадах уу??? Цахилгаангүй нэг өдөр байж чадах уу???