Сурвалжлага: Иргэдийн худалдан авах чадвар буурч, захууд эзгүйрчээ

Хуучирсан мэдээ: 2025.01.09-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Иргэдийн худалдан авах чадвар буурч, захууд эзгүйрчээ

Сурвалжлага: Иргэдийн худалдан авах чадвар буурч, захууд эзгүйрчээ

Шинэ оны дараа иргэдийн худалдан авах чадвар буурч, зах худалдааны төвүүд эзгүйрчээ. Энэ жил сар шинийн баяр хойшилсон учраас өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад иргэдийн хөл хөдөлгөөн 50-60 хувиар буурсан гэдгийг "Нарантуул" захын худалдаа эрхлэгчид хэлж байлаа.

ИРГЭДИЙН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР МУУ БАЙНА

Хуучин "Нарантуул" зах байхаас эхлээд өнөөдрийг хүртэл тасралтгүй худалдааны бизнес эрхэлсэн Ц.Болдхүү ярихдаа "Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт буурч байна. Сар шинийн баяр дөхсөн өдрүүдэд иргэдийн хөл хөдөлгөөн их байдаг ч энэ жил үнэхээр муу байна. Худалдаа эрхлэгчдийн хувьд өдрийн орлого, зарлагаа давж чадахааргүй болсон. "Нарантуул" захаар тойроод үзвэл үйлчлүүлэгч гэхээс илүү наймаачид л их байна. Сүүлийн жилүүдэд бүх юмны үнэ нэмэгдсэн. Миний хувьд үндэсний үйлдвэрлэгч учраас цаанаа олон төрлийн зарлага гаргадаг. Гэсэн ч энэ жил бараа бүтээгдэхүүнийхээ үнийг 4000-5000 мянган төгрөгөөр л нэмсэн. Баяр дөхөөд ирэхээр худалдан авалт сайжрах байх" гэлээ.

Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд 12-15 хэмийн хүйтэн байна. Харин олон улсын худалдааны төв гэж нэрлэгддэг "Нарантуул" зах дотор үүнээс хоёр дахин хүйтэн байна уу гэлтэй хөл хайрч, хацар жиндэнэ. Энд худалдаа эрхэлдэг хүмүүс ихэвчлэн үстэй дээл, давхар куртик, эсгий гутал өмсчээ. Тэдний хувьд олон жилийн турш энэ газартаа ажилласан учраас хүйтэнд дасчихсан хэмээн хэлж байв. Сар шинийн баяртай холбоотойгоор иргэд ихэвчлэн гутал, малгай, дээл зардаг хэсгүүдээр явах аж. Тэр бүрт худалдаа эрхлэгчид юу сонирхсныг нь асуун, бараагаа танилцуулж байлаа.

"Нарантуул" захад хором гутал 150-180 мянган төгрөг, булган малгай 250-450 мянган төгрөг, хос дээл 700-1.2 сая төгрөг, дан дээл хийц, торго зэргээсээ шалтгаалан 250 мянгаас дээш төгрөгийн үнэтэй байна.

"Гурван жилийн өмнө өдөрт таван ширхэг малгай зараад орлого муу байна гэж ярьдаг байлаа. Харин одоо өдөрт нэг ширхэгийг зарахад их санагддаг болсон. Энд худалдаа эрхэлж байгаа хүмүүс янз бүр л байдаг. Гэхдээ бүгд л гэр бүлээ тэжээх гэж яваа хүмүүс. Орлого муу байгаа учраас олсон хэдэн төгрөг нь өдрийн хэрэглээндээ л явж байна. Олон жил наймаа хийсэн хүний хувьд хэлэхэд иргэдийн худалдан авах чадвар үнэхээр муудсан. Тог цахилгаан татвар гээд бүх юмны үнэ нэмэгдсэн. Гэтэл авч байгаа цалин нь хэвээрээ л байна шүү дээ. Сүүлдээ ажил хийх хүн ч олдохоо байсан юм биш үү. Нийгэм даяараа ядуурахад ойрхон байна" хэмээн худалдаа эрхлэгч Х.Чулуунцэцэг ярилаа.

Үйлчлүүлэгч багатай учраас худалдаа эрхлэгчид хоорондоо хөзөр тоглох, нэгнийхээ лангуугаар зочлох зэргээр өдрийг барж байна.

НАРАНТУУЛ ЗАХЫГ НҮҮЛГЭХИЙГ ДЭМЖИХГҮЙ

Худалдаа эрхлэгч Д.Алтанцэцэг "Өмнөх жилийн нэгдүгээр сартай харьцуулахад иргэдийн хөл хөдөлгөөн 50-60 хувь буурсан гэж хэлж болно. Нэгдүгээр сар шинийн баяр хойшилсон. Хоёрдугаарт иргэдийн санхүүгийн байдал муу байна уу даа гэж харж байна. Нэг нь зарж, нөгөө нь авч байгаа болохоос адилхан л амьдрах гэж яваа хүмүүс шүү дээ. Миний хувьд иргэдийн худалдан авах чадвар муу байгааг төр засагтай л холбож бодож байна. Иргэдээ бодсон бодлого, шийдвэр гэж алга байна шүү дээ. Цалин, тэтгэвэр нэмлээ араас нь татвар нэмэгддэг. Иргэд өрнөөс өрний хооронд л амьдарч байна. Гэтэл дээдсүүд нь амьдралаас тасарсан шийдвэр гаргаад л сууж байдаг.  "Нарантуул" захыг нүүлгэнэ гэж ярьж байна лээ. Энэ шийдвэрийг дэмжихгүй. Энд чинь өчнөөн олон хүний ар амьдрал бий" гэх байр суурийг илэрхийлсэн юм.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж