Буурал тивийнхэн хүчирхэг байлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Буурал тивийнхэн хүчирхэг байлаа


Олон улсын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг байсан хөнгөн атлетикийн дэлхийн цомын тэмцээн энэ жилээс эхлэн Тив хоорондын цомын тэмцээн нэртэйгээр Хорват улсын урд хэсэгт байрлах Сплит хотноо хоёр өдрийн туршид амжилттай болж өнгөрлөө. “Буурал” тивд зохиогдосон учир европчууд энэ тэмцээнд хүчтэй өрсөлдөгчид байсан юм. Дэлхийд нэр алдраа түгээсэн тамирчид улсынхаа нэрийн өмнөөс уралддаг бол тив хоорондын тэмцээнд тив тивийн шилдгүүд нэг баг болон оролцдог нь үзэгчдийн таашаалд бүрэн нийцдэг билээ. Эхний өдөр 20 төрлийн уралдаан тэмцээн болсон бол дараагийн өдөр дөрвөн тивийн шилдгүүд мөн л 20 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Америк болон Европ тивийнхэн алтан медалийн төлөө, Ази, Африк тивийнхний оноо ойролцоо гуравдугаар байрны төлөө өрсөлдсөн гэж болно. Өчигдрийн эхний уралдаан эмэгтэйчүүдийн 100 м халхалттай гүйлтийн уралдаан байсан юм.Энэ төрөлд өрсөлдөөн тун ширүү байж, ялагчийг фотофинишээр тодруулахад Австралийн Салли Пийрсон 12.65 секундын амжилт үзүүлэн түрүүлсэн байлаа. Удаахь байрт зууны нэг дойлын алдагдалтай Америк тивийн Лоло Жонес, гуравдугаарт мөн тус тивийн Пердита Филишен оржээ. Тэмцээний хоёр дахь өдөр нутгийнхаа шилдэг тамирчин Бланка Власичийн хэрхэн харайхыг харахыг хүссэн хүмүүс  цэнгэлдэх дүүрэн цуглаад байлаа. Олимп, дэлхийн аварга Бланка Власич нутаг нэгтнүүдийхээ итгэлийг алдсангүй хоёр метр, 05 см дээгүүр харайж, алтан медаль хүртсэнээс гадна энэ улирлын хамгийн шилдэг амжилтыг үзүүлжээ. Хамгийн ихээр анхаарал татаж байсан эрэгтэй, эмэгтэй багийн буухиа уралдаануудад бүгдэд нь Америк тивийнхэн түрүүлж чадсан ч тэд Тив хоорондын цомын тэмцээнд багаараа аваргалж чадаагүй байна. Эцсийн дүн гархад Европ тивийнхэн 429 оноогоор тив хоорондын цомын эзэд болсон бол тэдний гол өрсөлдөгч Америк тивийнхэн 419.5 оноогоор удаахь байрт, харин гуравдугаарт 292 оноогоор Африк, 286.5 оноогоор Ази тийвийнхэн орсноор тэмцээн өндөрлөсөн юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж