Лос-Анжелес мужид 150 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх тушаалын дагуу онцгой байдлын алба шуурхайлан ажиллаж байна. Мөн муж даяар салхины нөлөөгөөр таван хээрийн түймэр дүрэлзэж байна. Калифорнийн Ойн аж ахуй, гал түймрээс хамгаалах газрын мэдээлснээр, уг таван түймрийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг энд оруулав.
Палисадын түймэр нь яг одоо тус мужид гарч буй хамгийн том түймэр бөгөөд 15,832 акр талбайг шатааж байна гэж галын албаныхан мэдэгдэв. Түймрийн дийлэнх хэсэг нь Санта Моника, Малибу хоёрын хооронд орших Номхон далайн Палисадад гарч буй. Лос Анжелес дүүргийн гал түймрийн албаны дарга Энтони Марронегийн хэлснээр, энэ нь дор хаяж 1000 барилга байгууламжийг сүйтгэсэн.
Cal Fire-ийн мэдээлснээр, Итон түймэр 10,600 акр талбайг шатаажээ. Пасадена хотын дарга Виктор Гордо хэлэхдээ, Итон түймрийн улмаас таван хүн амиа алдсан гэж мэдэгдэв. Энэхүү галын улмаас 200-500 орчим барилга байгууламж эвдэрч, алдагдсан гэж Гал түймрийн албаны дарга Чад Августин мэдэгдсэн юм.
Вүдлийн түймэр Лхагва гаригт эхэлсэн бөгөөд дор хаяж 30 акр талбай шатаж, ямар ч хамгаалалтгүй байна. Харин Мягмар гаригийн шөнө гарсан Херст гал 505 акр гаруй талбайг шатаасан бөгөөд одоог хүртэл дарагдаж чадаагүй.
Лидия түймэр Лхагва гаригийн үдээс хойш эхэлсэн бөгөөд хурдан хугацаанд 80 акр газрыг хамарчээ. Номхон далайн Палисадаас 50 милийн зайд орших Актон хэмээх жижиг суурингийн ойролцоо 30 хувийг нь унтраасан ч ойн мод шатсан хэвээр байна. Пасаденагийн гал түймрийн дарга Чад Аугустин хэлэхдээ, гал унтраах ангийн 15 баг Итон галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд өнөө орой Аризонагаас илүү олон хүн ирж туслалцаа үзүүлнэ. Тэд ирэх 24 цагийн дотор 50 орчим хувийг нь унтрааж чадна гэж найдаж буй.
Лос-Анжелес муж даяар дэгдэж буй гал түймрийн голомт дарагдаагүй хэвээр байгаа тул таван хүн харамсалтайгаар нас барсан. Мөн хохирогчдын тоо "өсөх магадлалтай" гэж амбан захирагч Гэвин Ньюсом “CNN”-д хэлжээ.Тус агентлагийн мэдээлснээр, 150 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилсэн хэвээр байна. Түүнчлэн, уг гамшиг Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн их хор хөнөөлтэй түймэр гэгдэх болов. Хэдийгээр онцгой байдал, гал унтраах алба хичээж байгаа ч хүн хүч сул байгаагаас хохирол нэмэгдсээр буй.
Лос-Анжелес мужийн албаны хүмүүс оршин суугчдыг аюулт бүсээс хол байхыг гуйж байна. Албанаас гаргасан мэдэгдэлд “Гуйя, гуйя, гуйя! Хэрэв та энэ газарт байх шаардлагагүй бол эндээс яв! Одоог хүртэл түймэр идэвхтэй байгаа тул өндөрлөг газарт очоорой. Галын бүсд амьдардаг хүмүүс ой хээрийн бүсд бүү оч. Бидний аврах нисдэг тэрэг та нарыг харахуйц өндөрлөг, задгай талбайд очоорой. Мөн галын бүсд амьдардаггүй байж зүгээр үзэх гэсэн хүн их байна. Тийм аюултай зүйл битгий хийгээрэй" гэв.
Нэргүй 7 цагийн өмнө 174.61.249.140
Los Angeles hezeedee muj bolchiv oo