"Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ 28 жилийн дараа УИХ-ын босгыг давлаа"

Live"Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ 28 жилийн дараа УИХ-ын босгыг давлаа"

"Ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээ 28 жилийн дараа УИХ-ын босгыг давлаа"

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн /2025.01.10/ эхэллээ.


УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулна. Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хөрөнгө оруулагч "Орано майнинг С.А.С" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэнэ. Гуравдугаарт, баталсан хууль тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.

УИХ-ын гишүүн УИХ-ын дэд дарга Б.ПҮРЭВДОРЖ:

-Монгол Улсын Засгийн газраас 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр УИХ-д яаралтайгаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн ххуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулган 2025 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр явуулж төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар хуулийн төсөлд УИХ-ын чуулганы анхны хэлэлцүүлгээр олонхын санал авсан саналуудыг нэмж, хуулийн төслийн агуулга зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэлэх дэс дарааллыг жгдлэх, хууль зүйн техникүүдийн засварыг хийж, эцсийн хувилбарыг та бүхэнд хүргүүлсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, хууль тогтоомжоор стратегийн ач холбогдол бүхий стратегийн ашигт малтмалын ордуудыг тодорхойлж батлахдаа ашигт малтмалын нэр төрлөөс эсвэл тусгай зөвшөөрлөөс нь хамааруулан ангилах талаар Засгийн газраас баримтлах бодлого, төрөөс газрын тосны салбарт баримтлах бодлогын талаар, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл цаашид цацраг идэвхт ашигт малтмалын геологийн  хайгуул судалгаанд хэдий хэмжээний санхүүжилт хийх талаар, УИХ-ын гишүүн Р.Сэддорж Үндэсний баялгийн санд хуримтлагдсан хөрөнгийг тогтвортой хадгалах, арвижуулах талаар тус тус асуулт асууж, хариулт авсан болно.

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдсэн талаар Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэн шийдвэрлэж, хуулийн төслийг баталж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна.

18 : 50
2025-1-10

Нийт гишүүдийн 72 хувь дэмжиж, баталлаа

17 : 25
2025-1-10

"Энэ төсөл геополитик, гео стратеги, гео эдийн засгийн онц ач холбогдолтой"

Д.Баярхүү

УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:

-Монгол Улсын Засгийн газраас нэгдүгээр сарын 8-ны өдөр УИХ-д ирүүлсэн Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хөрөнгө оруулагч "Орано майнинг С.А.С" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Аюулгүйм байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 13.16.1 дэх хэсэгт заасны дагуу зөвшилцөхөөр ирүүлсэн дээрх асуудлыг хэлэлцэх хуралдааны дэгийн тухай хуульд зохицуулагдаагүй байсныг УИХ-ын 2025 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийг баталсан. 

Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн хоёрдугаар зүйлд заасны дагуу Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн төсвийн болон эдийн засгийн байнгын хороо, гэрээний төслийг тус тус хуралдаанаар урьдчилан хэлэлцэж санал дүгнэлтээ аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлснийг байнгын хороо уг хуулийн дөрөвдүгээр зүйлд заасны нэгтгэн хэлэлцлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дээрх төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай асуулт асууж, гишүүд үг хэлээгүй болно. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хөрөнгө оруулагч "Орано майнинг С.А.С" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжсэн болно. 

Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн наймдугаар зүйлд заасны дагуу Аюугүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээний төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэсэн. УИХ-ын тогтоолын төслийн санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд хамт оролцуулна гэдэг санал дүгнэлтийн дагуу УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж дэмжиж өгөхийг та бүхнээс хүсье. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Ураны хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой нэлээн нарийвчилсан хэлэлцээр хийсэн гэрээний төсөлтэй танилцсан. Тэгэхээр яг одоо УИХ дээр хэлэлцэж байгаа энэ үед ажлын хэсэг гурван асуудлыг анхаараасай гэж хүсч байна. Хэрэв дахин зөвшилцөх, засвар хийх боломж гарвал үүнийг анхаараасай гэж бодож байгаа учир хэлье. 

Нэгдүгээрт, хөрөнгө оруулалтын гэрээний 4.3, 4.4-тэй холбоотой асуудал байна. 4.3 бол Монгол Улсын хууль тогтоомжид энэ үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх нөлөө гарах юм бол тусгай нөхцөлтэй хөрөнгө оруулалтын гэрээг хоёр тал дахин хэлэлцэнэ гэж байгаа. Гэтэл 4.4-т Монгол Улсын хууль тогтоомжид хэрэв хөрөнгө оруулалтын гэрээнээс илүү таатай нөхцөл үүсэх юм бол гээд тогтворжуулж байгаа татвараас гадна бүхий л төрлийн хууль тогтоомжийн өөрчлөлтийг оруулсан байгаа юм. Ингэвэл прожект компани үүний дагуу байна гэж.

Хамгийн ноцтой нь 4.4.В буюу хожим нь тэр таатай нөхцөл нь хүчин төгөлдөр бус болж, Монгол Улс хуулиа өөрчилж, илүү чанга хуультай болбол хүчингүй болсон хууль ч хамаагүй илүү өөрт нь таатай байх хуулийг энэ компани хөрөнгө оруулалтын гэрээ, үйл ажиллагаанд сонгон хэрэглэж болно гэсэн заалт. 

Энэ нэг утгаараа хөрөнгө оруулалтын гэрээнд орж байгаа Монгол Улсын хууль тогтоомж хүчингүй болсон ч тус компанид үйлчилнэ. Хууль тогтоомжийн хамгийн боломжит хэлбэрээр хүчингүй болгосон хуулиа тогтворжуулж өгч байга гэдэг заалт орсон байна. Энэ бол дөрвөн төрлийн татвартай холбоотой, хөрөнгө оруулалтын тогторжуулалттай холбоотой гэхээс илүү Монгол Улсын бүхий л хууль эрх зүйн орчны асуудал болоод байна. Тэгэхээр хөрөнгө оруулагч талд ийм давуу тал үүсгэж байгаа нь байж боломгүй зүйл учраас ямар нөхцлүүд дээр энэ яригдсан гэдгийг тодруулж байна. 

Хоёрдугаарт, төрийн эзэмшлийн давуу эрх. Энэ эрх хориг тавих эрхтэй. Компанийн тухай хуулиа хараад гол гол асуудлууд дээр тавьсан байна лээ. Гэхдээ Монгол улсын компанийн тухай хуулиар сонирхлын зөрчилтэй, томоохон хэлцлүүд их хэмжээний хэлцлүүдийг тодорхой нөхцөл журмынхаа дагуу компани ТУЗ-өөр дамжуулан баталдаг. Эсвэл хувьцаа эзэмшигчдийнхээ хурлаар баталдаг. Дээрх асуудлын тухайд хоёр хувьцаа эзэмшигч л бий. Нэг бол Монгол Улсын Засгийн газар. Нөгөө талд нь "Орано майнинг С.А.С" компани. "Орано майнинг С.А.С" компанийн тухайд өөрийнхөө холбоо хамаарал бүхий этгээдтэй энэ төслийн үйл ажиллагаатай холбоотой хэлцэл хийвэл шийдвэрүүд яаж гарах вэ? Компанийн тухай хуулиар бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд бүгд татгалзах болохоор Монгол Улсыг төлөөлж байгаа нэг ТУЗ-ийн гишүүн л шийдэхээр болж байгаа юу. Энэ тал дээр ярилцаж байгаа асуудлууд байна уу?

Гуравдугаарт, эрх шилжүүлэхтэй холбоотой асуудал. 17.1-д мөн 17.2-т эрх шилжүүлэх тухай ерөнхий байдлаар орсон байна. Хоёр тал хэлэлцэж байхдаа үүнийг хэрхэн зөвшилцсөн бэ?

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

-Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцээ хийхэд таван дэд ажлын хэсэг ажилласан. Таван салбарын сайдаар удирдуулсан гэрээ, эрх зүйн ажлын хэсэг ажилласан. Өнгөрсөн хугацаанд олон улсын хуулийн зөвлөх ПWhite and Case" компанитай хамтын ажиллагаатай ажиллаж байсан. Намайг ажлын хэсгийг ахлахаас ч өмнө энэ хуулийн фирмтэй ажиллаж байсан. "White & Case LLP International Law Firm"-ээс өгсөн гол зөвлөмжүүдийг бид барьж ажилласан. Монгол талын эрх ашгийг хамгаалах чиглэлээр манай хуульчид олон улсын түвшинд хэлэлцээ хийх өндөр чадамжтай болсон гэдгийг би хэд хэдэн зүйлээс харлаа. Энэ хэлэлцээний явцад давуу эрхийг батлах тийм амар байгаагүй. Жишээ нь ТУЗ-д давуу эрх байхгүй 3, 4 хүн суувал ямар үр дүнд хүрч болдогийг "Оюу толгой" компаниас харж болно. Тийм учраас энэ давуу эрхтэй байгаагийн шалтгаан нь тус компани зээл авна гэж ТУЗ-өөр орвол 100 хувийн хамтын шийдвэрээр шийдвэр гарна. Тэгэхээр нэг хүн татгалзахад хүлээж авахгүй л гэсэн үг. 

Өөрчлөн байгуулах, татан буулгах бүх асуудал дээр Засгийн газрын төлөөлөгч хориг тавих бүрэн эрхтэй. 

Мэдээж хууль буцааж хэрэглэхгүй гэдэг Монгол Улсын хууль тогтоомжийн суурь зарчим бий. Тэгэхээр бид давуу эрхийн тухайд олон улсын зарчмыг баримталж ажилласан. Дээрээс нь бид энэ хөрөнгө оруулалтын гэрээний дараа хувь нийлүүлэгчдийн гэрээ хийнэ. Ингэхдээ бид Монгол Улсын хууль тогтоомжоо бариад явна гэж ойлгож болно. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Анхаарах ёстой хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, гадаадын томоохон хөрөнгө оруулалтын төслүүд дээр нийгмийн үнэлгээний тайланг бүрэн хийхгүй орхиж байна. Хөдөлмөрийн нөхцөл, тухайн орчинд ажиллаж амьдарч байгаа хүмүүс хэрхэн ажиллаж, амьдрах вэ? Хоёрдугаарт, туслан гүйцэтгэгч гэж олон компани орж ирдэг. Үндсэн компанид тавьж байгаа шаардлагуудаа туслан гүйцэтгэгчдэд тавих уу гэдгийг тодруулж байна.

“Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал:

-Төсөл хэрэгжих хугацаанд дэд бүтцийн гурван том ажлыг хийнэ. Төмөр зам, цахилгаан эрчим хүч, автозам гэсэн гурван том төсөл байна. Зүүнбаян төмөр замыг өргөтгөнө. Автозам бол нийт 160 км-ыг барина. Үүнээс 60 км нь засмал зам байна. Бусад замууд нь туслах чанарын замууд.

Ажиллаж, амьдрах кэмпийн тухайд 500 хүнтэй жижиг тосгон байгуулна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Би энэ зөвшилцөж байгаа асуудлыг бүрэн дэмжиж байгаа. Гэхдээ бид хэлэлцээрийг, гэрээг хийхдээ анхаарах зайлшгүй зүйлс бий. Үүнийг гишүүд хэлж байна. Аль болох хоёр тал харилцан ашигтай байхаар тохиролцоход ажлын хэсэг анхаарах байх гэж бодож байна. 

Олон улсын харилцааны судлаач Д.Баярхүү:

-Монгол-Францын хамтын ажиллагаа ураны салбарт орж ирж байгаа нь Монгол Улсын хувьд гадаад бодлого, геополитик, гео стратеги, гео эдийн засгийн онц ач холбогдолтой дэлхий дахинд үлгэр жишээ болохоор жишиг хамтын ажиллагааны эхлэлийг тавих гэж байна. 

16 : 40
2025-1-10

"Хөгжлийн нэг алтан үе ирж байна"

Амарбаясгалан 126 гишүүнтэй парламент намрын анхны чуулган (25)

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:

-Бидний хувьд хөгжлийн нэг алтан үе ирж байна уу гэж харж байна. Яагаад гэвэл Үндэсний баялгийн сан бүрэлдэж, хууль батлагдаад найман сарын дотор бид тодорхой хэмжээний хуримтлал үүсгээд үүнийгээ зарцуулаад явж байна. Цаашид баялгийн сангууд маань орлогоо бүрдүүлэх тал дээр хяналтыг сайн тавих хэрэгтэй. Миний хувьд сангуудад төвлөрсөн орлогыг ямар менежмент хийж зарцуулах тал дээр зарим мэдээллийг авах хүсэлтэй байна. Хөгжлийн гол үндсэн концепц дээр бид санал нэгдэх ёстой. Аливаа улс орон хөгжье гэвэл юуны түрүүнд боловсролдоо л хөрөнгө оруул гэдэг. Энэ зарчим. Боловсрол чанартай байж улс орон хөгжинө. Үүнийг олон улс орон баталж байна. Зарцуулалт дээр өсвийн ашгаас боловсрол, эрүүл мэнд, орон сууцыг санхүүжүүлнэ гэсэн. Өчигдөр Сангийн яамны төлөөллийн хэлж байгаагаар хуримтлалын сангаас боловсролү, эрүүл мэндэд зарцуулах хөрөнгүүдийг гаргана гэсэн. Үүнийг тодорхой болгож, хувь зааж өгөх хэрэгтэй. 

Хүүхдийн эрх зөрчигдөж, сургуулийн багтаамж нь ихэдсэн сургуулиуд улсын хэмжээнд нийт сургуулийн 30 хувь нь байна. Энд чанар яригдах боломжгүйд хүрч байна. 

Нөгөө талаас боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд шилдэг төгсөгчдийг багшаар ажиллах эдийн засгийн хөшүүргийг бэлдэх хэрэгтэй. Үүнийг яах аргагүй баялгийн сангаас гарч ирэх зардалд тусгаж, амжиргааны тэтгэлэг олгох, ипотекийн зээлд хамруулах гэх мэтээр багш нарыг дэмжихэд хуримтлалаа чиглүүлэхэд анхаарах нь зүйтэй. Боловсролын чиглэл дээр тодорхой хувь заасан уу? ДНБ, ядаж нийт зардлын хэчнээн хувь гэсэн хуваарилалт хийсэн үү?

"Эрдэнэс монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт:

-Үндэсний баялгийн сангийн зарцуулалтын хувьд хуримтлалын сан өөрөө бэлэн бусаар боловсрол, эрүүл мэнд гэж тусган журмыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамбаталж явахаад байгаа. Хөгжлийн сангийн хувьд Эдийн засгийн хөгжлийн яам дээр Хөгжлийн санд хөрөнгө төвлөрсөн тохиолдолд улсын төсөвтэй хамт улсын хөгжлийн дунд, урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан төсөл хөтөлбөрүүд бодлоготой уялдуулж УИХ-аар батлуулах эрх зүйн орчинтой байгаа. Дэд бүтэц, сургуулийн асуудалд зарцуулалт хийх нь Эдийн засгийн хөгжлийн яам дээр боловсруулагдаж, улсын төсөв батлагдах үед Үндэсний баялгийн сангийн төсөв хамтдаа орж ирэхэд яригдана. 

Иргэдийн хуримтлалын сангийн тухайд иргэд зөвхөн өөрсдийн болоод гэр бүлийн хэрэгцээний хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулах боломжтой байгаа. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Сошиалаар болж байгаа үйл явдал, маргааш болох жагсаал бүгд л газрын баялгийн хоорондын тэмцэл. Янз бүрийн санхүүжилт ч гардаг. Явж, явж дандаа л газрын баялгийн үр өгөөжийг бид үр ашигтай хуваарилж чадах юм уу, үгүй юм уу гэдэг асуудал. Энэ бол зөвхөн Монголд тохиолдож байгаа асуудал биш. Зөв хуваарилсан орны жишээ нь Норвеги. Баялгийн сангаар дамжуулж нэг хүнд нэг сая ам.долларын орлого төвлөрүүлж чадсан байгаа юм. 

Тэгэхээр Үндсэн хуулийн зарчмын хүрээнд үндэсний баялгийн шударга хуваарилалт хийж чадах уу. Зөв шийдэл гаргаж чадвал магадгүй 10 жилийн дараа нэг хүнд ногдох дотоодын орлогыг хэд дахин нэмэх боломжтой. 

10 жил гацсан нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээ 4000-6000 болгох бүрэн боломжтой. Монгол Улсын эдийн засаг бол том биш. Хэдхэн том төсөл урагшаа явахад л үндэсний баялгийн сангаар дамжуулж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх боломжтой. 

УИХ-ын гишүүн С.Ганбаатар:

-Хамгийн гол анхаарах зүйл бол нийгэмдээ яаж үр шимтэй байх вэ гэдэг чухал. Баялаг бол ард түмний л өмч байх ёстой. 126 гишүүн бүгд уул уурхайн мэдлэгтэй биш. Шинжээч судлаачдын дүгнэлт дээр тулгуурлаж ярих нь чухал. Энэ хуулийн амин сүнс баялаг иргэн бүрд тэгш хүрэх. 

УИХ-ын дарга Д.АМАРБАЯСГАЛАН:

-Хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулна. Чуулганы хуралдаан 72.2 хувийн ирцтэй байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, нийт гишүүдийн 81.4 хувь буюу чуулганд оролцож байгаа гишүүдийн 79 нь дэмжиж хуулийн төслүүд эцэлсэн батлагдлаа. 

Одоо Хоёрдугаарт, Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хөрөнгө оруулагч "Орано майнинг С.А.С" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэх гэж байна. 

Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн наймдугаар зүйлд хуулийн төслийн агуулгыг харгалзан Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооы гишүүдийн олонхын саналаар төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэсэн. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

С.Ундармаа нэрээр нэвтэрсэн. Профайлаа засах . Гарах? Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 20 минутын өмнө 59.153.114.72

одоо хурдан ажил болгох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж