Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан бөгөөд үүнээс хойш 6 удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г УИХ-д өчигдөр өргөн мэдүүлээд байна. Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” зэрэг Монгол Улсын урт хугацааны бодлого, баримт бичиг болон Улаанбаатар хотыг амьдрахад таатай, байгаль орчинд ээлтэй, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд түлхүү чиглэгдсэн.
Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад, хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлсэн энэхүү төсөлд 32.2 мянган иргэн санал ирүүлж, 93 хувь нь дэмжсэн юм. Түүнчлэн эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн холбоод, 14 яам, түүний харьяа байгууллагууд, төрийн бус байгууллага, их дээд сургуулийн багш нарын дунд хэлэлцүүлгүүд зохион байгуулж, санал зөвлөмжүүдийг тусган боловсруулсан.
Ташрамд, хамгийн сүүлд 2013 онд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулсан. Дээрх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжих хугацаа дуусаж байгаатай холбогдуулан 2017 оноос Улаанбаатар хот цаашид ямар үзэл баримтлалтай хөгжих талаар төлөвлөгөөг боловсруулж эхэлсэн юм.
“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г баталж, хэрэгжүүлснээр дараах үр дүн гарна.
- Нийслэл Улаанбаатар хот нэг төвт төвлөрсөн хотоос олон төвт хотын тогтолцоонд шилжиж, иргэд, олон нийтэд нийгмийн болон төрийн үйлчилгээг ойртуулах нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, “20 минутын хот” үзэл баримтлалаар 14 хотыг төлөвлөн хөгжүүлж, дэд төв байгуулна.
- Улаанбаатар бүсийн хэмжээнд дагуул хот, тосгодыг соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлнэ.
- Улаанбаатар хотын хүн ам 1.6 сая байгаа бол 2040 онд 2.1 сая болж өсөх ба үүний 405 мянган хүн амыг дагуул хотуудад суурьших тооцооллыг мэргэжлийн байгууллагуудаас гаргасан.
- Ажлын байрны тоо 1.4 дахин нэмэгдэж, 193 мянган ажлын байрыг шинээр бий болгоно.
- Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн хэмжээг 8 ам.метрээс 35 ам.метр болгон нэмэгдүүлж, иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх тохилог орчныг бүрдүүлнэ.
- Замын сүлжээний бүтэц нь хэвтээ 8, босоо 12, тойрог 3 замын бүтэцтэй байхаар төлөвлөж, 1,738.8 км замыг шинээр байгуулж, оргил ачааллын үеийн дундаж хурд 9 км/цаг-аас 22.5 км/цаг болж нэмэгдэнэ.
- Багтаамж ихтэй нийтийн тээврийн сүлжээг бий болгож, өдөрт 1.2 сая зорчигч тээвэрлэж, нийтийн тээврийн хүртээмжийг 2 дахин нэмэгдүүлнэ.
- Улаанбаатар хотын дулааны ачаалал 3,820 МВт байгаагаас 7,480 МВт болж нэмэгдэх бөгөөд үүнийг хэсэгчилсэн дулааны эх үүсвэр 15 байршилд байгуулж шийднэ.
- Улаанбаатар хотын иргэдийн 91 хувь нь төвлөрсөн хангамжтай орон сууцанд, 9 хувь нь сайжруулсан амины сууцанд амьдрахаар төлөвлөсөн.
- Улаанбаатар бүсийн цахилгааны эх үүсвэр 1,169 МВт байгаа бол 2040 онд 5,408Мвт болж нэмэгдэнэ. Өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээний 30 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс, үлдсэн хувийг дулааны цахилгаан станцаас хангана.
- Ногоон сууц төслийн хүрээнд сайжруулсан амины орон сууц бүсэд 49.6 мянган өрхийн сууцыг дулаалж, дулааны эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүч болон хийн түлшний системээр шийднэ. Үр дүнд нь Улаанбаатар хотын гэр хорооллоос ялгарах хорт хийн ялгарлыг 0 түвшинд хүргэнэ.
- Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоог дэмжинэ. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд 243 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс 123 их наяд төгрөг буюу 51 хувь нь гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар, 120 их наяд төгрөг буюу 49 хувийг улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, бондын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нэргүй 16 минутын өмнө 139.5.216.173
danh sdaad hiisen yum tui ch bhgui dandaa ingene tegne gej b*** umhuulne orkuudad
Нэргүй 42 минутын өмнө 59.153.86.200
Шинэ Хархорин хот төсөл юу болсон бэ. Хэрэгжүүлэх хэрэгтэй шүү.
Зочин 43 минутын өмнө 59.153.86.200
Сайхан сананууд байна. Хэрэгжих болтугай. Нэг хүсэлт байна. Нарны замд байдаг Миний дэлгүүр хайпермаркетын эсрэг талд автобусны зогсоол байгуулсан атлаа зам хөндлөн гарах явганы хүний гарц тэмдэглэгээ хийгээгүй учир их эрсдэлтэй байгааг харгалзан үзэж явган хүний гарц тэмдэглээ хийж өгнө үү.
Зочин 4 цагийн өмнө 203.217.139.240
Улаанбаатар хотыг тэлж байж л түгжрэл буурна. Цаашдаа шинээр баригдах цахилгаан станцуудын 70 хувь нь дулааны цахилгаан станц байна гэж бичсэн байна. Өнөөдөр Улаанбаатарт 3 дулааны цахилгаан станц байгаа. Үүнийг тойроод л барилга барьж түгжрээд байгаа шүү дээ. 3-р цахилгаан станцын дэргэд дахиад шинэ станц барина гэдэг нь маш БУРУУ шийдвэр. Харин Хонхор, Налайх, Эмээлтэд шинээр дулааны цахилгаан станц баривал Улаанбаатар хот тэлж, түгжрэл БУУРНА.
Нэргүй 5 цагийн өмнө 43.242.242.59
Улаанбаатар руу шилжих хөдөлгөөнийг хязгаарлах хэрэгтэй. Хотоос их дээд сургуулийг зоригтой гарга.
Зочин 5 цагийн өмнө 66.181.181.185
Шинэ Зуунмод , Хар хорин зэрэг хотуудаа сайн хөгжүүлбэл хэрэгтэй болов уу, УБ бол одоо хангалттай зам харилцаагаа л сайжруулах хэрэгтэй, Монгол цөөн хүн амтай аль болох орон нутаг руугаа тарж байрлах бодлого барих ёсой
Нэргүй 6 цагийн өмнө 103.57.93.141
шалгаадаарай Данхаа