Туркийн шигшээ түүхэн амжилтын төлөө

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Туркийн шигшээ түүхэн амжилтын төлөө

Урд шөнө болсон тоглолтуудаас хамгийн сонирхолтой нь талбайн эзэн Турк Францын шигшээ багуудын хоорондох тоглолт байлаа. Талбайн эздийн хувьд хэсэгтээ ганц ч хожигдолгүй, тав ялсан амжилттай байсан бол Франц Испанийг нээлтийн тоглолтонд хожиж, сенсаци тарьсан ч Шинэ Зеландад өвдөг шороодсон муу амжилтаар хоёр баг хасагдах шатанд таарлаа.

Станбулд болсон тоглолт нэгдүгээр үедээ тэнцүүхэн ширүүн өрсөлдөөн дунд эхэлсэн ч 19:14 харьцаатай Туркийн ялимгүй давамгайллаар өндөрлөсөн. Харин хоёр болон гуравдугаар үед Туркийн шигшээ багийн дунд болон холын зайн шидэлтүүд байндаа тусч байсан бөгөөд оноогоор тасрах бололцоог багийн ахлагч Туркоглу холын шидэлтийг оновчтой болгон 21 оноо авснаар бий болгосон. Мөн багийн нийт авсан оноонд жижиг довтлогч Синан Гюлер 17 оноог нэмэрлэж, гурван оновчтой дамжуулалт өгсөн нь Францыг буулган авахад чухал нөлөө үзүүлсэн. Ингээд дөрөвдүгээр үе эхлэхэд 71:45 харьцаатай талбайн эздийн илт давуу байдлаар тоглолт үргэлжлэх болсон. Хэдийгээр энэ үед Франц өрсөлдөгч багаасаа найман оноо илүү авч хожлын төлөө зүтгэсэн ч хол тасраад байсан тоог гүйцэхэд хэдийнэ оройтсон байжээ. Өөрөөр хэлбэл, Туркчууд гуравдугаар үеийн төгсгөлд ялалтаа авсан байсан. Францаас энэ өдөр Борис Диав онцгой тоглолт үзүүлж, 21 оноо авч, байрлал бүр дээр шилдэг нь байсан ч дөрвөн жилийн өмнө Японд үзүүлсэн амжилтдаа хүрэлгүй нутаг буцахаар болжээ. Харин Турк дөрөвний нэг шигшээд хүчирхэг Словенийн эсрэг таарлаа. Хоёр багийн хувьд Японд мөн хасагдах шатанд таарч, Турк шилдэг наймд үлдэж байсан билээ. Хэрэв тэд хоёр өдрийн дараа Словенийг хожиж чадвал улсынхаа түүхэн амжилтыг шинэчлэх юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж